Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эх, хүүхдийн төлөө Засгийн газар цаашид ч тэргүүн ээлжинд анхаарч ажиллана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах
өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээг Чингис хааны
нэрэмжит талбайд “Найрсаг Улаанбаатарын ирээдүй-Өнөөгийн хүүхдээс” уриан
дор зохион байгуулж байна.

Монгол орны хөгжил хөдөлмөрч, махруу,
тэвчээртэй эмэгтэйчүүд, мөрөөдөл хүсэлдээ умбан сурч боловсорч хорвоотой
танилцаж, хэрсүүжиж, ухаажиж яваа хүүхдүүд та бүхнээс хамаарна.
Монголчууд бид олуулаа болж байна. Гурван сая дахь иргэнээ 2015 онд
ёслол төгөлдөр хүлээн авсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг арга
хэмжээнд оролцохдоо хэллээ. Эх, хүүхдийн хөгжил, хамгааллын
тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Хүүхдийн эрхийн тухай,
Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг батлуулснаар сургуулийн өмнөх
боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 2-6 насны хүүхэд эрүүл аюулгүй,
хамгаалагдсан орчинд өсч торних, хөгжих, хүмүүжих боломж бүрдэж, эцэг
эх, асран хамгаалагч нь ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх, гэр бүлийн
хүчирхийллийн аливаа илрэлтэй үр нөлөөтэй тэмцэх эрх зүйн таатай орчин
бүрдлээ.

Хүүхдийг өсгөх, тэдний боловсролыг
дэмжихэд чухал ач холбогдолтой хүүхдийн мөнгийг ямар нэг ялгаваргүйгээр
ахин олгож эхэллээ. Манай улс 16 нас хүртлэх хүүхэд бүртээ сар бүр 20
мянган төгрөг олгож байна. 2015 оны эцсийн байдлаар нийт нэг сая хүүхэд
хүүхдийн мөнгөө авчээ.

2012-2015 онд улсын хэмжээнд 12,735 ор
бүхий 127 цэцэрлэг, 37,760 суудал бүхий 79 сургууль, 4,160 ор бүхий 39
дотуур байр, 33 сургуулийн спортын танхим барьж, ашиглалтад оруулж
боловсролын салбарын хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг
нэмэгдүүлснээр хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчин сайжирлаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн анги, танхимыг ухаалаг
самбараар, багш нарыг зөөврийн компьютерээр хангаж, байгалийн ухааны 400
танхим лаборатори байгуулан сургалтад шинэ технологи, орчин үеийн арга
зүй нэвтрүүлж байна.

Төр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн,
хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг
хамгаалах “Түр хамгаалах байр”-тай болж, хүүхэд хамгааллын чиглэлээр
зөвлөгөө мэдээлэл өгч, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага хүлээн
авах “108 Хүүхдийн тусламжийн утас”-ыг ажиллуулж байна. Эх, хүүхдийн
төлөө Монгол төр, Засгийн газар цаашид ч тэргүүн ээлжинд анхаарч,
бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *