“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өрхийн эрүүл мэндийн төв, эмч ажилтнуудыг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас хардаггүй. Төрийн байгууллагын нүүр царай, анхан шатны нэгж гэж хардаг. Нийслэлийн зүгээс та бүхнийг үргэлж дэмжин ажилладаг. 2018 онд нийслэлийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн салбарт 780 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид 710 сая төгрөгийг төсөвт суулган тендер зарлах ажил хийгдсэн байна. Мөн энэ онд Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээгээр 10 ӨЭМТ барихаас гурван эмнэлгийн барилгыг энэ онд барьж эхлээд байна. Та бүхэн энэ зөвлөгөөнөөс ололт амжилт, алдаа оноо хийж хэрэгжүүлж буй ажлаа ярилцаж цаашдын хөгжлийн гарцыг зөв тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
НЭМГ-ын Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг ярихдаа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь иргэдэд хамгийн түрүүнд хүрдэг. Бид өнгөрсөн жилээс гурав дахь шатны эмнэлэгээс бус анхан шатны эмнэлэгийн үйлчилгээнээс эхлэн сайжруулалт, шинэчлэлтийг хийх зорилгоор тодорхой ажлуудыг өрнүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт нь нэг хүнд шаардагдах анхны тусламж, үйлчилгээний хэмжээгээр нэг хүнд 15 мянга гаруй төгрөг гэж тооцдог. Энэ нь эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэхэд хангалттай биш. Тулгамдаж буй олон асуудлыг бид өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шийдвэрлүүлэх болно” гэв.
Зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцож цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан иргэдэд хүртээмжтэй жигд чанартай үйлчилгээг хүргэх тухай зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ажилдаа идэвх санаачлагатай ажилласан ӨЭМТ-ын эмч ажилтнуудад шагнал гардуулсан юм.
Энэ жил НЭМГ-ын 80 жилийн ой тохиож байгаа юм байна.
Л.Анударь