Categories
их-уншсан туслах-ангилал

​Энэ зун Засгийн газар амрах эрхгүй болж үлдлээ

Төрийн эрх баригч Монгол ардын нам талцаж, хоёр хуваагдсан тухай яриа хэвлэлээр яваад удлаа. УИХ-д суудалтай 65 гишүүн нь албан бусаар “33”, “32”-ын бүлгээрээ хуралддаг болсон тухай нэг хэсэг шуугьсан. Харин Д.Гантулга гишүүн огцорсноор дээрх тооны харьцаа тэнцүү болсон билээ. Сүүлийн үед Засгийн газрын зүгээс 60 тэрбумын асуудлыг хөндөж, УИХ-ын даргыг шахаж байгаа гэх юм. Нэгэнт дарагдсан энэ хэргийг У.Хүрэлсүхийн тал дахин сөхөж байгаа бол М.Энхболдын фракцынхан “Засгийн газрыг огцруулахаар 20-иод гишүүн гарын үсэг зурсан” гэж хариу цохилт хийж байна. Дээрээс нь хотын намын хорооны даргын суудлын төлөө Ц.Сандуйгаас хойш бас алалцсаар байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын намын хороог авахаар үзэлцэж буй нөлөөтэй өрсөлдөгч. У.Хүрэлсүхийг огцруулъя гэвэл Их хурлын даргын 32-ын бүлэг сөрөг хүчний есөн гишүүнтэй нийлээд дор нь тонгорч дөнгөнө. Тийм болохоор М.Энхболдын бэхжүүлсэн хотын фракц руу У.Хүрэлсүх шаргуу довтлох боллоо. Хэдийгээр хотын дарга С.Батболдын хувьд Ерөнхий сайдтай нэг үеийнхэн, ихэд ойлголцож, гар нийлэн хамтарч ажиллаж байгаа гэгддэг ч улс төрд урьдны нөхөрлөл огт хамаагүй байдгийн тод жишээ энэ юм. Монголын улс төр нэг иймэрхүү бужигнаантай байна. МАН-ын гишүүдийн амбиц, хорсол төрийн гурван том албан тушаалыг ганхуулж мэдэхээр болов. Засгийн газар, УИХ-ын дарга, хотын даргыг огцруулна гэсэн яриа байна. Ер нь иймэрхүү мэдээлэл оргүй хоосноос гардаггүй. Хөшигний ард үйл явдал өрнөж байгаа болохоор л явган яриа газар авч буй биз. Гэхдээ улс төрийн ууган хүчин МАН бол арай өөр байх ёстой. Намын дотоод асуудал нь улс орны амьдрал, эдийн засагт тушаа болох учиргүйг мэддэг гэж үздэг. Тэгвэл бусад намууд тэр дундаа АН эрх барьж байхдаа ийм хэрүүл тэмцэлтэй гарсан бол юу ч хийхгүй байсан. Дэмий л УИХ нь Засгийн газраа унагаах гэж шүүмжилнэ. Засгийн газар нь Их хурлаа огцруулна гэж шүлсээ үсчүүлэн бархиралдана. Бие биетэйгээ барьцалдаж, шантаажилсаар байгаад чуулганаа хаагаад явна. АН-ын засаглаж байсан он жилүүдийн туршлага ч тэр, улс төрийн хүрээнийхэн, судлаачид ч ингэж үзэж байгаа юм. Тэгвэл улс төрийн ууган хүчин болон МАН олон жил төр барьсан туршлага, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж Таван толгойгоо хөдөлгөчихөөд чуулганаа хаалаа. Энэ намаас ард түмэн үүнийг л хүлээж байв. Тийм болохоор л тэдэнд итгэл хүлээлгэн төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгож, ялуулсан. Сая бас орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН ялалт байгууллаа. Ингээд харахаар МАН-д итгэх ард түмний итгэл найдвар арай ч тасарчихаагүй байна. УИХ хаврын чуулганы төгсгөлд гурван том ажлыг баталлаа. Энэ бол эдийн засаг хөдөлж эхлэх асар том дохио юм. Эхнийх нь мэдээж Эрдэнэс Таван толгойн 30 хүртэлх хувьд нь дотоодын болоод гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргах. Хоёр дахь том шийдвэр нь иргэний агаарын тээврийн салбарыг либералчлах эхлэл тавигдсан. Сөүл, Бээжингийн чиглэлд нэг авиа компани монополь байх давуу эрх олгосон УИХ-ын хуучин тогтоолын шийдвэрийг цуцалсан. Ингэснээр энэ чиглэлд хоёр дахь компани орж ирэх зам нээгдэв. Чөлөөт өрсөлдөөн бий болсноор тийзийн үнэ хямдарч, нислэгийн тоо олширно гэсэн сайн тооцоолол бий. Дээр нь гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж, тэр хэрээр манайд валют орж ирнэ. Цаашлаад МИАТ-ийн 49 хувийг хувьчилснаар менежмэнт нь сайжирч, Монголын агаарын тээврийн салбар бүрэн утгаараа либералчлагдаж хөгжих юм. Их хурлын гаргасан гурав дахь том шийдвэр бол “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт орууллаа. Энэ тогтоолд Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг тусгасан юм. Тодруулбал, төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх чухал ач холбогдолтой ажил болно. Ямартаа ч УИХ-аас эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх хууль, тогтоолууд баталчихлаа. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Тиймээс Засгийн газарт том хариуцлага ногдож байна. Наадмын уур амьсгал орсон зун цагт Засгийн газар амрах ч эрхгүй гэсэн үг. “Зун бол амралт зугаалга биш. Ажлын цаг” гэж дэлхийн тэрбумтан Билл Гэйтс хэлсэн байдаг. Түүний амжилтад хүрсэн гол түлхүүр бол ерөөсөө зуны цагийг үр бүтээлтэй ашигласан явдал. Мань эр тэр тухайгаа “Бүх хүн зун амарчихаад байхад би ажилласан учраас ийм амжилттай яваа” гэж хэлсэн нь ч бий. Тиймээс Засгийн газар энэ үед тогтвортой эрчтэй ажиллах хэрэгтэй. Аливаа бодлого шийдвэр хөрөнгө мөнгөгүй бол урагшлахгүй. Тиймээс Засгийн газар мөнгө босгохын тулд бүхий л бололцоо, гарцыг эрэлхийлж ажиллах нь мэдээжийн асуудал. Эхний ээлжинд энэ зун шинэ төмөр замынхаа ажлыг барьж авмаар байна. Намар гэхэд Таван толгойн IPO гаргах бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой. Туршлагатай, мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулж, тэдний зөвлөгөө зааврыг ч судалж, зөв менежмэнттэй хөдлөх гарц шийдлээ олох нь хамгийн чухал. Энэ зун хамгийн их хариуцлагатай ажиллах даалгавар У.Хүрэлсүхийн нуруун дээр буув. Иймд нам бүлэглэлийнхээ эрх ашгийг хойш тавиад улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад хамаг анхаарал, ур чадвараа дайчлан хурдтай ажилламаар байна. Тэгээд ч ард түмэн Засгийн газарт итгэж эхэлж байгаа үед урмыг нь хугалчихгүйг хичээх ёстой. Засаг төр бол ард түмний аманд орж байгаа хоолыг ажлаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, ард иргэдээ ажлын байраар хангаж, ядуурлаа бууруулж, дундаж давхаргыг хөгжүүлэх амин сүнс нь зөвхөн зөв бодлого. Тиймээс үүргээ ухамсарлаж, найр наадам хэсч назгайрах эрхгүй улсууд бол Засгийн газар юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *