Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь Монгол Улс эрчим хүчний диваажин болох эхлэл мөн

Тэнэгэр тавиун, уудам дэлгэр Монгол нутагт эрчим хүч үйлдвэрлэж Азиар нэг цацах нөөц хахаастай байна. Нар, салхи, нүүрс, занар, нефть, тэр байтугай элснээс ч эрчим хүч гаргах боломжтой. Ийм боломж нөөцийг эцэг өвгөд бидэнд үлдээсэн. Буурлын буян энэ их баялаг дээрээ будааны хүүхдүүд шиг хэрэлдсээр цаг алдлаа. Одоо боллоо, хэрэгжүүлэх төслүүдээ ярьцгаая, ажил болгоцгооё. Монгол Улс бол эрчим хүчний диваажин болох орон мөн.
Нар, салхи нь нэг дор төвлөрсөн манайх шиг орон дэлхийд ховор гэдгийг олон улсын шинжээчдийн баг их дээрээс хэлсэн. Тэд бүр Монгол Улс эрчим хүчний хомсдолд орчихоод айлаас цахилгаан гуйж суух улс биш гэсэн. Үүнд нь дүгнэлт хийсэн манайхан судалгаа шинжилгээний ажлуудыг 2012 оноос эхлүүлсэн юм. Эрчим хүчний яам санаачлан  Зүүн хойд Ази буюу Орос, Солонгос, Японы эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг  байгууллагуудтай хамтран судалгаа хийжээ. Судалгаагаа төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.  Төслийн нэр Гобитек. Монголын говийн бүс нутгуудыг түшиглэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх учраас энэ нэрийг өгчээ.
Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө Сахарын цөлийн дараа ордог манай говьд эрчим хүчний парк байгуулах талаар гадныхан анхаарч олон улсын чанартай хурал, зөвлөгөөнийг чамлахааргүй зохион байгуулж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон  олон улсын хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг орнуудын  төлөөлөгчид оролцсон. Энэ нь Азийн орнууд Монголд сэргээгдэх эрчим хүчний аварга үйлдвэрлэл явагдана хэмээн харж байгаатай холбоотой. Монгол орон нь жилийн 365 хоногийн 294 өдөрт нартай байдаг.  Салхины хурдтай. Эдгээр үзүүлэлтүүдээрээ Азийн орнуудаас илт давуу гэдгийг судлаачид баталж байна. Гобитекийн судалгаанаас үзвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц  13000 тераВатт цаг гэж байгаа.  Энэ нь 13000 тэрбум килоВатт цагтай тэнцдэг юм байна. Үүний 4800 тераватт цаг нь нарнаас,  8100 тераватт цаг нь салхинаас хуримтлагдах боломжтой. Мэдээж шавхагдашгүй энэ их нөөцийн дийлэнх нь Монголын говьд ногддог. Өнөөдөр Монгол Улс ойролцоогоор жилд дөрвөн тераВатт буюу дөрвөн тэрбум киловатт цаг  цахилгаан хэрэглэдэг.  Цахилгааны хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд  10 тэрбум килоВатт цагт хүрэх тооцоо бий. Эндээс харвал  манай улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болсон тохиолдолд өөрсдийгөө хангаад зогсохгүй эрчим хүчээ экспортлох хэмжээнд очих юм.
Геологчид 1980-аад оны дундуур манай улс 20 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэсэн тойм судалгаа хийжээ. “Шатдаг занар хэмээх харахад шавар шиг эдийг шатааж эрчим хүч гаргаж болдог. Мөн газрын тостой  төстэй шатах тослох материал ялгаж авдаг. Тиймээс энэ нь яах аргагүй ашигт малтмал юм” гэж геологийн ухааны доктор Д.Бат-Эрдэнэ хэлсэн. Одоо дэлхий дээр Эстони, Бразил, АНУ, Хятад зэрэг улс л шатдаг занарыг олборлож, цахилгаан станцын түлш, шатахуун гаргаж авах хэлбэрээр ашиглаж байгаа аж. Эдгээр улс ч шатдаг занарын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа Балтийн тэнгисийн эргээр нутагтай Эстони улс газрын хөрсөндөө шатдаг занараас өөр баялаггүй. Тиймдээ ч чөдрийн ганцаа ашиглах технологийг сайтар хөгжүүлж чаджээ. Манай цахилгаан станцууд элбэг нөөцтэй хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг шиг эстоничууд станцуудаа шатдаг занараар галладаг. Тэгэхээр бид энэ талын технологи өндөр хөгжсөн дээрх улсууд, ялангуяа Эстони мэт эртний харилцаатай оронтойгоо харилцаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэж бид их хэмжээний нөөцтэй занараа ашиглаж эрчим хүчний асар их нөөцийг бий болгож чадна.
Эрчим хүчний бас нэг эх үүсвэр бол мэдээж газрын тос. Монгол Улс шатахуунаа 100 хувь Оросын холбооны улсаас авч байснаа сүүлийн жилүүдээс арай өөр болж хэд хэдэн эх үүсвэрээс авч эхлэв бололтой. Хуучин бол Дорноговийн Зүүнбаян, Дорнодын Тамсагийн сав газар тосны нөөц илэрсэн ч оросууд 20 сая тоннын нөөцтэй, 10 хувь нь ашиглагдана гэсэн зөвлөмж өгчээ. Гэтэл энэ бүхэн худлаа болж зөвхөн 1998 онд илэрсэн Дорнод аймгийн Матад, Дорноговийн Тамсагт илэрсэн Газрын тосны нөөц 119 сая баррель болсон. Түүнээс хойш ч нэмэгдсэн. Нууцлаад байгаагаас бус.  Тус газарт “Петрочайна Дачин Тамсаг” ХХК “Даншен Газрын Toс” ХХК нийт 12 жил хайгуулын туршилтын олборлолт хийж байгаа.
Эдгээр компаниуд 200 газрыг цооноглон өрөмдөж 3,7 сая баррель тос олборлосон. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өссөөр байгаа. Долоо хоногт 27 вагон тос ачуулдаг. Нэг баррель тос 160 литр, нэг тонн тос 7,40 баррельтай тэнцдэг юм.
Энд эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой элсний тухай дурдах ёстой. Элсийг эрчим хүчинд хэрхэн ашиглаж болох талаар эрдэмтэй хүмүүс бодож сэтгэж бас нээлт хийсээр ирсэн. Тэдний нэг нь суут эрдэмтэн Францын физикч Жолио Кюри юм. Тэрээр дэлхийд нарнаас бууж буй гэрлийн дулааны эрчим хүчийг шууд барьж ашиглах санааг дэвшүүлжээ. Тэгэхдээ Сахарын цөлийн элснээс тусгай тоног төхөөрөмжөөр нарнаас бууж буй цацраг идэвхийг нь барин авч ашиглах тооцоо гаргажээ. Сахарын цөл дэх элснээ бууж буй нарны гэрлийн радиацын ядаж арван хувийг тэрхүү тусгай төхөөрөмжөөрөө барьж авч ашиглах юм бол манай дэлхийнхний тэр үеийн эрчим хүчний бүх хэрэгцээг хангаж чадах юм байна гэсэн тооцоо хүртэл хийсэн байдаг. Сахарын цөлөөс Монгол Улс маань хол байгаа ч гэсэн их хэмжээний элсэн говьтой манай улсын хувьд бодох санах юм байх ёстой. Түүний нэг хэлбэр нь элс, шавар, ус болон өтгөн тос холилдсон тостой элс манай говьд байсаар байгаа юм. Газрын гүнд тийм ч дор биш бол ухаж гаргаад ус юм уу химийн бодисоор тосыг нь ялган авч болно. Хэрвээ хэт гүнд байгаа бол тэгэх бололцоо одоогоор байхгүй. Харин тэр гүнд нь халуун уураар халааж царцмал өтгөн тосыг шингэрүүлэн шахаж авах технологи дэлхийд хэдүйн бий болсон.
Дараагийн манайхаас гардаг эрчим хүчний эх үүсвэр бол мэдээж нүүрс. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсгөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологи хайгуулын ажлаар нүүрсний нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2007-2011 онуудад хайгуулын ажлаар тогтоогдож улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн нүүрсний нөөц 12.3 тэрбум тонн, 2012 онд 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн байна. Гэхдээ энд алс хэтийн нэг гэм байна. Нүүрс шатааж эрчим хүч гаргадаг аргаас улс орнууд татгалзах шат руугаа орж шинэ технологийн эрэлд өдөр шөнөгүй явж байна. Нүүрсний асар их нөөцтэй манай улсын хувьд энэ нь эдийн засаг талаасаа сайн юм огт биш. Гэвч бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагахаас өөр аргагүй. Тэртэй тэргүй бэлэн, хэдэн мянган тонноор нь газраас ухаж гаргаад говьд овоолчихсон байгаа нүүрсний талаар хүн бүхэн мэдэж байгаа. Нүүрс худалдаж авч эрчим хүчиндээ хэрэглэе гэсэн улс орон бүрт манайх нээлттэй байгаа. Үнэ хөлсөн дээрээ тохирч чадвал тэгээд л явчихна. Манайхны зүгээс дэд бүтцээ төгс шийдэх л асуудал.  
Энэ бүхэн хэрэгжиж, ажил болж гэмээнэ экспортлох эрчим хүчний маань худалдан авагч нь хэн байх вэ гэвэл судлаачдын үзэж байгаагаар Солонгос, Япон улсууд том худалдан авагч байх өндөр магадлалтай. Магадлалтай ч гэх юмгүй Япон улс нь өнөөдөр ч Монголоос эрчим хүч авах тухай яриа гаргадаг. Солонгос бол эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийнхээ  96 хувийг гаднаас импортолдог. Ойрхи Дорнодын орнуудаас  газрын тос, байгалийн хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэрлэдэг.  Япон улсын хувьд нийт эрчим хүчнийхээ 11.3 хувийг атомын цахилгаан станциар хангадаг байсан ч айхавтар цунамигаас хойш цөмийн станциудынхаа заримыг устгаж эхэлсэн. Ингэснээр энэ улсын атомын цахилгаан станцаасаа авдаг байсан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчнийх нь 4.2 хувьд хүртлээ буурчээ.  Одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний ихэнх нь гаднаас импортолдог газрын тос, байгалийн хий, нүүрсэнд түшиглэж байна. Эдгээр  түүхий эд нь үнэтэй учраас япончууд сүүлийн үед өөр эрчим хүчний эх үүсвэр хайж эхлээд байгаа юм. Хэрэв тэд цөмийн реакторуудаа  бүрэн хаах шийдвэр гаргачихвал цахилгааны хомсдолд орно. Олон улсын шинжээчдийн тооцоо ийм байгаа учраас л Монгол Улсаас сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх эрэлт хэрэгцээ үүснэ хэмээн хэлж ярьж байгаа юм. Бас нэг том хэрэглэгч бол Хятад улс. Хятадууд салхин станц байгуулж байгаа үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр байгаа ч алсдаа эрчим хүчний дутагдалд орох төлөвтэй байгааг шинжээчид ажигласан.
Энд хөршүүдээ, ойр харьцаж болох орнуудаа орхиж болохгүй. Тухайлбал хойд хөрш маань байна. Орос орон нарны элч багатай. Энэтхэг болохоор  эсрэгээрээ нар байлаа гэхэд салхи үзэгддэггүй. Тэгэхээрээ тэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх талаар нэг их яриад хэрэггүй болчихож байгаа. Ийм болохоороо л тэд Монголоос эрчим хүч импортлох бүрэн боломжтой гэж үздэг. Ер нь Азийн олон орон манайхыг, манай сэргээгдэх эрчим хүч бодитой болохыг битүүхэндээ харсаар. Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тераваттад хүрнэ гэсэн тооцоотой. Цахилгааны энэ хэрэглээг Монгол Улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан тоонуудаас харагдаж байгаа биз дээ. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд ч энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *