Categories
мэдээ нийгэм

Эрсдэлийг нь эздэд нь үлдээх үү, ЭСВЭЛ…

-ЖИЛИЙН АШИГ НЬ НАЙМАН ТЭРБУМААР ХЭМЖИГДЭЖ БУЙ ҮЙЛДВЭРИЙГ ЧАМГҮЙ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР ХУДАЛДАН АВЧ, ТҮҮНИЙХЭЭ ӨРТӨГ ЗАРДЛЫГ НӨХӨЖ ЧАДНА ГЭЖ ТООЦООЛСОН ХУВИЙН КОМПАНИД ЭРСДЭЛИЙГ НЬ ҮЛДЭЭГЭЭД ТӨР ЗҮГЭЭР Л ХЯНАЛТАА ТАВИАД ТАТВАРАА АВААД ЯВЖ БАЙВАЛ ДЭЭР БИШ ҮҮ-

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан үйл явцад шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаас Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байна. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ намынхаа дарга болсноор сунгаа ч дууслаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “төрд авах нь зүйтэй“ гэсэн саналыг гаргаж, үүнийгээ гишүүдийн санал хураалтаар шийдүүлэхээр зэхэж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт ямарваа “тоормоз”-гүйгээр дараагийн хэлэлцүүлэгт орох нөхцөл бараг л бүрдлээ гэсэн үг.

Харин хувийн хэвшлийн өмчийг “нийгэмчлэх” саналд Ардчилсан намын бүлэг болоод УИХ-ын гишүүд чухам ямар байр суурь баримталж, ямар хариу өгөх бол гэх асуулт ирэх өдрүүдийн хамгийн анхаарал татсан сэдэв байх нь тодорхой биз. Гадны компанийн өмчлөлд байсан томоохон объектыг дотоодын компани худалдан авсан анхны тохиолдол, түүнийг даган үүссэн том асуултад УИХ мөн анх удаа хариулт өгөх гэж байгаа нь энэ.

Нэгэнт УИХ-ын түвшинд саналын томьёолол болж орж ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах” асуудал аль нэг талд шийдэгдэж таарна. Харин “тийм”, эсвэл “үгүй” гэх шийдлийн ард ямар үр дагавар үүсэхийг тооцоолж үзье.

ХУДАЛДАН АВАХ ТОХИОЛДОЛД ТӨСВИЙН АЧААЛАЛ ХЭТ ӨСНӨ

Монгол Улсын Засгийн газар одоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алдаг бүхий төсөвтэй, гуравдугаар сард төлөгдөх ёстой 580 сая ам.долларын бондын өртэй байгаа юм. Чухамдаа “гутал нь хавчсан” мэт өвдөлттэй суугаа Засгийн газарт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлбөр болох 400 сая ам.доллар, худалдан авалтад “гуравдагч этгээд” болсны нэмэлт 100 сая ам.долларыг төлөх санхүүгийн чадавхи хараахан алга гэсэн үг. Энэ тохиолдолд гадаад зах зээлээс хөрөнгө босгох санхүүгийн арга хэрэгслийг, тодруулбал, бонд гаргах арга замыг сонгож болох ч найдвар тун бүдэг.

Гадаад зах зээлд зарлагдах бондын зориулалтыг хөрөнгө оруулагчид чухал хүчин зүйлд тооцдог. Өөрөөр хэлбэл, чухам юунд, ямар үр ашигтай зүйлд хөрөнгө оруулж байгаагаа мэдэхийг чухалчилдаг гэсэн үг. Монголын Засгийн газар хувийн хэвшлийн өмчийг шүүхийн шийдвэрээр бус улс төрийн шийдвэрээр бараг л хураах замаар худалдан авах гэж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид гар сунгах нь юу л бол. Өмчийг нийгэмчлэх үзэл санааг өнөө үед санхүүжүүлэгч олдоно гэдэг эргэлзээтэй.

Гэвч юмыг яаж мэдэх вэ, бонд амжилттай зарагдлаа гэхэд түүний хүү дор хаяж найман хувь байх төлөвтэй байгаа юм. Ирэх гуравдугаар сард төлөх “Засгийн газрын” гэж гадаад ертөнцөд нэрлэгдсэн Чингис бондын хүү 8.51 хувь байгаа жишиг үүнд нөлөөлөхөөс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны эрсдэл үр ашиг ч нөлөөлөх хүчин зүйл болж таарна. Тэгвэл өнгөрсөн оны статистикаар “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг найман тэрбум төгрөг буюу ойролцоогоор гурван сая орчим ам.доллар байв. Энэ тоо чухам ямар хэрэгтэй вэ гэж үү?

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад шаардлагатай 400 сая ам.долларыг бонд барьцаалан доод тал нь найман хувийн хүүтэй зээллээ гэхэд үүний хүү нь лавтайяа 32 сая ам.доллар болж байна. Ойролцоогоор жилийн 80 тэрбум төгрөгийн хүүтэй мөнгө зээлэх хэрэг болно гэсэн үг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр өмнөх оны жишгээр жилийн найман тэрбум төгрөгийн ашигтай ажиллах тохиолдолд хэтэрхий өндөр өртөгтэй “наймаа” болж таарна.

Нэгэнт хувийн хэвшлийнхэн эрсдэлийг нь даана гэсэн “бооцоотой”-гоор мөнгөө гаргаад худалдаад авчихсан байтал 51 хувийн давуу эрхээрээ хяналтыг нь тавиад хамтраад ажиллаж болох атал заавал төр төсөвт жилийн 80 тэрбум төгрөгийн ачаа үүрэн байж худалдан авах ямар хэрэгтэй гэж?! Хэрэв 80 тэрбум төгрөгийг үүнд зарцуулах боломжтой гэж байгаа бол түүгээрээ бизнес санхүүжүүлэхийн оронд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьсан нь илүү дээр баймаар.

ХУДАЛДАН АВАХГҮЙ, ХАРИН ХУРААЖ АВНА

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсны хохирлыг лав одоогоор иргэд мэдрээгүй байна. Хууль зөрчсөн асуудал байж мэдэх ч “хохирогч ь хэн бэ” гэдэгт одоогоор хариулт алга. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдаа хэдийнэ үргээгээд явуулчихсан Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа хууль ёсоор буюу төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр “дээрэмдэнэ” гэдэг нэр хүндийн асуудал болж хувирна.

Дэлхий дээр бүх үнэ цэнэтэй өмчөө төр нь эзэмшдэг цөөхөн улс орон бий. Дэлхий дээр улсаасаа илүү баян компаниуд олон бий. Тэдгээрийн ихэнх нь төрийн мэдэлд бус харин ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани, тэр бүү хэл улс үндэстэн дамнасан корпорациуд байдаг жишигтэй. Тэгвэл Монгол Улс хувийн өмчийг төрд худалдан авсан ч бай, хураан авсан ч бай, чанарын ялгаагүй бөгөөд чухам хаашаа алхаж яваа улс вэ гэдэг эргэлзээг гадаад ертөнцөд, хамтрагчдадаа төрүүлэхээс өөр үр дагавар бараг гарахгүй биз ээ.

Энэ бүх эрсдэлийг тооцоолж байж УИХ-ын гишүүд шийдвэрээ гаргах нь тодорхой биз. Хэрэв “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчиж байгаа бол түүнд нь хариуцлага тооцох нь зөв ч өмчийг эргүүлэн авах нь чухам хэнд ашигтайг хэдэн талаас нь харж үзэх биз ээ.

Жилийн ашиг нь найман тэрбумаар хэмжигдэж буй үйлдвэрийг чамгүй өндөр хүүтэй эх үүсвэрээр худалдан авч, түүнийхээ өртөг зардлыг нөхөж чадна гэж тооцоолсон хувийн компанид эрсдэлийг нь үлдээгээд Төр зүгээр л хяналтаа тавиад татвараа аваад явж байвал дээр мэт санагдана. Хэдий булаалдлаа ч хэн нь ч “Эрдэнэт”-ийг энэ улс орноос үүрээд гарахгүйгээс хойш одоо ойлголцол руу явцгаах хэрэгтэй биш үү?!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *