Categories
мэдээ цаг-үе

Эрдэнийн аялгууг эгшиглүүлэн урлагчийн урланд өнжсөн нь

Монголд гуравхан байдаг басс эвэр бүрээг урласан хөгжим урлаачтай уулзаж нэг өдрийг нь сурвалжлахаар манай улсын анхны хөгжмийн хувийн үйлдвэр “Эгшиглэн магнай” компанийн байрыг зорилоо. Энэхүү үйлдвэрийн эзэн, урласан бүтээл бүр нь уянгалаг хөг эгшгийг дуурсгах шидтэй эрхэм бол манай хуучны цөөн хэдэн урлаачдын нэг Пүрэвдаваагийн Байгальжав юм. Эдний үйлдвэрийн байр 32-ын тойргийн баруун дэнжид Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн хажууд байх ажээ.

Бид уг нь хөгжим урлаачийн гэрт өнжихийг зорьсон ч П.Байгальжав гуайн урьсан газар нь хөгжим урлаачийн үйлдвэр болж таарлаа. Нэлээд том зайтай хашаан дотор гурван давхар саарал болон хоёр давхар улаан тоосгон тохилог байшин угтан авлаа. Гаднах өнгө үзэмж нь үйлдвэр гэхээсээ илүү нэлээд том хаустай айл юм уу гэж харахаар.

П.Байгальжав захирлыг сурагласаар саарал байшингийн хоёр давхрын “Урлан-1” гэсэн өрөөнд оров. Энд гурав, дөрвөн хүн дор бүрнээ гартаа юм барьчихсан ажилдаа шамдан сууж байна. Биднийг ороход П.Байгальжав “За, хүрээд ирсэн үү. Түр хүлээж байгаарай” гээд барьж байгаа ажлаа дуусгахаар яаравчлав. Тэрбээр шүдэнзний модны дайны урттай, савх шиг хэдэн мод зорж сууна. Бодвол ямар нэг хөгжмийн эд ангийг урлаж байгаа бололтой. Өнөөхөө гялс зорж, янзалж дуусчихаад, ажлын хормогч, бээлийгээ тайлан, мэнд амар мэдэлцээд “Ах нь нэг иймэрхүү л ажилтай сууж байна даа. Та хэд заавал гэрт очих байсан уу. Өдөр болгон ажилд дараастай байдаг болохоор ажлаа орхиод гарч болохгүй юм даа. За тэгээд ах нь юуны талаар ярих билээ” гэлээ. Тэрбээр бидэнтэй ярьж байхдаа ч зүгээр сул зогсч, сууж чадахгүй хүн юм. Ярингаа хажуу талын нэг ажилчны янзалж байгаад орхисон хуучирны царыг нь шалгах, гаднаас нэг том бөмбөр оруулж ирээд цуурсан ангархайг нь хэрхэн наахаа ажиглах, ажилчдынхаа хийж байгаа юмыг нэг бүрчлэн хянаж шалгах гээд үргэлж завгүй байх аж.

Зураачийн урланд зочлоход олон янзын будаг, өнгө, үнэр, эрээн мяраан зураг, хуйлсан муутуу цаасны үнэр үнэртдэг бол хөгжим урлаачийн урлангаас шинэхэн модны үнэр, лак, модны холтос, хөгжмийн утас, шинэхэн хөгжмийн үнэр үнэртдэг аж. Гэхдээ зураг зурдаг ч бай, баримал барьдаг ч бай, хөгжим урладаг ч бай уран бүтээлчдийн урлангаас нэг ижил төстэй зүйл ажиглагддаг юм байна. Хэрэв өмнө урланд зочилж байсан бол анзаарсан байх, баригдмал бус чөлөөт орчин, хэний ч биш тухайн уран бүтээлчийн оюун бодол дахь төсөөллийн уран бүтээлээ амь оруулах орон зай, ширээн дээр хөглөрөх эд зүйл, бал, харандаа, элдэв жижиг сажиг цүүц, ажлын багаж, зэмсэг, нүдний шил, загвар скиз зураг, дутуу орхисон бүтээл, лак, бийр багс. Уран бүтээлчид хэрэгтэй эд зүйлс, урланд юу байдаг тэр бүгд байна. Мөн лак нь үнэртсэн, хэний ч гар хүрээгүй, ямар ч ая эгшиг тоглоогүй шинэхэн хөгжмүүд эздээ хүлээн ярайн жагсчээ. Тэд хожмоо ямар уран бүтээлчийн гарт хүрч, ямар ая эгшгээр олны сонорыг мялаахыг таашгүй.

П.Байгальжав гуай том тогооны хэрийн тойрогтой нэлээд зузаан бөмбөрийг хэрхэн янзлах талаар ажиглаж байснаа нэг хүнд зааварчилгаа өгөөд биднийг хажуу талын “Урлан-2” өрөөнд дагуулан орлоо. “Урлан-2” өрөөнд хоёр оффисын ширээ нийлүүлсэн хэрийн том том модон хавтан ширээнүүдийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Энд арав гаруй залуу өөр өөрсдийн ажлын ширээн дээр суун шамдан ажиллаж байна. Тэдний ширээ болгон дээр өнөөх л цүүц, ухдаг, хөшдөг, сийлдэг, цохидог, наадаг багаж зэвсгүүд байх юм. П.Байгальжав урлаач нийтдээ 50 гаруй хүнийг сургаж, үйлдвэртээ ажиллуулж байна. Тэдний ихэнх нь мэргэжлийн сургуулиар явалгүй, П.Байгальжав ахын сургалт зааврын дагуу, практик дадлагаар хөгжим урлаж сурчээ. Энэ өрөөнд орж ирээд тэрбээр мөн л зүгээр байсангүй. Нэг морин хуурын толгой авч сийлэх, нөгөө ширээн дээрх хуучирны царыг нь тааруулж зурах, өөр нэг хуучирны утсыг нь шалгах зэргээр явна. Тэгснээ ширээн дээр байсан ятгархуу, тэгсэн атлаа их зузаан, богинохон хөгжим аваад хажуудах сандал дээр суугаад утсыг татан ая оруулж үзлээ. Би ихэд сонирхон “Энэ бас нэгэн төрлийн ятга уу” гэж асуухад “Ер нь тийм гэхүү дээ. Нөгөө Авьяаслаг монголчууд шоунд ороод байсан лимбэчин Т.Пүрэвбаатарт зориулж хийсэн юм. Одсүрэн багш ятга зааж өгнө гэсэн юм билээ. Тэгээд надад захиалаад, би хандивлах гэж байгаа юм. Зүүн гар нь мухар болохоор дарж тоглоход амрыг нь бодож нэг талыг нь ийм зузаан пандгар хийсэн. Бас суумгай хүн шүү дээ. Тиймээс ийм богинохон байгаа юм. Түүнээс ийм богинохон, пандгар ятга өөр байхгүй л дээ” гэлээ.

Би П.Байгальжав ахаас “Гэргий тань байгаа юу. Энд ирэх боломжтой юу” гэхэд “Байгаа байгаа. Зуун айл руу түр явчихсан байна. Манайхан чинь энэ үйлдвэртээ л бараг бүтэн ам бүлээрээ цугладаг юм шүү дээ” гэсээр эхнэр рүүгээ утас цохилоо. Байгальжав ахын хүүхдүүд бүгд их, дээд сургууль төгссөн ч эцгийнхээ үйл хэргийг залгамжлахаар үйлдвэртээ хувь нэмэр оруулан ажилладаг аж.

Тэрбээр гэргий рүүгээ ярьчихаад хэдүүлээ манай өрөө юм уу, зааланд орж ярих уу гэлээ. Нэг давхарт нь ажилчдын цайны газар, урлагийн заал, П.Байгальжав захирлын өрөө байдаг юм байна. Харин хоёрдугаар давхарт хоёр урлан, санхүүгийн өрөө байдаг ажээ.

Урлагийн зааландаа баруун талын ханаараа битүү шилэн нүүртэй сервант тавьсан байх бөгөөд түүн дотор П.Байгальжав болон эдний хамт олны авсан шагнал, өргөмжлөл, талархал, ховор хөгжмийн зэмсэг, сувинер байх юм. Харин хоймор болон зүүн ханаараа олон төрлийн хөгжим өлгөж их тохилог тохижуулжээ. Ер нь эдний үйлдвэр, П.Байгальжав ахын орчин тойрон, харьцаж байгаа хүмүүс бүгд хөгжмийн ертөнц ажээ.

П.Байгальжавын гэр бүлийнхэн

Тэнд бид түүний гэргий Ч.Оюунчимэг эгчийг хүлээнгээ амттайхан яриа өрнүүллээ. П.Байгальжав ах хөгжим урлалыг цэвэр практикаар, өөрийн дур сонирхол дадал, туршлагаар сурчээ. Олон адуутай адуучин аавын хүү болж төрсөн тэрээр мал дагаж, зургадугаар ангиасаа сургуулиа орхисон байна. Харин 1976 онд говь нутгаас цэрэгт татагдаж, тэндээс халагдсаныхаа ард 21 насандаа Шарын голын уурхайд цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр ажиллах болжээ. Онолоор олж авсан мэргэжил гэвэл үүнийг хэлж болох аж. П.Байгальжав ахын төрсөн нутаг нь Өмнөговь аймаг. Тэр багаасаа аливааг оролдох, урлах, ажиглах дур сонирхолтой байснаас гадна ээж болон нагац ах нарын талаас уламжилсан гарын дүй заяажээ. Анх 1974 онд 16 настай байхдаа нагац ахаараа заалган хэдэн өдөр нухаж байж анхны морин хуураа хийж үзжээ.

“Шарын голын уурхайгаас би их юмаа олж авсан даа” хэмээн тэрээр дурссан юм. Тэндээс л ажлын гараагаа эхэлж, гэргийтэйгээ танилцан голомтоо бадрааж, ууган хүүгээ тэнд өлгийдөн авч, мөн өөрийгөө олжээ. Цэргээс халагдаад Шарын голын уурхайд очсоны дараа ч багын юм оролдох сонирхол нь тайван байлгахгүй хатгаад байсан аж. Энэ л үед эхнэртэйгээ танилцсан бөгөөд удалгүй 1986 онд том хүү нь ч төрж. Хүүхдийн даавуу угаах долоо хоногийн чөлөөний далимаар “жинхэнэ” морин хуур хийж үзмээр санагдаад долоо хоног нэг хуур барьж суужээ. Өдрийн талд нь хүүхдээ авалцаж, даавуу базан, талд нь хөгжмөө нухаж суусан байна. Хийсэн хуур нь ч болмоор санагдаж, ингэж л өөрийнхөө хийх ёстой жинхэнэ ажлыг олжээ.

1989 онд Д.Индрээ багшийн дагалдангаар ажиллаж байх үе үе

Шарын голын уурхайн соёлын төвд ажлынхаа хажуугаар сайн дурын уран сайханч хийж байсан тэрбээр хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, эхнэр хүүхдийнхээ араас 1989 онд хот руу орж иржээ. Хотод орж ирсэн тэр жилээ Улсын үндэсний хөгжмийн урлал, засварын комбинатад Төрийн соёрхолт хөгжим урлаач Д.Индрээ багшийн шавиар орж их зүйлийг заалгаж нүд тайлсан байна. Мөн тэр жилээ анх удаа морин хуур урлаачдын наадамд оролцсон нь түрүүлж, түүнээсээ их урам зориг авчээ. Жамъян хуурчийн 70 насны ойд зориулсан тэрхүү наадамд түрүүлсэн хуур нь одоо Театрын музейд хадгалагддаг байна. Тухайн үед үндэсний хөгжим урлалын үйлдвэрт ажиллаж байсан цөөн хэдэн хүн одоо бараг бүгд хувиараа хөгжим урлаж байгаа аж. П.Байгальжав Д.Индрээ багш дээр ирэхдээ анх эвэр бүрээ хөгжим урлах ажил дээр томилогдож ажиллажээ. Энэ ч үүднээс тэрбээр Монгол Улсад гуравхан байдаг басс эвэр бүрээг урласан юм.

Улсын үндэсний хөгжмийн урлалын үйлдвэрт ажиллаад удаагүй байтал нийгэм өөрчлөгдөн ардчилал гарч, улмаар 1990 оны намар үйлдвэрээсээ гаран бусдын адил хувиараа юм хийхээр оролдож эхэлжээ. Ийнхүү 1991 онд гэр бүлийнхээ хамт гэрийн үйлдвэрлэл явуулж “Эгшиглэн” хэмээх нэр өгөн бизнесийн гараагаа эхлүүлсэн нь өнөөгийн “Эгшиглэн манлай” компанийн суурь болсон гэнэ. Хэдийгээр тэр үед зах зээл хүнд хэцүү байсан ч удалгүй үндэсний соёл, урлаг улам илүү сэргэх болж худалдан авагчид ч нэмэгдсэн байна. Энэ хэрээр үйлдвэрлэлээ тэлэх, өөр ажилчид авах шаардлага гарчээ. Тэр үеийн талаар П.Байгальжав “Өдрөөс өдөрт нэг, хоёр шавьтай болж, хөгжмийн тоо, зэмсгүүдийн төрөл ч нэмэгдсэн. Бид нар ч энэ хэрээр өөрсдөө суралцаж, хийх хөгжмийн төрлүүдээ олшруулан, 2000 оны заагаар хөгжмийн зэмсгийн дэлгүүрээ нээсэн. Шантрахгүй, үнэнчээр зориглож ажиллавал хөгжим урлаач хүн гал алддаггүй юм билээ” хэмээсэн. Одоо эднийх хөгжимтэй холбоотой бүхий л эд зүйл, тухайлбал, хөгжмийн сурах бичиг, СD, ном, түүхий эд, сав баглаа, материал гээд бүгдийг нь оруулж ирдэг болсон байна. Мөн хөгжмийнхөө уут, сав баглаа боодол, хөгжмийн зэмсгийн сувинер гээд бүгдийг өөрсдөө урлах шаардлага гарчээ. Морин хуур, хуучир, ёочин, ятга, шанз, цохивор хөгжим, эвэр бүрээ, бишгүүр, лимбэ, бөмбөр гэх мэт арав гаруй төрлийн хөгжим урлахаас гадна, их дунд, бага гарын төрлөөсөө хамаараад хорь гаруй төрлийн хөгжим бүтээж байна. Хамгийн олноор үйлдвэрлэдэг нь морин хуур аж. Тэрбээр “Хөгжим урлаач хүн “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол зүйр үгийг ягштал баримтлах ёстой. Хэрвээ хөгжмийн зэмсэг урлах явцдаа нэг мм-ийн зөрүү гаргавал олон өдөр хичээж хийсэн ажил нь талаар болно” гэсэн юм. Тиймээс ч П.Байгальжав хөдөлгөөн бүрээ хянаж, шамдан ажилладаг байна. Морин хуур зэрэг айхтар нарийн ажиллагаа шаарддаггүй хөгжмийг шат дамжлагаар хийдэг бол мэргэжлийн нэлээд өндөр чадвар шаарддаг хөгжмүүдийг сайн урлаачид нь бие дааж, ганцхан хүн барьж хийдэг ажээ. Тухайлбал, эвэр бүрээ, ятга, басс бүрээ зэрэг ажиллагаа их шаарддаг, даралтуудыг нь дархны аргаар гагнаж хийдэг хөгжмүүдийг зөвхөн нэг л хүн бие даан хийх хэрэгтэй болдог байна. Анх Д.Индрээ багшаасаа эвэр бүрээ урлах эрдмийг сурсан болоод ч тэр үү тэрбээр эвэр бүрээ хийхэд их ач холбогдол өгч, гарын ганц, хоёр шавьтай болжээ. Хөгжим урлаачдын хувьд эвэр бүрээг хийх нь их онцлогтой гэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Алтайн ятгыг өргөн барих үеэр

Энэ мэт хөгжим урлал, хөгжмийн талаар сонирхолтой яриа өрнүүлэнгээ түүний үзмэрүүдтэй танилцлаа. Тэрбээр нэгэн зурагт самбарын өмнө биднийг дагуулан очив. Энд П.Байгальжав урлаачийн урласан сонирхолтой хөгжмүүдийн зураг хөргийг тайлбарын хамт байршуулжээ. Манай археологичид 2007 онд Монгол Алтайн нуруун дахь Хүннүгийн үеийн нэгэн булшнаас маш сонирхолтой хөгжмийн зэмсэг олсон нь “Алтайн ятга” билээ. Өвөрмөц хийц урлалтай, Монголын археологийн дурсгалаас өмнө нь илэрч байгаагүй тэрхүү хөгжмийн зэмсгийг дахин амилуулан урласан хүн нь П.Байгальжав урлаач аж. Харин дахин сэргээн засварлах ажлыг Германд хийж байсан юм. Тэр үед Байгалийн түүхийн музейд олонд дэлгэсэн болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьж байсан үеийн сонирхолтой зургууд тус самбарт өлгөөтэй байв. Энэ тухай нь түүгээр яриулсан юм. Энэхүү хөгжмийг шинэчилж, эвэр зохиож шинээр хийх ажлын саналыг 2014 онд Монголын хөгжмийн товчооны тэргүүн Ганпүрэв анх тавьжээ. Ийнхүү түүний саналыг хүлээн авч шинээр эвэр зохион хэд, хэдэн Алтайн ятга урлаж, Үндэсний түүхийн музей, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хөгжимчдөд гардуулж байжээ.

Мөн үүний дараагаар XIII зууны үеийн олдвороос олдсон Төрийн босоо ятгыг дахин урлах ажлыг П.Байгальжав урлаач гурван янзын чавхдаст утастайгаар бие даан урласан байна. Түүнчлэн 2011 онд Чингис хааны талбайд тоглосон Завхан аймгийн 999 морин хуурчийн хуурнууд гээд маш олон дурсгалт, түүхэн үйл явдалтай холбоотой хөгжим урлажээ.

Хөгжим урлаж эхэлсэн цагаас тэрбээр нийтдээ 21 мянга гаруй хөгжим урласнаас Театрын музей, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, хөгжимчид, дуучид гээд нэлээд олон хүнд түгэн тархсан байна. “Сонин, содон хийц загвар, хэлбэр дүрстэй хөгжим урлаж л байдаг юм. Тухайн үедээ зургийг нь л дарж үлдээхгүй бол өөрт үзүүлэх харуулах юм үлдэхгүй юм байна шүү дээ” хэмээн тэрээр ярьсан.

Бид ийнхүү хөгжим урлалын талаар, “Эгшиглэн магнай” үйлдвэрийн өнөөг хүртэл хөгжиж ирсэн замналын талаар хөөрч суутал гаднаас түүний гэргий Ч.Оюунчимэг эгч “Хөгшөөн, дээшээ гарч цайгаа уухгүй юм уу” гэсээр орж ирэв. Ингээд бид дээш гарч цай уухаар боллоо. Эднийх ажилчдынхаа хоол цайг нэг давхарт байх хоолны өрөөндөө бэлтгээд өгчихдөг юм байна. Зав зай муутай байдаг хүмүүст тэр нь амар байдаг ажээ. Тэглээ ч гэрийн эзэн угаас гадуурх цайны газрын хоол, цайнд дасаагүй гэнэ.

Ч.Оюунчимэг эгч “Эгч нь энэ үйлдвэрийн нарийн ширийн юманд нь оролцдоггүй юм даа. Манай нөхөр, хүүхдүүд л бүгдийг нь мэднэ” гэнэ. Ч.Оюунчимэг эгч тэтгэвэртээ гарснаас хойш нөхрийнхөө үйлдвэрийн ойр зуурын ажилд туслах, хоол унд зохицуулах, ач зээ нараа харах үүрэг хүлээжээ. Ч.Оюунчимэг эгч унаган хотын хүүхэд аж. Тэрбээр тэр үеийн Багшийн их сургуулийг багшийн мэргэжлээр төгсчээ. Багшаар төгссөний дараа Шарын голын уурхай руу багшлахаар томилолт авч тэндээ П.Байгальжав ахтай танилцжээ.

Энэ талаарх дурсамжийг нь яриулахад “Би хотоос очсон шинэхэн багш. Хөдөөний зам харгуйг сайн мэдэхгүй. Оройн сургуульд багшилдаг байсан, манай хүн ч оройн сургуульд сурч байсан. Заримдаа ангийн маань хүүхдүүд хичээлдээ ирэхгүй алга болчихно. Тэднийг дуудахаар гэр рүү нь явна. Тэр үедээ л хамт зам нийлж явсаар, танилцаж үерхэн гэр бүл болсон доо. Удалгүй анхны үрээ ч тэвэрсэн. Манай хүн хөдөө, би хүүхэдтэйгээ хотод, хоёр тусдаа хэсэг амьдарсан. Би чинь угаас хотын хүн учраас уурхайд удаан амьдарч чадахгүй. Нөхрийг маань сайн ажилладаг гээд ажлаас нь явуулдаггүй. Залуу хүмүүст чинь тусдаа байх шиг хэцүү юм байхгүй. Тэгээд л манай хүн 1989 он гээд хот руу орж ирсэн дээ” гэсэн юм. Мөн нөхрийнхөө тухай “Манай хүн ер нь их зөөлөн ааштай, ажилч, нямбай хүн дээ. Нэг юм хийхээрээ тун уйгагүй, их хөдөлмөрч. Нэг ажил барьж авахаар хар эрт босоод л, бараг суудлаасаа ч өндийхгүй шахуу хэдэн өдөр бариад суучихдаг юм. Удаан суугаад байхаар бүр өмднийх нь ар тал нь цоорчихдог байсан” гэж сэм магтаад авлаа. Харин П.Байгальжав ах гэргийнхээ тухай “Манай хүн чинь их зөөлөн ааштай. Баш хүн болохоор яриа, хөөрөө ч сайтай. Ар гэрийн ажил төрөл, бүхий л зүйлийг энэ хүн зохицуулна шүү дээ. Би чинь заримдаа өрөөний мухраас ч гарахгүй шигдээд суучихдаг хүн. Хааяа амралт авбал гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгөх, ач зээгээ эрхлүүлэх ажилтай суух юм даа” гэсэн. Ч.Оюунчимэг эгч өөрийнхөө тухай “Би чинь нөхрөө бодоход хатуу хүн. Хүнд үгүй бол үгүй, за бол за гээд хэлчихнэ. Манай хүн чинь хүнд үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ” гэсэн юм.

П.Байгальжав ах олон зүйлд гарын дүйтэйгээс гадна чамгүй хөгжим дарчихдаг аж. Үүнийг түүний гэргий хэлсэн юм. Харин өөрөө “Шалихгүй дээ. Хөгжим урладаг хүн чинь өөрөө хөгжмийн сонсголтой байхгүй бол болохгүй. Ядаж буруу зөв, хөг гаргаад байгааг нь мэдэхгүй шүү дээ” хэмээн даруухнаар нуусан. Мөн гэргий нь ч “Надад нээх авьяассаад байх юм байхгүй дээ. Манай хүн л их гарын дүйтэй хүн дээ” хэмээн ярихыг бодоход аль алинд монгол хүний төлөв даруу зан шингэжээ гэж харахаар. Гэрийн эзэн хөгжмөө л гэхээс бусад эрчүүд шиг ан авд хорхойсох, загасчлах, элдэв спорт, бөх сонирхож үзээгүй аж.

П.Байгальжав ах, Ч.Оюунчимэг эгч хоёр хоёул өнөр өтгөн айлын хүүхдүүд. Гэрийн эзэн арван хүүхэдтэй айлын дээрээсээ гурав дахь нь бол Ч.Оюунчимэг эгч дороо есөн дүүтэй айлын том охин гэнэ. Энэ ч үүднээс эдний үйлдвэр нэг хэсэгтээ дүү нараа түшиж, тулан ажиллуулж, хоолонд залгуулахад их дэм болжээ. Биднийг ийнхүү ярилцаж суутал бэр Т.Дагважаргал орж ирлээ. Тэрбээр энэ компанийн бүхий л санхүүгийн асуудал, гадаад дотоод харилцааг хариуцдаг аж. “Манай компанийн үйл ажиллагааг явуулахад хүргэн, бэр хоёр минь л хамгийн их дэм болдог доо. Т.Дагважаргал маань манай менежер. Охин Ундрах санхүү хариуцдаг. Ер нь л гэр бүлээрээ энэ ажлыг авч явна даа” гэв. Эднийх охин, хүү хоёртой. Мөн одоо 17 нас хүрч яваа нэг ач, бага насны хоёр зээтэй. Ач хүү нь өвөөгийнхөө шийрийг хатааж мэргэжлийн хөгжим урлаачаар гадагшаа явж сурна гэж ярьдаг гэнэ. Үүнд өвөө аав, эмээ ээж хоёр нь ихэд бэлгэшээдэг аж.

Энэ тэрийг ярилцан хэсэг байсны дараа П.Байгальжав ах биднийг нэлээд олон өрөөтэй нөгөө үйлдвэртэйгээ танилцуулахаар болсон юм. Эхэндээ бид энэхүү байрыг гэр нь байна гэж бодож байлаа. Учир нь гаднаа асартай, үйлдвэр гэхэд илүү тав тухтай харагдсан.

Зүүн талын тоосгон байрыг 2001 онд арван жилийнхээ ойгоор барьжээ. Харин урлаачид нь багтахаа больж, ажилчид нь 40, 50 хүрэхтэй зэрэг 2011 онд 20 жилийнхээ ойгоор саарал үйлдвэрийн байраа босгожээ. Эднийх ийнхүү арав арван жилээр амжилт нь ахиж, өсөн дэвжиж, өргөжин тэлсэн түүхтэй байх юм. Зүүн талынх нь байранд үлээвэр хөгжим урлаачийн урлан, зүлгүүрийн тасгийнхан, оёдол эсгүүрийн цех, будгийн тасаг, сувинер урлал байна. Бас нэг сонирхол татсан зүйл нь хоёр давхар гэж бодож байсан байрны газар доор ахиад нэг давхар байх бөгөөд тэр хэсэгт нь хөгжмийг үйлдвэрлэх бүр анхан шатны ажил явагддаг аж. Тодруулбал, энд банз модыг зүсэх, хөрөөдөх, харуулдах ажлууд явагддаг бөгөөд дээрх цех, урлангуудыг бодоход харьцангуй том, том багаж зэмсгүүдийг тавьжээ. Мөн бас нэг өрөөнд гагнуур ажиллуулж байна. Энд голдуу П.Байгальжав ах өөрөө сууж гагнадаг аж. Бид эндээс хонгилоор явсаар эсрэг талын хаалгаар гаран хоёр давхарт гарч ирлээ. Энэхүү хоёр үйлдвэрийн байр нь хоорондоо газар доорх хоёр томоохон машины гараашийн хэмжээтэй тунель өрөөгөөр холбогддог юм байна. Эдгээр байрныхаа бүх зураг төсөл, сантехникийн зураг зэргийг П.Байгальжав урлаач өөрөө гаргаж зарим гагнуур, угсралтын ажилд оролцон хийжээ.

Энэ бүхнийгээ танилцуулах зуур түүний нүүрэнд сэтгэл хангалуун өнгө аяс илрэх нь өдийг хүртэл хийсэн, бүтээсэн, сурсан зүйлээрээ бахархаж явдгийн илэрхийлэл. Түүний хийж бүтээсэн энэ бүх ажлыг харахад бахархаж, бардамнахгүй байхын ч аргагүй. Энэ тухайгаа ч тэр илэн далангүй хэлсэн бөгөөд “Би ер нь залуудаа өмнөх ажлаа л яаж илүү сайн хийх вэ гэж бодож явнаас мэргэжлийн хөгжим урлаачаар суръя барья гэж бодож явсангүй ээ. Тоодог ч үгүй байж. Хар багаасаа хийж сурсан энэ ажилдаа одоо ч дуртай, үүгээрээ ч бахархаж явдаг. Хүн ер нь хийж чаддаг юмтай байна гэдэг сайхан. Харин хөгширсөн хойноо л онолын мэдлэг сураад олоод авчихсан бол арай өөр байх байсан болов уу гэж бодож байна” гэв.

Бас нэг зүйл сонирхуулахад эдний хашаанд анх ороход модны зах шиг хашаагаа давтал өндөрт хураасан банзнууд шууд нүдэнд туссан юм. Анх хараад хашаагаа шинээр барих гэж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Гэтэл тэр нь хөгжмийн үндсэн түүхий эд нэгэн гайхалтай бүтээл болох гээд ээлжээ хүлээж буй нь тэр ажээ. Ерөнхийдөө уламжлалт бүх хөгжмөө Монгол орныхоо хус, нарс, гацуур зэрэг модоор хийдэг аж. Дээр үед өөрсдөө явж модоо бэлддэг байсан бол зах зээл хөгжсөн энэ үед зах юм уу аль нэг албан газартай гэрээ хийн түүхий эдээ авах болжээ. Харин нарийн ховор моднуудыг гаднаас оруулж ирдэг байна. Жишээлбэл ятга, ёочингийн нүүр хийдэг үйтүн гэж маш ховор хөнгөн сэвсгэр модыг Хятадаас оруулж ирдэг аж. Мөн хөгжмийн утас, жижиг хэрэглээнүүдээ гаднаас авдаг гэнэ.

Ийнхүү бид хаврын эхэн сарын нар ээсэн нэгэн сайхан өдөр өнгө будаг холилдсон өвөрмөц нэгэн ертөнцөд, яруу эгшиг түгсэн хөгжим урлаачийн урлан, үйлдвэрт дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. П.Байгальжав урлаач, гэргий Ч.Оюунчимэг эгч, түүний гэр бүл биднийг халуун дотноор угтан авч, дараа дахин уулзах ерөөлийг тавин үдсэн билээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *