Энэ онд хотын төвийн зарим замыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын холбоос замыг барих зэрэгт нийт 14 километр авто зам тавихаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй төлбөртэй зогсоол 17 байсан бол одоо 42 болсон байна.
Мөн Замын цагдаагийн уулзварын хоёр түвшний огтлолцол бүхий гүүр энэ онд ашиглалтад орох аж. Үлдсэн 18 уулзвараас зургаан уулзварын хоёр түвшний огтлолцол гүүрний зураг, төслийн ажлыг хийж дуусгаад байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Үүнд Таван шар, Саппорогийн уулзвар, Баянбүрдийн тойрог, Зуун айл, Дарь-Эхийн уулзварууд багтаж байгаа юм. Санхүүжилтийг БНХАУ-ын EXIM банкнаас гаргуулахаар хэлэлцэж байна.
Эдгээр уулзваруудыг огтлолцол болгож, явган хүний гүүрэн гарцыг барьснаар тээврийн хэрэгслүүд ойр ойрхон уулзвар, олон гэрлэн дохионд зогсох шаардлагагүй болж, түгжрэл буурах юм. Улаанбаатар хотын төвийн авто зам одоогоор хангалттай тавигдаад байгаа учир 2019 онд иргэдээс ирсэн санал, хүсэлт болон авто замын мастер төлөвлөгөөний дагуу манай хотын гадна тойрог болох гэр хороолол руу чиглэсэн авто зам тавих ажлыг түлхүү гүйцэтгэхээр төлөвлөөд байна” гэлээ.