Аж ахуй нэгж, иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сар хүртэл төр даах шийдвэр гаргасан нь олон түмэнд хамгийн их таалагдаж байна. Хэцүү цаг үед хамгийн зөв дэмжлэг хэмээн эдийн засагчид ч байр сууриа илэрхийлж байгаа юм. Учир нь үйл ажиллагаа нь хумигдаад байгаа аж ахуй нэгж, цалин орлого нь буурсан иргэдийн хувьд дулаан, цахилгааны урсгал зардал томоохон хүндрэл болж бууж байсан аж. Иймд уг дэмжлэг нь хүндрэлийг даваад зогсохгүй, цар тахлын дараа богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээхэд дэмжлэг үзүүлнэ хэмээж байна. Тэгвэл уг зардлыг “Эрдэнэт” үйлдвэр нуруундаа үүрэхээр болсон. Монголчууд өвлийн хахир хатуу цагт гүзээнд хураасан шар тосоо задалж, өвлийг өнөтэй давж ирсэн уламжлалтай. Энэ ч үүднээс “Эрдэнэт” үйлдвэр цар тахлын энэ хүнд цаг үед монголчуудыг тэжээх шар тос боллоо.
Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулж нэг зүйлийг дурсахгүй байж болохгүй. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эх орондоо авчирсан залуусын хөдөлмөр зүтгэлийн үр шим одоо бодитоор харагдаж байна. “Эрдэнэт”-ийг 49 хувийг тойрсон буруу, зөвийн тухай өмнө нь хангалттай хэл ам, хэрүүл зарга үүссэн. Одоо ч энэ зарга эцэслээгүй байна. Энэ ч яахав, улстөржилтөөс үүдэлтэй олон учир шалтгаанаас үүдэлтэй. Хамгийн гол нь 49 хувийг монголчууд авч, 100 хувь баялгийнхаа эзэн болсны үр шимийг монголчууд энэ хүнд цаг үед хүртэж эхэллээ. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд баяр хүргэхээс гадна 49 хувийг Монголд “урвуулж” бүтэн авчирсан залууст алга ташиж байна. Тэд ийм нижигнэсэн алга ташилтыг сонсох эрхтэй.
Б.ДОРЖ