Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат утаанаас салах аргыг ол гэж эрдэмтдэдээ даалгавар өгсөн. Шинжлэх ухаанд найдаж байгаа нь авууштай юм. Төр засаг сүүлийн 30 жил ингэж шинжлэх ухаандаа найдаж байсан тохиолдол гараагүй. Шинжлэх ухааны академи, эрдэмтэд нь тэрүүхэндээ л эрдмийн ажил хийж сууна уу гэхээс улс орондоо хэрэгтэй зүйл хийдэггүй, дэмий л төсвийн мөнгө үрдэг байгууллага гэж адлагдаад сүүлдээ энэ байгууллагыг татан буулгах дээрээ тулж байлаа шүү дээ. Харин Ерөнхий сайдыг үүрэг өгснөөс хойш манай эрдэмтэд цаг наргүй хуралдаж, гарц гаргалгаа хайж, тооцоо төлөвлөгөө гаргаж эхлэв. Ерөнхий сайд үүрэг өгснөөсөө хойш ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэхээ зарлачихлаа. Хэрэв гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл баригдаж, хатуу түлшний үйлдвэрээ барьчихвал түүхий нүүрс түлж, айл болгон утаа үйлдвэрлэхгүй байх боломжтой. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд ирэх намар гэхэд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй болох юм гэсэн. Мэдээж үүний өмнө нүүрс түлэхгүйгээр дулаан байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.
Бусад улс орон эрдэмтдэдээ түшиглэж, шинэ нээлтээр нь урагшилж хөгжиж байна. Шинжлэх ухаанаа шүтэж байна. Гэтэл манайд Ерөнхий сайдыг эрдэмтдэд хандсаныг шоолж тохуурхах, ялангуяа, сошиалаар баалж, доромжилж байна. Цаг алдана, удна гэлцэв. Утаа бидэнд шинээр гарч ирсэн асуудал биш. Энэ талаар ярьж, бас тэмцэх гэж оролдож, утаагүй зуух, утаагүй түлшинд 60 тэрбумыг зарж, гэр хорооллыг барилгажуулах оролдлого хийсэн. Олон тэрбумаар нь мөнгө гаргасан. Цэвэр агаар сан гэж байгуулж үзлээ. Аль нь ч үр дүнд хүрсэнгүй.
Утаа дэлхийд ганцхан Монголд тулгарсан асуудал биш. Ийм асуудалтай тулсан, одоо ч тулж буй орнууд байна. Улс орнуудын утаатай тэмцсэн жишээ, утаанаас салах технологи зөндөө байгаа. 1952 онд Лондонд нүүрснээс голлон үүдсэн агаарын бохирдлоос болж хэдхэн алхмын цаадахыг харж чадахааргүй утаатай болсон гэдэг. Арван хоёр мянган хүн хорт утааны улмаас амиа алдсан гэдэг тоон судалгаа сүүлд гарсан байдаг. Зарим нь түүнээс олон ч гэж үздэг. Англичууд хамгийн түрүүнд хууль баталж, бохирдол бууруулах гэхээсээ утаанаас бүрэн салах ухаалаг системийг нэвтрүүлж чаджээ. Эрх баригчид нь хатуу түлшний хэрэглээг бууруулж, хот суурин газраас үйлдвэрүүдийг гаргаж, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн, агаарын хяналтын бүсүүдийг бий болгож, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлж. Бүх айлуудад Засгийн газрын дэмжлэгтэй тог бага зарцуулдаг, халаагч суурилуулан, пийшинг нь хийгээр ажилладаг плиткээр сольсон. Америкийн Пенсильвани мужийн Донора хотод агаарын бохирдлоос болж хөлбөмбөгийн талбайд тоглож байгаа тоглогчдыг үзэгчид нь олж харахааргүй хэмжээнд хүрч байв. Мөн л олон хүн амь эрсдэж, эмнэлэгт олноороо хүргэгдэж, олон мянган хүнд амьсгалын замын хүндрэл үүсч байжээ. Дээрх улсууд хамгийн эхэнд Цэвэр агаарын тухай хууль баталжээ. АНУ гэхэд хууль баталсныхаа дараа тооцоо судалгааны ажил хийж, агаарын бохирдлыг арилгах шинжлэх ухааны судалгаанд үндэслэн Хүрээлэн буй орчныг хамгаалах, агентлаг байгуулжээ. Энэ нь шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан агаарын чанарын стандартыг хэргжүүлдэг газар юм. Бусад улс орнууд агаарын бохирдлоос салахын тулд шинжлэх ухаанчаар хандан нүүрс шатаахыг багасгаж, салхин цахилгаан үүсгүүр, хосолмол цахилгаан үүсгүүр, нарны эрчим хүч, хэрэглэхийг зорьж байна. Мөн аль болох агаар бохирдуулдаггүй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж, ашиглаж эхэллээ. Тэр ч бүү хэл рекламны самбаруудыг хүртэл хорт утааг идэгч материалаар бүрсэн байна. Нэг самбар нь хорин машины хорт хийг өөртөө шингээж авдаг аж. Урд хөрш Бээжинд л гэхэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж дэлхийгээр нэг зарлаж байгаа ч манайх өнөөх Бээжингээс агаарын чанарын үзүүлэлтээр тав дахин, нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлтээр 80 дахин илүү байгаа аж. Бээжин хотын удирдлагууд агаарын бохирдол бууруулах төлөвлөгөөний хүрээнд хотдоо хэд хэдэн газар утаа сорогч сэнсэн цамхаг болон хүчин чадал сайтай утаа шүүгч тусгай хонгилууд хийжээ. Тэд мэдээж шинжлэх ухаандаа найдсан. Цаашид ч тийм байх нь ойлгомжтой. Илүү олон боломжит хувилбарыг гаргаж ирэх нь дамжиггүй. Төр нь зөв бодлогоор үүнийг нь дэмжиж ажиллаж байна.
Ер нь тэгээд Монгол Улсын Ерөнхий сайд ч утаанаас хамгийн хурдан салах боломж, бололцоог судал гэсэн болохоос шууд л шинэ нээлт хий гэсэнгүй. Нээлт хэрэв хийчихвэл сайн л даа. Гэвч тэр нээлтийг цаг хугацаа хүлээхгүй. Тиймээс шинжлэх ухаан технологийн ололт хаана байна, хэрэгжүүлж болох хугацаа тооцоо судалгааг хий л гэж байгаа биз. Шинжлэх ухаандаа найдах нь яаж ч бодсон эрүүл үзэгдэл. Бөө удган, шашин, 99 тэнгэр, Хан-Уулын алиа цагаан өвгөн, сум харваж хүслээ шивэгнэхээс хамаагүй өөр, бодитой юм. Монголын хувь заяаг ашиг харсан бизнесийн байгууллагууд, мунхаг харанхуй хоёрт даатгаад хэдий болтол явах билээ.
Бөө удганд итгэж, гал, уул ус тахиж, шашинжиж, сум харваж байхад нь инээж шоолох нь яалаа даа, нийтийн сүлжээнийхээн. Тэгээгүй атлаа хэдэн эрдэмтдэдээ үүрэг өгөхөөр инээж шоолж, доромжлох нь харин гайхал төрүүлж байна. Уул ус тахих, ард түмнийг мунхруулах шашинд автах нь ямар хор уршигтайг бидний өнөөдрийн амьдралаас харж болно. Дэлхийн хамгийн баялагтай улсын тоонд орох хэрнээ дэлхийн ядуу орнуудын тэргүүн эгнээнд, хамгийн аз жаргалгүй орны эхний эгнээнд тууж явах юм. Бидний амьдарч байгаа царай ийм л байна. Тэгтэл тахиж шүтэж, шашинжсанаараа сайн болдог бол өдийд Монгол гэдэг диваажин болчихсон байхгүй юу. Мунхаг тэнэг залхуугаасаа л ядуу байгаа биз дээ. Талаар дүүрэн малтай байж, өлсөж үхэж байвал бидний л хохь. Ухаантайхан, хөдөлмөрч байсан бол юу гэж түмэн зовлон тоочсон ард түмэн болж хувирах юм. Сүүлийн үед яригдаж буй нэг жишээг дурдахад Сулинхээрийн отрядыг чөтгөртэй гэж 150 тэрбумаар нүүлгэх юм ярьж байна гэнэ. Энэ юу болж байна. Шинжлэх ухаан дэлхийд хөгжөөд ангараг гариг дээр амьдрал хайж, робот ажиллуулаад, хиймэл дагуулууд оддын дунд ертөнцийн буман сониныг хайж, хүн төрөлхтөн өөр гаригт амьдрах оочер дугаараа авч байна. Тэд шинжлэх ухаанаар энэ бүхнийг нээж байгаа. Генетикийн инженерчлэл хийсэн дархлааны эсүүд хорт хавдрыг эмчилж эхлэв. Ургамлын генийг өөрчилснөөр тухайн ургамал өвчин тусахгүй зуд, ганг тэсвэрлэх чадвартай болж байна. Дахин ашиглах боломжтой пуужин хөөргөв. Роботууд бие биедээ зааж, харилцан мэдлэгээ хуваалцаж эхэллээ. Ди эн эй-ийн программын дэлгүүр нээгдэж, өөрийн эрүүл мэндийн эрсдэл болон онцлог шинжийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авах боломжтой болов. Тесла компанийн цахилгаан автомашинууд жолоочгүй явдаг боллоо. Дэлхий ертөнцөд энэ мэтчилэн шинэ, шинэ ололтуудыг нээсээр, бүтээсээр байна. Өнгөрсөн онд гэхэд л татах хүчний долгионы талаар нээлт хийж, хар нүх байдаг гэдгийн нотолгоог олж, сансарт байцаа ургуулж, тэрийгээ хүнсэнд хэрэглэж үзлээ. Бид харин од гаригсыг бурхан гэж эндүүрч, түүнийг танин мэдэхэд биш түүнд ид шид байгаа, сайн цацал өргөн, сайтар залбирвал нүгэл хилэнц арилна гэж бодож байх жишээтэй.
Улс орнууд хөгжиж, урагш тэмүүлж байхад бид ухарч, дундад зуун шигээ амьдрахыг номлож сурталдаад, түүндээ гүн автаж, төрийн хар хүмүүс нь төөрөлдчихсөн ард түмнээ мунхруулж байдаг. Бид савдагтаа найдаж эсвэл бизнесийн ашиг олдог байгууллагуудыг утаанаас салгахыг хүлээвэл тун мөдгүй устах нь. Ашиг хардаг байгууллага ашгаа л боддог юм байна. Утаагүй зуух үйлдвэрлэсэн компани ашиг олсноос Улаанбаатар утаагүй болсонгүй. Тэгэхээр шинжлэх ухаанд найдах нь яалт ч үгүй зөв.
Ерөнхий сайдын энэ алхам бол эхлэл. Цаашид ч олон ажлыг эрдэмтэд дээр төвлөрүүлж, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж байя. Эрэл хайгуул хийе. Шоолж шоглож байгаа өнгөрсөн зууны сэтгэхүйтэй хүмүүс минь энэ удаа дуугүй байж үз. Шүүмжлэхийг хэн ч чадна. Олон юм яримаар байвал утаагүй болгохоор ажиллаж буй хүмүүс рүү очиж ухаан санаагаа уралдуулан, бодол саналаа нэмэрлээрэй, харин.