Categories
мэдээ улс-төр

Энэ намрын улс төрийн халуун цэг: МАН-ын генсек Д.Амарбаясгалан намтайгаа дайн зарлах уу DNN.mn

Хаврын улс төрөө хааж амжилгүй “морь, бөх, сур”-аа байлж сонгуулийн оршлоо амжилттай хийгээд ирсэн улстөрчдийн намрын халуун өдрүүд албан ёсоор эхэллээ. Нээлттэй сэдэв нэлээдийг үлдээж “тавьж хоносон хоол” элбэгтэй МАН-ын улс төр энэ намар жинхэнэ буцлах төлөвтэй. Наадмын хуушуур, нутгийн ойн ард ирэх намрынхаа улс төрийн прогноз, төлөвлөлтийг хийгээд ирсэн тэд өнгөрсөн долоо хоногт намрынхаа улстөржилтийн туузыг үндсэндээ хайчилчихсан.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах шаардлага бол МАН-ын дотоод зодооны эхлэл болов уу. Сүүлийн найман жил ордны бүү хэл гудамжны улс төрөөс ангид байсан Ардчилсан нам энэ намрын улс төрийн салхийг хагалж буй нь жам ёсны үзэгдэл мэт боловч цаанаа учиртай дуулдана. Шууд хэлбэл 80 гаруй жилийн түүхтэй Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг урьдчилан тэмдэглэсэн баярын өдрүүдээр сонгууль хүртэлх улс төрийн акц, жагсаал, цуглааны товууд гарсан сурагтай. Говь-Алтай аймгийг 1940 онд үүсгэн байгуулсан байхад 100 жилийн ойг нь бярдаж хийсэн Д.Амарбаясгалан сайдыг тойрч энэ асуудлууд яригдсан байх магадлал өндөр.

Тэд найман жилийн дараа Алтай аймаг, 20-иод жилийн дараа Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг мөн тэмдэглэж таарах нь. Анхны 100 жилээ тэмдэглээд ирсэн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, гишүүн П.Батцацрал хоёр ийнхүү улстөржилтийн халуун цэгт явж орлоо. Хоёул Д.Амарбаясгалантай нэг нутгийнх бөгөөд П.Батцацрал нь ижил төрлийн бизнес эрхэлдэг гэх мэдээлэл бий. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, П.Батцацрал нар АН-ын үйл ажиллагааг сэрээв үү, Ардын намын улс төрийг эхлүүлэв үү гэдэг асуултыг албан ёсоор тавьж болно. АН-ынхан Ардын намын дарангуйллын эсрэг, ард түмний эрх чөлөөний төлөө 30 жил тэмцэж ирчихээд арай ч үер усны гашуун зовлон, үхэл хагацлын хар сүүдрээр оноо цуглуулах гэж жагсаал хиймгүй учир ингэж хардаж байна.

Өөрсдийнхөө төлөө “Ажлаа хий” гэх зэргийн жагсаалыг бодоод олчихдог, хийгээд үзчихсэн МАН-аас энэ зэргийн санаа гарч мэдэх учир тэр зүгээс шидсэн чулуу ч байж мэднэ.

Олны яриа ортой гэлцдэг. Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн үеэр нийслэлийн Засаг даргыг эхлээд, дараа нь Засгийн газрыг түлхэн унагах яриа болсон гэцгээж байгаа энэ үед амтай юм шиг тэмцэл эхэллээ. МАН-ынхан юу гэж сонгуулийн өмнөх жил дотоод зөрчлөө нийгэмд дэлгэж хотоороо, засаг төрөөрөө, намынхаа даргаар оролдох билээ гэсэн асуултыг асууж мэднэ. Гэхдээ тэдэнд гарцаагүй ужгирсан асуудлууд олон бий. МАН-ынхан хаврынхаа улстөржилтөөс хойш тавьж нээлттэй үлдээсэн хамгийн том сэдэв бол Г.Занданшатар даргын хамар дор бий. Тодруулбал, нүүрсний сонсгол.

Хөгжлийн банкны сонсгол хэмээх “Төрийн ордонд болсон шүүх хурал” яалаа. Хууль, шударга ёсыг завхруулсан гэх этгээдүүд шүүхээс ял авахаасаа өмнө Төрийн ордонд дуудагдан очоод улайтал байцаагдаж, нийгэмдээ яллуулж орох, байх газаргүй болтлоо буллид өртсөн. Тэгвэл нүүрсний сонсгол үүнээс ч халуун, бүр халуун болно. Гол асуудал нь МАН-ын хийгээд Засгийн газрын гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан дарга руу сонсголын сөрөг үр дагавар шууд эргэж, нэр төрийг нь сэвтээсэн шиг сэвтээнэ гэдгийг өнгөрсөн хавраас хойш хангалттай ярьж, бичицгээж байгаа.

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын бичиж, мэдээлж байснаар Д.Амарбаясгалан түүний зөвлөх Ц.Чулуунзагд нарын хамаарал бүхий 10 гаруй хүн энэ асуудалд шууд татагдан орно гэж байгаа. Нүүрс тээврийн асуудлаас эхлээд Таван толгойн баруун, зүүн Цанхийн голд байрлах Бор тээгийн ордыг түшиглэн “Админерал” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр барьсан гэх шууд хамаарлын баримтыг хэвлэлүүд цохон тэмдэглэсээр буй.

30 жилийн хугацаанд Бор тээгийн нүүрсний ордыг ашиглахаар бүх бичиг баримтаа бүрдүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа гэдгийг бичиж, мэдээлцгээсэн.

Өнгөрсөн хавар Eguur.mn сайтын мэдээлснээр “Д.Амарбаясгалантай ойр шадар ажиллаж байсан, өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав нь нүүрс баяжуулах үйлдвэр барьж буйн дээр өнгөрсөн хугацаанд ЭТТ ХК-иас нүүрс тээвэрлэсэн, худалдсан байх магадлалтай байгаа юм. “Админерал” ХХК-ийн түүхийг 2018 оны дөрөвдүгээр сараас бичнэ. Анх Ц.Ламжавын урилгаар БНХАУ-ын эрдэмтэн ЭТТ ХК-ийн уурхайд зочилсон байна. Улмаар уурхайн үнслэг ихтэй нүүрсийг баяжуулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, ХБНГУ-ын технологийг нэвтрүүлэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд, “Админерал” ХХК нь 2021.07.02-ны өдөр Монгол талаас “Моновант” ХХК, БНХАУ талаас “Quzhou Longyuan Trading” Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-иуд хөрөнгө оруулснаар байгуулагдсан байна. “Моновант” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав юм. “Админерал” ХХК нь 2021 оны гуравдугаар сард ЭТТ-н уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргын коксжих, кондицийн бус болон найм, есдүгээр давхаргын хагас коксжих нүүрсийг худалдан авч, дээжийн нүүрсийг тээвэрлэх, хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан байна. Үйлдвэр барихын сацуу гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ” гэх мэтчилэн бичигдэж байлаа.

Асуудал иймдээ тулсан учир нүүрсний асуудалд холбогдсон хүн бүр энэ намрын хамгийн халуун сэдэв “Нүүрсний сонсгол”-оос үнхэлцгээ хагартал айж байгаа. Нүүрсний хулгайн 40 их наядын гэх асуудал сөхөгдсөн цагаас эхлэн “Нүүрсний хулгайг манай Засгийн газар шүгэл үлээж илчилсэн” хэмээн ярьж, энэ талаарх мэдээллүүдийг олон нийтэд өгч байсан Засгийн газрын гол хүн, МАН-ын хамгийн нөлөө бүхий эрх мэдэлтэн Д.Амарбаясгалан өөрөө энэ хэрэгт татагдан орсон нь асуудлыг улам ээдрээтэй болгочихоод байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан эхлүүлсэн “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа” өөрийнх нь эсрэг чиглэж ч магадгүй нөхцөл байдалд хүрч байх шиг. Нэг ёсондоо энэ намар нүүрсний сонсгол болох аваас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга олон түмний өмнө нүүрстэй ямар ч холбоогүй гэдгээ нотлох томоохон сорилтод дуудагдана. Нотолж чадахгүй бол улс төрийн карьер нь дуусна. Хэрвээ нүүрсний сонсгол болохгүй бол Монгол Улсын Засгийн газрын буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа буруу хойшоо хазайж түүний улс төрийн замналд томоохон гарз учирч болзошгүй болоод байна.

Говь-Алтайн гаралтай Ардчилсан намынхны тэмцлийн дараагийн хурц хэлбэр нь “Засгийн газар огцор” байх вий. Энэ намрын тэмцлийн салхийг Говь-Алтай нутгаас хагалах болсны цаад учиг ингэж уншигдаж байна. Одоо гагцхүү Ерөнхий сайд болоод УИХ-ын даргын зориг мэднэ. “Тавьж хоносон хоолоо барж идэх”-ийг нь ард түмэн анхааралтай ажиглаж байгаа.

З.Ядам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *