Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энхийн манаа” аялсан эх орны хөвгүүд || DNN.mn

Өвлийн жавар буурч, нарны илч аажим аажмаар ээж Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид урин хаврын нэг өдөр ийнхүү эхэллээ. Үүр гэгээрч, хугацаат цэргийн албан хаагчид ротын жижүүрийн “Сэрээд, сэрээд, сэрээд, орноос бос” командыг 05:50 цагт биелүүлэв. Хугацаат цэргийн албан хаагчид дүрэмт хувцсаа бүрэн өмсөж, талбайд жагсаж, өглөөний гүйлт, гимнастикаа хийж эхэллээ. Цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхийн тулд өглөөний гүйлт, дасгалыг тогтмол хийнэ. Цэргүүд амьсгалын дасгал хийсний дараа нэг, хоёрдугаар 16 тоот дасгал хийж, бие засахаар явав. Тус анги нь 101 жилийн өмнө буюу 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд туурга тусгаар Монгол Улсаа байгуулах, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтыг авчрах үйл хэрэгт зэвсэг, галт хэрэглэлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлж ирсэн түүхтэй.

Ангийн захирагч, хурандаа Д.Нямгэрэл “2021 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс энэ ангийн захирагчаар томилогдон ажиллаж байна. Манай анги Зэвсэгт хүчний хэмжээнд зэвсэг, галт химийн инженерийн хангалтыг зохион байгуулах, дайчилгааны үүрэгтэн бэлтгэх үндсэн чиг үүрэгтэй. Зэвсэгт хүчний хэмжээнд анхны ногоон байгууламжтай анги, 2020, 2021 оны сахилгын зөрчилгүй ангиар шалгарсан. Энэ жил ч мөн энэ амжилтаа бататгах, бэлэн байдал, сургалт бэлтгэлээ дээшлүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Энэ хүрээнд сургалтын төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд анх удаа ротын байлдааны бэлэн байдлын сургуулилт зохион байгуулсан. Байнгын бүрэлдэхүүн маань анх удаа байлдааны бодлоготой ротын тактикийн гэрээний сургуулилтыг хийлээ Энэ жил цар тахлын дэгдэлтээс шалтгаалан зөвхөн Төв, Говьсүмбэр аймаг, Баянзүрх дүүргээс цэрэг татсан. Ямар нэг байдлаар бие биенээ таньдаг хүүхдүүд ч бий. Өчигдөр, өнөөдрийн хувьд төгсөлтийн шалгалттай байна, шалгалтад ангийн бүх албан хаагчид оролцоно” хэмээв.

Цэргүүд өглөөний цайндаа орж, байрандаа иржээ. Цэргийн амрах байранд 30 гаруй хугацаат албан хаагчтай хоёр салаа, нийт 63 хугацаат цэргийн албан хаагч байв. Амрах байр руу ормогц нэгдүгээр салааны цэргүүд хичээлээ бичиж, уншиж дор бүрнээ шалгалтын бэлтгэлээ базааж байлаа. Гурван өндөр цонхны наана нүүр харагдам гялайсан шалан дээр цэнхэр төмөр орыг дөрөв дөрвөөр нь угсруулан тавьжээ. Орыг саарал бүтээлгээр нямбай гэгч нь бүтээж, өнгө ижил гар нүүрийн арчууруудыг хоёр үзүүрийг нь тэнцүүлэн орны толгой дээгүүр тохсон байна. Орнуудын голд хоёр хаалгатай хүрэн өнгөтэй, намхан цэрэг шүүгээ, ор бүрийн баруун хөлөнд жижиг улаан дэвсгэр харагдана. Орондоо орохдоо углаашаа тавьдаг бололтой. Энд бүх зүйл номертой, дэр, малгай хийдэг дугаарласан ханын шүүгээ, аяга, сандал байв. Нэгдүгээр салаанаас хоёрдугаар салаа руу явах өргөн коридорт соёл амралтын өрөө, ахуйн өрөө, удирдлагын өрөө байлаа.

Соёл амралтын өрөөний баруун жигүүрт өндөр ханын тавилга дотор албан хаагчдын амжилтууд, медаль, телевиз, морин хуур, гитар, цэнэглэгч, цаг, Сүхбаатар жанжны баримал хөрөг гэх мэт нарийн ширийн эд зүйлс байлаа. Өрөөний голд таван талт, гурвалжин хээтэй, саарал дэвсгэр түүнийгээ хамгаалж тунгалаг хулдаас дэвсчээ. Дэвсгэрийн зүүн гар талд цэвэрхэн тод шар өнгийн бүтээлгээр бүтээсэн ширээ, хоёр талд нь хар өнгөтэй тухлаг сандал байрлуулжээ. Харин эсрэг талд нь зөөлөн буйдан, сандалуудыг эгнүүлэн тохижуулсан байна. Ханаар уран зураг, төрийн дуулал, номын сан, загасны аквариум, хөлөгт тоглоомууд харагдана. Байлдагч н.Амарбаясгалан “Бид өөрсдөө загасаа үржүүлдэг. Анх ирэхэд 100-гаад загас байсан, одоо 300 хүрч байгаа. Бямба, ням гаригт соёл амралтын өдөр, орой бүр 18:40-19:30 хүртэл соёл амралтын цаг байдаг. Чөлөөт цагаараа мэдээ, нэвтрүүлэг, кино үзэх, шатар тоглох, ном унших, гитар тоглох, сонин сайхнаа ярилцаж энэ өрөөнд хүмүүжлийн байдалтай амардаг. Манай байлдагч Отгонбаяр гитар гоё тоглодог, бидэнд ч зааж өгдөг” гэв. Соёл амралтын өрөөний хажуу хаалга аж ахуйн өрөөнд гутал хувцас засварлах, ХЦАХ-дын үс засах тайлбартай, зураг бүхий самбар байлаа. Самбарт “Дайчдын үсийг долоо хоноод нэг удаа бүтэн хусах ба долоо хоноод гурван талаас нь авна. Дайчдын хувцсыг 14 хоногт нэг удаа угаана, захны даавууг өдөр бүр угааж солино” гэж бичжээ. Тус өрөөнд хувцас индүүдэх тавцан, гутал тослох сандал, индүү, үсний машин, хогийн сав, өлгүүр зэрэг ахуйн хэрэгцээний зүйлс байсан юм. Энэ үеэр сэтгэл зүйч офицер Л.Саранзаяа “Энэ өрөөнд нэгнийхээ үсийг засч өгч, захны даавуугаа хадаж, хувцсаа индүүдэж, ханзарснаа оёдог. Юм оёж чаддаггүй байсан бол энд сурна, чаддаг зүйлээрээ бусдадаа тусалдаг. Цэргийн амралтын байрыг бүрэн камержуулсан, ангийн жижүүр болон үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч хянадаг. Бүх ажил дүрмийн дагуу явагдаж, хэн ч дүрмээс илүү хөдөлгөөн хийдэггүй. тавьдаг” хэмээв.

Цааш хоёрдугаар салаа руу ормогц салааны захирагч Д.Анхбаярын “Тараад, бос, номхон, болно” хэмээх командын дагуу хугацаат цэргийн албан хаагчид хичээлээ үргэлжлүүлэн давтлаа. Хоёрдугаар салааны өрөө нэгдүгээр салаатай харьцуулахад хоёр давхар ортой, бүх ороо нэг хана руу багтааж нөгөө талдаа дасгалын төхөөрөмж, теннисийн ширээ байрлуулжээ. Байлдагчид “Бүх хичээл дууссан, шалгалтдаа бэлтгэж байна. Цэргийн дүрмийн хичээл, тактик жагсаал, мэргэжлийн бэлтгэл, цэрэг эх оронч хүмүүжил, биеийн тамир гэх мэт хичээл ордог. Цаг агаар дулаарахаар бие бялдрын хичээлүүд түлхүү орно” хэмээн ярьцгаав. Хоёдугаар салаанаас гарч удирдлагуудын өрөө рүү орлоо. Өрөөнд интернэт, сандал, ширээ, зөөврийн компьютер байлаа. Ширээнд хоёр байлдагч хичээлээ хийж байв. Тэдний нэг Г.Баянмөнх “Би Төв аймгийн Алтанбулаг сумаас 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. МУБИС-д боловсрол судлаач, арга зүйч мэргэжлээр суралцдаг, төгсөх курсийн оюутан. Хичээлдээ онлайнаар хамрагдаж дипломын ажлаа бичиж байна, тавдугаар сард дипломоо хамгаална. Мөн жолооны курст суралцаж байгаа, бүх л ажлыг амжуулж байна (инээв). Интернэт, хичээлийн хэрэгсэл, хичээлд суух цаг гээд бүх зүйлийг ангиас хангаж өгдөг. Гэртээ байгаагаас ялгаагүй тав тухтай хуваарийн дагуу хичээлдээ ордог. Манай ангиас 30 гаруй байлдагч жолоонд сурдаг, жолооны багш нэгдсэн байдлаар машинтайгаа ирээд дромд гаргадаг. Бид өчигдөр дромдоо гарсан, цэрэгт оюутан байх их өвөрмөц мэдрэмж юм” гэв. Энэ жишээнээс харахад хугацаат цэргийн албан хаагчид цэрэгт ирснээр ямар нэг зүйлээс хоцрох, хугацаа алдахааргүй болжээ. Тус ангиас хоёр байлдагч онлайнаар их сургуульд сурч, саяхан нэг байлдагч хятад хэлний бэлтгэлээ төгсчээ. Цэргийн албанаас халагдаад БНХАУ-руу сургуульдаа явна гэнэ.

Ангийн зэвсгийн засвар, үйлчилгээний ротын хоёрдугаар салааны захирагч, дэслэгч Д.Анхбаяр “Өнгөрсөн наймдугаар сард ҮБХИС-ийг үндэсний цэргийн командын офицер мэргэжлээр төгсөөд эл ангид хуваарилагдаж ирсэн. Цэргүүдээр ард байсан амьдралыг нь яриулах хөгжилтэй, бас их хариуцлагатай ажил. Хүн удирдаж явна гэдэг амар зүйл биш, цэргүүдийнхээ сэтгэл санааг ажиглаж юунд баярлаж, гуниглаж байгааг нь мэдэж байж цэрэгтэй ажиллана. Мэргэжлийн сургуулийг төгсөөд ажиллаж байгаа болохоор хүндрэлтэй зүйл байдаггүй. Бүх зүйл ном журмын дагуу явагддаг. Цар тахалтай холбоотойгоор бүх төрлийн чөлөөг хаасан, тахлын дэглэлт багасч албан хаагчдаа хуваарийн дагуу ар гэрийнхний уулзалт нээгдсэн” хэмээв.

Байлдагч А.Мөнхтэмүүлэн “Би БЗД-ийн 24 дүгээр хорооноос татагдаж ирсэн. Энд ирээд ард байхдаа эмх замбараа, цаг баримтлах чадвар сул байсныг анзаарсан. Монгол, Солонгосын политехник коллежид суралцаад төгсөх жилдээ цэрэгт татагдсан. Багаасаа 18 нас хүрээд л цэргийн алба хаана гэж боддог байсан, өөрийн хүсэлтээр ирсэн. Цэргийн алба миний төсөөлж байснаас сайхан байна, онжавуудтай болсон. Дайныг сонирхолтой бас галзуугаар төсөөлдөг. Энд өглөө бүр шинэлэг, адал явдалтай байдаг. Халагдаж очоод дүүгээ, аав болохоороо хүүгээ өөрийн алба хаасан анги руугаа явуулна гэж боддог. Цэргийн алба хаах хугацаанд болж байгаа бүх зүйл миний амьдралд ганцхан удаа тохиох учраас гоё дурсамж бүтээхийг хичээдэг. Энэ жил цэргийн цагаан сар тэмдэглэж үзлээ, идээгээ засаад онжав, дарга нартайгаа өглөө нар харсан тухай хуваалцлаа. Мөн ангийн сэтгэл зүйч ярилцлагын олон төрлийг ашиглаж цэргүүдтэйгээ дарга цэрэг шиг, эгч дүүс шиг яриа өрнүүлэхэд тэдний хамгийн нандин чанарууд гарч ирдэг. Сэтгэл зүйн сорилго тестүүд авч, хамт олны сэтгэл зүйг судалдаг. Ихэнх нь 18 настай эвдрээгүй, хүүхдээрээ гэнэн, томоогүй, сониуч эрс ирдэг. Олдсон нэг тамхиа хувааж татах, чихэр хувааж идэхийн сайхныг мэдэрлээ, алба хааснаар хамт олонтой ажиллаж сурлаа гэх мэт хүүхэд бүр өөр сэтгэгдлээ ярьдаг гэв. Ингээд 12:30 цаг болж өдрийн хоолондоо орох боллоо. Хугацаат цэргийн алба хаагчид болон офицер, ахлахууд тусдаа хооллодог. Өдөрт гурван удаа нийт дөрвөн халуун хоолтой, пүрэв гаригт цагаан хоолны өдөр юм. Хоолыг хүнс хариуцсан албаны дарга, эмнэлгийн албаны дарга тэжээллэг чанар, илчлэгийг тооцож долоо хоногоор хоолны цэсийг гаргадаг.

Ангийн бүх албан хаагчид хооллож дуусаад 13:40-14:00 цагт зэр, зэвсгээ хүлээн авч гарын үсэг зураад Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн буудлагын талбай руу офицер, ахлагч, цэргүүд бүгд жагсаад алхлаа. Тэдний алхаа гишгээ, гараа хаялах бүхэн амь нэгтэй. Цэрэг эрсийн гутал шил, толь гэмээр. Буудлагын талбай руу алхах бол тэдний хувьд ойрхондоо ордог гэнэ. Ингээд 14:25 цагт талбайд ирж буудлагын шалгалт эхэллээ. Хаврын салхи энгэр заам нэвт үлээнэ. Жагсаал буудлагын тэмдэглэгээтэй талбайд очиж аюулгүйн ажиллагааны дүрэмтэй танилцаж, офицер цэргүүд тусдаа хоёр ээлжинд хуваагдан АК болон гар буугаар гурван байрлалаас тус бүр хоёр удаа буудна. Эхлээд офицерууд гар буугаар зогсоо, суугаа, хэвтээ байрлалаас буудлаа. Офицерууд гараараа бууны ар тал руу сайн шахах хэрэгтэй, гох дарахад тийрэлт ирдэг тул эрхий хуруугаа гэмтээх аюултай. Буугаа байнаас өөр тийш нь чиглүүлж, сандарч, биеэ барьж болохгүй, буун дуунд цочих магадлалтайг маш олон удаа анхааруулж байлаа. Мөн мөрдөстэй бүх хүмүүс үүргээ биелүүлж байлдааны буудлагын шалгалтыг өгөх ёстой. Энэ үеэр ахлах сувилагч, дүн бүртгэгч н.Түмэндэмбэрэл “2015 оноос хойш цэргийн, зэвсэгт хүчний эмнэлгүүдэд ажиллаж байна. Цэргийн байгууллагад тушаал бүр өөр, нөхцөл байдалдаа тааруулан эмнэлгийн тусламж үзүүлдэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн боловсрол олгох, ил биеийн үзлэгийг тогтмол хийдэг. Хүндрэлээс сэргийлж үйл ажиллагаа явуулдаг. Цэргүүдэд ил биений үзлэг долоо хоногт гурван удаа тогтмол хийдэг” гэсэн юм. Жанжин Д.Сүхбаатарын “Цэргийн хүнд хоёр амь бий. Нэгд бие амь, хоёрт зэвсэг амь” үгийг бүгд санаж үүргээ гүйцэтгэдэг аж. 16:00 цаг өнгөрч офицерууд шалгалтаа дуусгаж, ангийн зүг жагсан алхлаа. Анги хүртэл овон товон зам, хуцах нохдыг үл ажран алхацгаана. Харин хугацаат цэргийн албан хаагчид олуулаа учир дарааллаараа буудсаар нар жаргах дөхөв. Нар жаргаж соёл амралтын цагаар хоёр салааны алба хаагчид соёл амралтынхаа өрөөнд тойрч суугаад “Цэргийн албанд татагдан очоод

Цэрэг шинель даахтай үгүйтэй

Явган маршийн ард хоцорсон

Ядарч яваа шинэ цэрэг би

Хайрт минь чи минь

Хүлээгээрэй намайгаа

Хугацаат цэргийн албаа хаагаад

Хонгор чамдаа очно оо би…” хэмээн дуулцгаана. Энэ үеэр албан хаагч н.Отгонбаяр “Би Төв аймгаас татагдаж ирсэн. 3-4 жилийн өмнө “Эмээ өвөө бясаа гурав” дууг гитараар тоглож сурч байлаа. Орой соёл амралтын цагаар онжавуудтайгаа дуулж, тэдэнд гитар тоглохыг зааж өгдөг, одоогоор хоёр нь сурсан” хэмээв. Мөн эл ангид “Ахан дүүсийн холбоо” гэж байдаг. Тэр нь нэг ХЦАХ-ийг нэг офицер, ахлагч, ажилчин албан хаагч гэсэн гурван хүн хариуцаж авдаг. Сард нэг удаа ХЦАХ-д ямар хэрэгцээ байна түүнийг нь гүйцэлдүүлдэг. Тухайлбал, гэр бүлээсээ хол байгаа хүүхдэд баяр ёслолоор бэлэг өгөх, сэтгэл санааг нь дэмжиж, ар гэрээ санахгүй байх тал дээр анхаарч ажилладаг аж.

Эр цэргийн сүр хүч, золбоо хийморь тугтайгаа мандсан энэ өглөөний наран жаргалаа. Цэрэг эрс оройн тоондоо орж нэгэн зэрэг алхлаа. Тэднийг хараад эх орон минь амгалан тайван байгааг мэдрэх шиг болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *