Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эрчүүд яагаад жаахан зовж болохгүй гэж…

“Танайх үрийн суваг боох мэс засал хийдэг үү” гэж хэдэн газраас асууж үзвэл “Үгүй” гэсэн хариу сонслоо. Бэлгэвч хэрэглэхийг эс тооцвол эрчүүдийн хувьд үрийн суваг боох мэс засал гэдэг жирэмслэлтээс хамгаалахад оруулж буй эрчүүдийн ганц хувь нэмэр. “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч З.Цэгмид нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Ер нь жирэмслэлтээс хамгаалах эрчүүдийн үрийн суваг боох хагалгаа гэж байдаг. Эмэгтэйчүүд өөрсдөө жирэмслэлтээс хамгаалаад явж чадаж байгаа үед энэ хагалгааг хийх шаардлагагүй гэж үздэг. Надад ийм саналыг үйлчлүүлэгчид маань тавьж байсан. Тэр бүхэнд учрыг тайлбарлаж ойлгуулаад явуулдаг” гэж ярьсан байна. Тэр өөрөө эр хүн болохоор “ашиг сонирхлын зөрчилтэй” хариулсан байж магадгүй. Түүнээс биш үрийн суваг боох нь үр тогтоохгүй л болгож байгаа болохоос биш бэлгийн чадварт нь нөлөөлөхгүй л дээ. Харин үүний оронд эмэгтэйчүүдийг “зовоох” өч төчнөөн арга, эмчилгээ, үйлчилгээ хөвөрнө. Эмэгтэй хүний үр дамжуулах хоолойг боох асуудлыг хэн ч эр хүний үрийн суваг боохын дайтай хүнд хүлээж авахгүй. Жирэмслэлтээс хамгаалахын тулд эмэгтэй хүн элдэв даавар уухаас авахуулаад эрүүл мэндэд гаж нөлөө ихтэй өч төчнөөн арга замыг туулдаг. Үрийн суваг боох мэс заслыг өргөн дэлгэр хийж болохгүй шалтгаан байдаг л даа. Ахиж хүүхэдтэй болохгүй гэсэн үедээ л эрчүүд ийм аргыг сонгох болдог. Нэгэнт ийм арга сонгосон бол буцаах арга байхгүй нь үнэн. Тийм ч учраас нэгээс, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг Хятадад энэ аргыг ихээр хэрэглэдэг. Бас мөнгөтэй эрчүүд, хууль бус хүүхэд, өв залгамжлагчийн зөрчлөөс сэргийлж энэ аргыг сонгох талтай. Гэсэн ч эхнэрээ бодож ийм сонголт хийж байгаа эрчүүдэд сонголт олгох хэрэгтэй шүү дээ.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *