Categories
мэдээ улс-төр

Энэ онд сургууль цэцэрлэгүүдийг барих болон өргөтгөхөд 73.5 тэрбум төгрөг зарцуулна

ЗурагУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байнгын хорооны гол анхаарлын төвд цэцэрлэг сургуулиудын өмнө тулгамдаж буй асуудлууд байнга байсаар ирснийг тэмдэглээд “Энэ оны төсвийг батлалцахдаа боловсролын салбарыг хөгжлийг дэмжсэн хөрөнгийг илүүтэй суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийг шинээр барих болон өргөтгөхөд 73.5 тэрбум төгрөг суулгаснаас 86 цэцэрлэг 29 сургуулийг шинээр барьж, 16 цэцэрлэгийг өргөтгөхөөр болсон. Хамгийн гол нь гурван ээлжээр хичээллэж буй явдлыг таслан зогсооход анхаарч ажиллаж байна” хэмээв. Харин УИХ-ын гишүүн Н.Учралхэлэхдээ, “Залуучуудын хөгжлийн тухай хууль энэ оноос хэрэгжиж байгаа ба энэ хүрээнд нийт 21 эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргах ёстой. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдлаа. Тэдгээр төвүүд ажиллаж эхэлснээр залууст хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг таван төрлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ цаашид гарааны бизнес дэмжих үйл ажиллагаа үзүүлдэг болно. Мөн шинэ санаа санаачилгад хөрөнгө оруулдаг болох, гарааны компаниудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга намрын чуулганы хугацаанд баталсан Донорын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд хууль батлагдсанаар үүдэл эсний банк байгуулсан. Ингэснээр цусны хавдар, чихрийн шижин, цус багадалт, удамшлын зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдсэн. Нөгөөтэйгүүр эс эд эрхтний сурталчилгаа хийхийг хориглосноор энэ төрлийн наймаанаас сэргийлж чадсан. Түүнчлэн хүүхдийг донор болгох ганцхан заалт туссан ба хүүхдийн ясны хэм, чөмөг эргэн төлждөг тул донор болгож болохоор заасан. Тодруулбал, хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг эх, асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр урьдчилан авахаар тусгасан” гэлээ.

Тус өнгөрсөн хугацаанд байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, УИХ-ын таван тогтоол, байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын дөрвөн тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 57 удаа хуралдуулсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *