МАН-ынхан хаа сайгүй л дураараа авирлаж, гэмт хэрэг үйлдэж байна. Тэд “Эрх баригч бидэнд Монголын хууль үйлчлэхгүй. Энэ улсын эзэд нь бид. Ямар ч үйлдэл хийж, яаж ч авирлаж болно” гэсэн шиг л дураараа дургиж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон. Жигшүүрт хэрэгт холбогдоод байгаа талаараа Төрийн ордонд мэдээлэл хийж, оймс, бандаашаа өмссөн тайлсан тухайгаа хүртэл яриад амжсан.
Үүний дараа МАН-ын залуу гишүүдийн нэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын сууж явсан машин Булган аймагт осол гаргаж, 47 настай С.Чулуунхүү гэх иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Н.Номтойбаяр осол гарсан машинаа цагдаа нарт шалгуулж, журмын хашаанд хийлгэлгүйгээр эрх мэдлээ ашиглан шууд аваад явсан. Үүний дараа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хуурай дүү Ц.Баярцогт согтуудаа төрийн цагдааг доромжилж, салаавч гаргасан. Мөн хэл амаар доромжилж, цагдаагийн дарга нар руу утасдаж дарамталсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Түүний сууж явсан машин Ж.Эрдэнэбатын эзэмшлийнх гэдгийг цагдаа нар тогтоож, харин Ц.Баярцогтыг олон нийтийн сүлжээгээр “салаавч” Ц.Баярцогт хэмээн нэрийдэх болсон билээ. Дээрх үйл явдал намжаагүй байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар төрийн ордонд “чи, би”-дээ тулж, хулгайч, хууль зөрчигч, мөрийтэй тоглоомчингоороо дуудалцаж, хуц, солиор гэх мэтээр хараал хэлж, биенийхээ булхай луйврыг ээлжлэн дэлгэлцсэн. МАН-ын угшлынхны зоргоороо зан ингээд намжсангүй. Харин ч бүр даварч энэ сарын 11-12-нд шилжих шөнө НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэр “Castle” баарны үүдэнд сэлэм эргүүлэн танхайрав. Баарны хамгаалагчаас эхлээд тус газарт зогсож байсан залуусыг сэлмээрээ сийчих шахсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаад байна. Муу ёрлож байгаа юм биш, МАН-ынхны энэ мэт авир, хуулийг улан доороо гишгэж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй юм бол хүний амь насанд ч дур зоргоороо хүрэхийг завддаг, хүрдэг байдал энгийн үзэгдэл болж мэдэхээр нөхцөл байдал бүрдчихээд байна. Үнэндээ тэднээс ард түмэн айхаар үйл явдлууд өрнөлөө. Цаашид тэд хэрхэн түйвээхийг мэдэх арга алга.
С.БЯМБАЦОГТЫН НҮД УЛААНААРАА ЭРГЭЛДЭЖ, “ЭНЭ ХОТ МИНИЙ МЭДЭЛД” ХЭМЭЭН ОРИЛЖ СЭЛЭМЭРГҮҮЛЖЭЭ
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэр “Castle” баарны үүдэнд сэлэм барин дайрахдаа “Энэ хот миний мэдэлд” хэмээн орилж байсныг эх сурвалжууд ярьж байна. Тухайн шөнө болж өнгөрсөн үйл явдлын талаар бид сурвалжилж, болж өнгөрсөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Энэ сарын 11-нд буюу хэрэг гардаг өдөр С.Бямбацогт “Arigu Lounge Art” гэх хувийн шөнийн клубээ нээсэн юм байна. Сүүлийн үеийн хөгжим болон бусад төрлийн тоног төхөөрөмжтэй шинэ цэнгээний газрыг тэрбээр хэдэн зуун сая төгрөгөөр “зодож” нээлтийг нь хийжээ. Түүний нээж байгаа шинэ баарны нээлтэд загвар өмсдөг охид, бүсгүйчүүдээс эхлээд олны танил олон хүн уригдаж очсон байна. С.Бямбацогт шинэ баараа нээсэн тэр өдөр UB Palace-ийн концертын их танхимд “Бид бүжиглэсээр байна-Репчелленж” нэртэй шоу тоглолт болжээ. Уг тоглолтод 1990 оны үед бүжиглэж байсан рэп хамтлагууд эргэн нэгдэж нэлээд нүсэр том тоглолт болсон юм байна. Өөрөөр хэлбэл, 1990 оны үед олны танил болж байсан хамтлаг дуучид нэгдсэн томоохон арга хэмжээ болсон аж. Дээрх шоу тоглолтын үргэлжлэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Castle” шөнийн клубт “Rap Challenge after party” гэх нэртэйгээр үргэлжилсэн байна. С.Бямбацогт шинэ баарны нээлтээ хийж дуусаад шууд дээрх шөнийн цэнгээний газар руу очсон байна. Ингэхдээ нэлээд давлиун, согтуу байсан гэнэ. Тус баарны хамгаалагчид С.Бямбацогтыг баар руу оруулаагүй байна. Баарны хамгаалагч нар, хэргийг шалгаж байгаа цагдаа нарт өгсөн мэдүүлгээр “С.Бямбацогт манай бааранд согтуу ирсэн. Гуйвж дайваад байсан болохоор “Манай баар согтуу хүнд үйлчлэхгүй. Энд зөвхөн урилгатай зочид орж байгаа” гэж хэлээд оруулаагүй. С.Бямбацогт дотогш оруулахгүй болохоор маш их уурлаж элдэв янзын хараал хэлсэн. “Та нарыг эргэж ирээд ална за юу. Муусайн гөлөгнүүд намайг оруулахгүй гэдэг нь юу вэ” гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа буюу 01:00 цагийн үед гурван машинтай залуус дагуулсаар “Castle” баарны үүдэнд ирсэн байна. Тэрбээр “ДК” буюу дипломат корпусын дугаартай хар өнгийн “Ланд 200” маркийн автомашинаас гартаа сэлэм барьсаар бууж ирсэн. Мөн “Lexus-470”, “Toyota prius” маркийн машинтай 12 залуу хамт ирсэн” гэжээ.
С.Бямбацогт шууд баарны хамгаалагчийн нүүр рүү цохиж аваад “Бүгдийг чинь ална шүү. Гөлөгнүүд минь та нар юу юм бэ. Ална аа” хэмээн орилж хашгирчээ. Бүр хамт явсан залуустаа хандан “Та нар юугаа хийгээд байгаа юм бэ. Бүгдийг нь алаад өг” гэж хашгирч “Энэ хот өнөө шөнө миний мэдэлд” хэмээн орилсоор байжээ. Ийн дээрэнгүй загнаж байхдаа баахан хараал урсгаж, нүд нь улаанаараа эргэлдэн, амнаас нь цагаан хөөс сахарч байсан гэнэ. С.Бямбацогтыг дагаж ирсэн 12 залуу машинаас бууж ирэнгүүтээ тус баарны үүдэнд зогсож байсан жирийн залуусаас эхлээд тааралдсан хүн болгоныг нүүр нүдгүй цохьсон байна. Ингээд баар руу бөөнөөрөө орцгоожээ.
“ХАМГААЛАГЧИД БЭРТЭЖ ГЭМТЭЭГҮЙ, БААРНЫ ЭД ЗҮЙЛС ЭВДРЭЭГҮЙ БОЛОХООР ЦАГДААД ГОМДОЛ ГАРГААГҮЙ” ГЭВ
С.Бямбацогт “Castle” шөнийн цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлэн танхайрсан талаар тус баарны менежерээс тодрууллаа. Тэрбээр “Манай баар арван хамгаалагчтай. Энэ сарын 11-нд тоглолт болсон юм. Шөнийн 01:00 цагт тоглолт эхэлсэн байдаг. Харин тоглолт эхэлснээс хойш маргаан үүссэн юм билээ. Манай клубт ямар нэгэн хохирол учраагүй. Клуб рүү үйлчлүүлэгч сэлэм ч юм уу эсвэл өөр төрлийн ямар нэгэн зэвсэг авч орох ямар ч боломж байхгүй. Учир нь манай клубээр үйлчлүүлэхээр ирж байгаа бүх хүн рентген туяагаар шалгуулдаг. Энэ нь дотогш ямар нэгэн зэвсэг нэвтрэхээс сэргийлдэг гэсэн үг. Клубын хувьд аюулгүй арга хэмжээ нь ийм өндөр зэрэглэлд байдаг юм. Хэн нэгэн гартаа зэвсэг бариад клуб рүү дайраад орох гэвэл ямар ч газрын хамгаалагч эсэргүүцнэ шүү дээ. Үүнээс болоод л манай клубын үүдэн дээр асуудал гарсан. Бид энэ талаар нийгмийг цочирдуулсан айхтар сүртэй мэдээлэл өгье гэж бодохгүй байна. Яагаад гэхээр манай хамгаалагчдын хувьд сүртэй бэртэл гэмтэл аваагүй. Сэлмээрээ хүмүүсийг заналхийлж, сүрдүүлсэн. Манай хамгаалагч нар С.Бямбацогт гээд сэлэм барьсан залууд ямар нэгэн гомдол гаргаж, цагдаад мэдэгдээгүй. Шөнийн клуб учир иймэрхүү зөрчил өдөр бүр л гарч байдаг. Гэхдээ мэдээж элдэв зэвсэг хэрэглэсэн зөрчлүүд үргэлж гардаг гэж ойлгож болохгүй. Дээрээс нь бид албан байгууллагынхаа нэрийг гаргаад байхыг хүсэхгүй байна” гэв.
ЦАГДАА НАРААС ЗУГТААЖ, АМРАЛТЫН ГАЗАР ОЧООД НЭГНИЙГЭЭ ХУТГАЛСАН БАЙНА
Баарны хамгаалагчид С.Бямбацогтыг сэлэм эргүүлэн танхайрах үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвтэй холбогдож дуудлага өгсөн байна. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу иржээ. С.Бямбацогт цагдаа нар ирж байгаа сургаар хамт ирсэн залуусаа аваад зугтаасан байна. Баарнаас гараад хотын төвөөр хурд хэтрүүлэн давхисаар Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривербич” гэх нэртэй амралтын газарт очжээ. Хамт явсан залуустайгаа архидаж байгаад мөн л муудалцсан байна. Улмаар дээрх амралтын газрын үүдэнд 06:00 цагийн орчимд зодолдсон гэнэ. Ингэхдээ мөн үүдэнд нь зодолджээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн нэгэн алба хаагч “Манай цагдаагийн хэлтэст хүн хутгалуулчихлаа гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу хэргийн газарт манай хэлтсийн эргүүлийн цагдаа нар очсон. Биднийг очих үед 20 гаруй насны нэг залуу баруун далныхаа дээд хэсэгт хутгалуулсан. Мөн Б гэх 28 настай залуугийн тархи хагарсан байсан. Мөн нэг залуугийн гарын шууны яс нь хугарсан байсан. Бид Яаралтай түргэн тусламжийн төвийн эмнэлэгт гэмтсэн иргэдийг хүлээлгэн өгсөн. Харин тэнд байсан найман хүнийг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Ингээд хэрэг бүртгэл хийгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Гэсэн ч хохирогч нар гомдолгүй хэмээн мэдүүлсэн байна лээ. Баянгол дүүрэгт гарсан хэрэгтэй нийлүүлж, манай хэлтэс С.Бямбацогт нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
“ДК” УЛСЫН ДУГААР ХУДАЛДААЛДАГ ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ С.БЯМБАЦОГТЫН ХЭРГЭЭР ИЛ ГАРАВ
С.Бямбацогтын танхайрч байгаа дүрс бичлэгээс харахад “ДК” буюу Дипломат корпусын дугаартай машин унаж явсан нь тодорхой харагдаж байгаа. Мэдээж “ДК” улсын дугаарыг манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын газруудад өгдөг. Мөн “ДК” улсын дугаартай машиныг нэн шаардлагагүй үед зогсоож шалгахыг хуулиар хориглодог. Тэгвэл хамгаалалтын компанийн захирал С.Бямбацогт аль улсын нэр дээр “ДК” улсын дугаар авсан бэ. Энэ талаар бид сурвалжиллаа. Замын цагдаа нарын өгч байгаа мэдээллээр манай улсад суугаа Элчин сайдын яамдаас Гадаад харилцааны яаманд “ДК” улсын дугаартай автомашин эзэмших хүсэлт өгдөг. Үүний дагуу Гадаад харилцааны яам Автотээврийн газарт улсын дугаар олгохыг зөвшөөрсөн бичиг хүргүүлдэг. Энэ дарааллаар “ДК” номер авдаг аж. Тэгвэл “ДК” номер өндөр үнээр худалдаалдаг сүлжээ гэмт хэргийн сэжүүр С.Бямбацогтоос хөвөрч эхэлжээ. “ДК” номер хууль бусаар бусдад худалдаалдаг гэмт хэрэгт Автотээврийн газар, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яаманд ажиллаж байгаа манай улсын иргэд холбогдож магадгүй байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. Монголд хууль үйлчлэхгүй байгаагийн тод илрэл нь мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хүссэн юмаа хийж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
АХЫНХАА ДАЛБААН ДОР ХЭРГЭЭС “МУЛТАРДАГ” С.БЯМБАЦОГТ МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ, ТАНХАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙЖЭЭ
Самданнямын Бямбацогт нь 1987 оны гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн юм байна. Эрхзүйч мэргэжилтэй нэгэн аж. 2012 онд хууль бусаар мөрийтэй тоглосон хэрэгт холбогдож шалгагдаж байжээ. Шүүхээс түүнд ямар нэгэн хорих ял оноолгүй үлдээж байсан аж. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр “Луу гүн” жолооны курсын барилга дотор мөрийтэй тоглож байгаад 2012 оны тавдугаар сарын 23-нд баригдсан байна. Тэд мөрийтэй тоглож байгаад мөнгө өгч авах дээрээсээ болж муудалцан зодолдсон байна. Үүнээс болж цагдаад баригдаж шалгагдсан байна. Б.Баасанпүрэв, Ө.Энхзориг, Е.Баянмөнх, Н.Батцэнгэл, Х.Амартүвшин, Б. Намжилгомбо нарын хамт цагдаад шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн байна. Мөрийтэй тоглоом, танхайн хэрэг шүүхийн шатанд замхарч, ял шийтгэл өгөлгүй үлдээсэн байдаг гэнэ. Мөн танхайн хэргээр буюу бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэргээр цагдаад хэд хэдэн удаа шалгагдаж байсан гэнэ. С.Бямбацогтын ах НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “ VIP security” хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулж байжээ. НИТХ-ын төлөөлөгч болоод өөрийн төрсөн дүү С.Бямбацогтод компаниа шилжүүлэн өгсөн байна. Ахынхаа эхлүүлсэн бизнесийг өвлөн авч үргэлжлүүлж байгаа С.Бямбацогтын дор хамгаалалтын 120 гаруй залуу ажиллаж байгааг эх сурвалж онцолж байв. Мөн С.Бямбацогт архидан согтуурах бүртээ агсан согтуу тавьж, хамт явж байгаа найз нөхдөө зодож танхайрдаг гэнэ. Цагдаа нар хэргийг шалгадаг. Гэсэн ч ахын буянд үйлдсэн хэргээ “сэгсрээд” уснаас хуурай гараад ирдэг байна. Нэг аймаар зүйл нь С.Бямбацогт өөрийн компанийн мэдэлд байдаг 120 залуугаа дагуулан хотын шөнийн амьдралд маш идэвхтэй оролцдог бололтой. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Улаанбаатар хотын шөнө бол ямар ч эзэнгүй болж, төрийн хяналтаас гарч, эрх мэдэл бүхий ахтай, аавтай ойворгон, мөнгөтэй залуусын хяналтад ордгийг С.Бямбацогтын өөрийн мэдэлд байдаг булиа залуусаа дагуулан нийслэлийн аль ч хэсэгт, юу ч хийж болдог болсон энэхүү тод жишээнээс монголчууд харлаа.
ЦАГДАА: УЛС ТӨРИЙН ХЭРЭГТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ
С.Бямбацогтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, харин 2.4 дүгээр хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу шалгаж байгаа аж. Мөн бусдыг амь нас эрүүл мэндэд заналхийлж, хутгалж, чулуугаар толгойг нь хагалсан хэрэгт давхар шалгагдаж байгаа аж. Дээрх хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаа нар ихэд нууцалж байгаа гэнэ. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хориглосон гэнэ. Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нөлөөлсөн байж болзошгүй байгаа гэнэ. Үүнээс болж ЦЕГ-ын алба хаагчид “Улс төртэй холбоотой хэрэгт бид мэдээлэл өгч болохгүй. Энэ хэргийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй байх үүрэг чиглэл өгсөн” хэмээн ярьж байлаа. Хэргийн талаар С.Бямбацогтын ах НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун мэдээллийн сайтуудад “Хятадууд монголчуудыг дээрэлхсэн асуудал гарсан байна лээ. Үүнээс болоод үл ойлголцол үүссэн гэсэн. Сэлэм нь жинхэнэ биш. Хуванцар сэлэм байсан байна лээ” гэх мэтээр ярилцлага өгч, түүнийгээ хэдэн цагийн дараа устгуулсан байгаа юм. Мөн дээрх хэрэгтэй холбоотой бичлэг, мэдээллийг өчигдөр мэдээллийн сайтуудаас устгуулж, их хэмжээний мөнгө тараасан гэх мэдээлэл байгаа юм. Ингэж л МАН-ынхан дээр дооргүй аархаж, омгорхож байна. Тэд бүх зүйлийг гартаа атгаж, хуулийг улан доороо гишгээд явж болно гэж андуурч эндүүрч байгаа бололтой.
ЦАГДАА РУУ САЛААВЧ ГАРГАСАН Ц.БАЯРЦОГТОД 15 ХОНОГИЙН ЯЛ ОНООЛОО
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд өнгөрсөн есдүгээр сарын 21-нд “Land cruiser 200” маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн үед замын цагдаа Б.Отгонбаатар уг автомашиныг зогсоож, жолоочийн баримт бичгийг шалгасан билээ. Ингэхэд Ц.Баярцогт гэх этгээд “Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна” гээд хэл амаар доромжилж, цагдаа руу салаавч гарган танхайрсан байдаг. Мөн цагдаа автомашины дуут дохионы зөвшөөрлийг нь шалгахад бичиг баримтын зөрчилтэй байсан.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж, Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингээд Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлжээ. Прокурорын дүгнэлт гарах хүртэл олон нийтийн газар танхайрсан этгээдийг 48 цагийн хугацаанд хорьж, саатуулаад байв.
ЦАГДАА РУУ САЛААВЧ ГАРГАСАН Ц.БАЯРЦОГТЫН ТОРГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Харин прокурорын байгууллага хэргийг хянаад цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон. Тодруулбал, Прокурорын байгууллагаас Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “Олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас оногдуулсан мөнгөн шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг гаргажээ. Ингэснээр дахин өөр шийтгэл оногдуулах санал гаргасан тухайгаа нийслэлийн Прокурорын газрын хэлтсийн дарга А.Цэрэнсодном тайлбарласан. Прокурорын байгууллагаас тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн байдаг. Иймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах эсэхийг тусад нь шалгахаар шүүх өнгөрсөн аравдугаар сарын 3-нд шийдвэрээ гаргасан. Зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдсэн юм.
Ц.БАЯРЦОГТ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТ 14 ХОНОГ СААТУУЛАГДСАН НЬ
Тэрбээр дээрх хэрэгт холбогдохоосоо өмнө Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйл буюу “Хууль бусаар ашигт малтмал олборлох” хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байжээ. Тухайлбал, Ц.Баярцогтын холбогдсон залилангийн хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр анх болжээ. Тухайн үед Ц.Баярцогт батлан даалтад гаргаж өгөхийг шүүхээс хүссэн гэнэ. Хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн шүүх хүлээн авч, батлан даалтад гаргасан гэв.
Мөн тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Чингэлтэй дүүрэгт иргэн А-г гэмтээж, эрүүл мэндэд нь хохирол учруулж байжээ. Ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тухайгаа нуун дарагдуулж, шүүхэд худал мэдүүлэг өгсөн аж. Ингээд Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Баярцогтыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргаж, цагдаа руу салаавч гаргасан үйлдлийн дараа түүнийг саатуулсан юм.
Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд хэлэлцэх тов гаргасан. Энэ үеэр шүүгдэгчдийн нэг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул өнгөрсөн аравдугаар сарын 18-ныг хүртэл хойшлуулав.
Ц.БАЯРЦОГТОД 15 ХОНОГИЙН БАРИВЧЛАХ ЯЛ ОНООВ
Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 13:30 цагт боллоо. Шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногт болох байсан ч хойшилсон. Учир нь зөрчилд холбогдогч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй байжээ. Тухайн үед зам хаагдсан, машин эвдэрсэн гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй юм байна.
Өчигдөр шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж явуулсан юм. Ингээд зөрчлийн шүүх хуралдааны шийдвэр гарав. Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон байна. Иймээс хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан гэв. (Өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцсон)
Ц.Баярцогт цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй гэж татгалзаж, маргахдаа “Танай цагдаа намайг зогсоочихоод байна” хэмээн цагдаагийн хурандаа нар руу ярьсан нь бичлэгт үлдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт хийж, Замын цагдаагийн албаны хоёр, Иргэдэд үйлчлэх төвийн нэг хурандаагаас тайлбар авчээ. Тэр үед Замын цагдаагийн албаны хурандаа “Чиний буруу, уучлал гуйгаад явахаа бод. Манай алба хаагчтай ёс зүйгүй харилцсан асуудалд чинь би тусалж чадахгүй” гэж хэлсэн талаараа мэдүүлжээ. Харин Иргэдэд үйлчлэх төвийн хурандаа тусгай дуут гэрэл дохионы зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар өгсөн байна.
Тусгай дуут дохиог яагаад банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй машинд олгосныг нягтлахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн байхдаа 17-93 УБҮ улсын дугаартай “Land cruiser-200” машинд цэнхэр өнгөтэй гэрэл ашиглах зөвшөөрөл авсан байсан нь тогтоогджээ. Ц.Баярцогтод машиныг шилжүүлэхдээ тусгай дуут дохионых нь зөвшөөрлийг цуцлуулаагүй байсан гэсэн мэдээлэл бий.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТОЙМЧДЫН АЛБА