Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

ЭМИРИЙН ОРДОНГ эзэгнэсэн өдрүүд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг дахин нийтэлж байна.


-КУВЕЙТИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Эмирийн
ордны титмэн дээр Арабын тэнгэрт наран мандахыг харлаа. Зуны өг­лөө хадан хавцлын дор цэц­гийн шүүдэр дэвсэж хэв­тэхүйд уулсын цаанаас асгаран гийх нарны туяа эрвийн сэрвийх хадан цохионы наагуур цаа­гуур сүлжилдэн, орчлон дэл­хийг булхан байдаг сан. Эргэн тойрон чимээ аниргүй дүнсийх ордны цэцэрлэгт үүрийн гэгээнээр алхахуйд тийм л сэтгэгдэл төрж, цасны зөөлөн будраагаар даллан хоцорсон Улаанбаатарын өглөө бодогдох авай. Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Кувейт улсад хийж буй албан айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Эмирийн ордны гадуур эрхэм­сэгхэн алхаж буй минь энэ ээ. Цардмал замын хажуугаар жигд­хэн ургуулсан далдуу мод алгуур­хан сэвэг­нэнэ. Зуны ид халуунд тавин хэдэн хэм хүрч энд тэндхийн алтан гулдмай нь хайлмагтан урс­маар бэрх нөхцөлд сэрүүн газрын мод, цэцэг навчийг хэрхэн ингэж ургуулдаг байна хэмээн өөрийн эрхгүй бодо­хоор. Гэвч Кувейтэд болохгүй гэсэн бүхнийг болгож, манайх­ны хэлдгээр цементэн дээр цэцэг ургуулж очсон бүхний нүдийг орой дээр нь гаргадаг байна шүү. Тэрхүү ангамал цөлд бий болгосон бүтээн байгуулалтыг нь нэгд нэгэн­гүй тоочно гэвээс бараг­дахгүй. Сонины энэхэн зайд ч үл хүрэлцэх буюу. Юуны өмнө Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Элбэгдор­жийг хэрхэн ёс төртэй угтсан хий­гээд ямархан хэмжээнд хү­лээн авсныг хэлэх нь зүйтэй.
Ерөнхийлөгчтэй Кувей­тийн Ерөн­хий сайд, Үндэсний Ассамб­лейн дарга, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувей­тийн сангийн захи­рал, Хөрөнгө оруулалтын газрын захирал тэргүүтэй албаны олон хүн уулзаж, гэрээ хэлэл­цээр хийсэн талаар өмнө нь мэдээлсэн учир дахин давтах нь илүүц биз ээ. Харин Шүрэн­гийн усан цахилгаан станц барих, Хөвсгөлийн Тариа­­лан-Мөрөнгийн хатуу хучилттай зам тавих төс­лүү­дэд Кувейтийн сангийн зүгээс хөнгөлөлттэй зээл олгох болсон зэрэг айлчлалын үр дүнгийн мэдээллүүд энгийн иргэ­дэд ч хүрсэн байна лээ. Төрийн зарим нэг айлчлал сүржин нэртэй дар­жин боллоо гэдэг шиг ааг амьс­гаа нь оволзон байдаг ч ачир дээрээ улс орны ирээ­дүйд ямар ч үр дүнгүй байдаг. Зүгээр л нэг, дарга сайд нарын шоу болоод өнгөрдөг шиг билээ. Тэгвэл Булан­гийн орнуу­дад хийсэн Монгол Улсын Ерөн­хийлөгчийн айлч­лал арай өөр байв уу даа, анзаараад байх нь ээ. Үүнийг Кувейтийн Эмирээс аваад албаны бүхий л хүмүүсийнх нь уулзалт гэрчлэх буй за. Миний бие айлчлал дагасан албаны сурвалж­лага бичих­гүйг эрмэлзсэн ч зарим нэг зүйлийг тэмдэглэлгүй өнгөрч бо­лох­гүй нь жам юм хойно доо.
Айлчлалын
бүрэлдэхүү­нийг Монголын талаас угтаж авсан хүн нь Элчин сайд К.Сайраан. Хэдхэн жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Их хуралд сууж байсан эл эрх­мийг гурван жилийн өмнө Кувейтэд анх удаа Монголын Элчингээр томи­логдсоныг манайхан гадарлаж байгаа. Тэрээр Монголынхоо төрийн тэргүүнийг Элчингийн нөх­дийнхөө хамт угтсан. Мэдээж эрхэм дээд Эмир болоод угсаа залгамж­лах хунтайж зэрэг Арабын Шейхүүд угтсан нь ойлгомжтой. Онгоцны бууд­лаас Эмирийн ордон Баяан руу хөдөллөө. Хүн бүр л нэг ма­шинд сууж байгаа юм. Сэтгүүлчид хоёр, гурваараа суугаад авав. Тэгтэл бидний суусан машин цуваа­наа­саа хоцорчихдог байгаа. Жолооч залуу маань замд өөр маши­ны жолоочтой, мөн замд таарсан цагдаа нартай ярьж бай­гаад хоцор­чихсон хэрэг. Өөрөө цэргийн хүн юм байна л даа. Үгүй ээ, мөн хэнэггүй байгаа юм шүү. Ерөн­хийлөг­чийн цуваанд явж байж. Тэгтэл бөглөөнд орчихож байгаа юм. Долоон цаг нисээд үдийн нэг цаг өнгөрч байхад Кувей­тэд газард­сан. Нэг цаг гучин мину­тын орчим Баяан буудал руу зорьж яваа минь тэр. Замын бөглөөнд орсон нь учиртай. Үдийн хоёр цагт албан байгууллагуудын ажил тар­даг юм байна. Ажил тарах үед замын ачаалал ихэсдэг аж. Түүнээс бусад үед гайгүй юм билээ. Замын хажуу­гаар явган хүн харагдаагүй. Мэ­дээж бүх хүн машинтай. Манайхан шиг зам дагаад алхаж байдаг, эс бөгөөс такси унаа гээд өвлийн хүй­тэнд нэгнээсээ өрсдөг ойлголт тэнд үнэндээ алга аа. Ажлын таван өдөртэй. Тав дахь өдөр амралтынх, бүтэн сайн аж­лынх. Дөрөв дэх өдрийн үд гэхэд ажлаа тарчихаад кувейт залуус гадны орнууд руу аяллаар явчих­даг гэж байгаа.
Бензин
монгол
мөнгөөр
гурван
зуун төгрөг. Шатахуун түгээх станц дээр очсон машин банкаа дүүргэж аваад л хөдөлнө. Төдөн литрийг авна гэсэн ойлголт бас үгүй. Ерөө­сөө л халигуулж цалгиу­лаад л хөдөлнө шүү дээ. Нефть нэвт олгойд­­дог улсад тэгэхээс ч өөр яах билээ. Нефть нэвт олгойддог гэс­нээс онгоц газардахын өмнөхөн өнөө савтай зүйлүүд дээгүүр чинь нэгэнтээ эргээд авч бай­гаа юм. Тэрхэн мөчид “тар­гийн нэрмэл мэлтэлзэнэ дээ, мэлтэгнэнэ дээ…” гэсэн дууны бадаг санаа бодолд долгион булаагаад л орж ирнэ билээ. Үнэхээр ч “тагш”-аар нэг мэлтэлзэж байсан даа. Арван­хоёрдугаар сарын дунд үе бол Кувейтийн хам­гийн сайхан улирал гэнэ. Нар тэгтлээ улайсдаггүй, зөөлөн сэвэлзүүр салхитай. Тэсгим өвлийн хүйтэн тачигнасан цаг дор очсон бидэнд гэв гэнэт­хэн улирал солигдсон мэт сонихон мэдрэмж төрж бай­саан. Эмирийн Баяан ордон бол ёстой нэг үлгэрийн гэмээр л санагдсан шүү. Чулуун шат довжоо, орчин үеийн загвар бүхий хийц,
эртний
гоёмсог
чамин хээр хуар, гаднах цэцэрлэг, араб маягийн чимэглэл бүхий ойр тойр­ны орчин нь нүд булаам хээнцэр. Цаанаа утга агуулгатай.
За тэгээд Кувейтийнхэн толгой дээгүүр, ихэмсэг бардамхан аж төрдгийг нь хэлэлгүй өнгөрч болом­гүй. Үндсэн харьяат иргэд нь аливаа албан байгууллагын дарга, захирал цаад тал нь ерөнхий менежерээс доош ажил хийх эрх­гүй. Зүгээр суух аваас хувийнх нь хадгаламж руу өдөр бүр дол­лар урсах бүлгээ. Харин Энэтхэг, Банг­ла­деш, Индонез, Непал, Филип­пиний иргэдийг зарц­ална шүү дээ. Эмирийн ордны цэцэрлэгт хүрээ­лэн­гээр алха­хуйд дандаа л дээрх улсын залуучууд гүйлдэж байгаа юм. Ордон дотор ч ялгаагүй. Тэд л үйлчлэгчийн ажил
эрхлээд
боол шиг зүтгэнэ. Давхар бүрт хоёр гурван ресторан­тай. Хэдийд ч орсон үйлч­лэгчид нь бөхөлзөөд угтаж байгаа юм. Хоолны газар ихэвчлэн филиппинчүүд ажил­ла­даг юм билээ. Харин хар ажил, шал шавхай угаа­хад непал, энэт­хэгчүүд гүрийнэ. Тэд цалин хөлс харьцангуй бага авдаг тухай хэлж байсан. Кувейтүүд өөрсдөө өндөр цалин авдаг хэмээн үнэнээ хэлж байсан.
Айлчлалын
эхний өдрийн орой эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн­дэтгэж зоогт урилаа. Эмирийн хүлээн авалтын өргөө, танхим том ч гэж жигтэйхэн, гоёмсог чамин гэж жигтэйхэн. Зүгээр нэг санд­лынх нь юм уу, танхимынх нь гэрлийн чимэг­лэлийн үнэ гэхэд л замбараагаа алдсан байлгүй. Бүх зүйл нь алт гэж хэлэхэд юу юм. Гэхдээ үнэт шигтээ, чимэглэл, хийцийг нь хараад дуу алдмаар шүү. Оройн зоогт Кувей­тэд суугаа Элчингүүд бүгд уригдсан бай­лаа. 100 гаруй Элчин төлөө­лөгчөөс 90 орчим нь ирлээ гэсэн албан мэдээ дуулд­сан. Уул нь яг тэр үеэр Кувейтийн шинэхэн томи­лог­доод байсан Ерөнхий сайдын урилгаар ямар ч билээ дээ, нэг орны Засгийн газрын тэргүүн уригд­сан байсан. Даанч манай Ерөнхийлөгчийн айлчлалын сүрд дарагдаад чимээгүй өнгөрөх шиг болсон доо. Зоогийн хүндэт тан­хи­мын өмнө ноён Эмир Элбэгээ Ерөнхийлөгчийн хамт зог­соод бүх зочдоо угтан авч байлаа. Тэр хоёр хичнээн ч хүнтэй гар барьсныг бүү мэд. Харин нэг зүйлийг онцлоход, энэ олон зочдын дундаас дөрвөн хүн монголоор мэн­дэл­лээ гэж Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч хэлж байсан. Бас үг шүү.
Эрхэм дээд Эмир, Монгол Улсын Ерөнхийлөгчийг онгоц­ны буудал дээр хүндэт­гэн угтан ава­хаас аваад хоёр улсын дээд хэм­жээний уулзалтын мөч оройн зоог гээд бүхий л үйл явцад гүн хүн­дэтгэлтэй хандаж, ихэд дээдлэн буй нь мэдрэгдэж байсан юм. Хоо­рондын яриа хөөрөө нь тун энгийн байсан. Тэр тухай дараагийн тэм­дэглэлдээ өгүүлэх буюу.
Албан бус тоогоор хоёр зуу гаруй зочид цугласан хүлээн авал­тын танхимд сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэснээр зоогийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ зуур нэг зүйлийг бас дуулгаад авъя. Кувейт­чүүд ерөөс Арабынхан ихэд халуун дулаан хүмүүс юм билээ. Хоорон­доо ярьж хөөрөх нь мөнчиг аял­гуутай шүү дээ. Шашны мөргөлөө үйлдэж байгаа юм шиг л уянга­луулаад ярина. Зэ тэгээд уулзахаар үнсэлцэнэ гэж элгийг нь авна шүү дээ. Нүүр ам нь битүү сахал самбаа болсон, тэргүүндээ цагаан саарал алчуур ороосон эрчүүд хацар, дух, уруул дээрээ шов шов хийтэл үнсэлцэнэ. Их дотнын хүмүүс бүр олон дахин үнсэлцээд байх шиг.
Сахалтай
харчууд
хацар дээрээ нялуун гэгч үнсэлцэхийг дэргэдээс нь харахад эхэн үедээ эвгүй юм билээ. Үйлчилгээний газар, зоогийн танхимд бүсгүй хүний бараа харагдаагүй. Эмирийн ордонд ч Кувейт бүсгүйн бараа хараагүй шүү. Дэлгүүр болон олон хөлийн газраар бол бүс­гүйчүүд явна. Хар өнгийн хувцас­тай. Нүүрээ гивлүүрээр тас бүтээ­чихнэ. Зарим нэг нь хоёр нүдээ ч ил гаргахгүй. Нүүгэлтсэн хар юм л гунхана даа. Хадамд гараагүй бүсгүйчүүд нь хар гивлүүртэй яваад байна уу гэсэн үгүй юм билээ. Ерөөс бүгд л гивлүүртэй юм билээ. Гэхдээ тэдгээр бүсгүйчүүд дэлгүүрт ууц нуруу, хүзүү цээж нь ил гарсан даашинз сонгоод зогсож байхыг хараад амжсан шүү. Бас л сонин байгаа биз. Хурим хийж буй айлд манай Элчингийн бүсгүйчүүд зочил­­сон тухайгаа хэлж байсан. Хуримлаж буй хосууд тусдаа баяраа тэмдэглэдэг гэж байгаа. Яг тэрхэн мөчид хүүхнүүд нь гивлүүрээ бүр хувцсаа тайлдаг гэж байгаа. “Хувцсаа нимгэлэхээрээ ямархан юм бэ дээ, кувейт хүүхнүүд” гэхүйд, их ялдамхан юм билээ. Бие хаа нь тэгш, нүд хөмсөг гэж “тасархай”, шилбэ, бэлхүүсийг нь нарийн ажихуйд зураг шиг даа гэж дуу алдсан. Хүүхнүүд тэгж дуу алдахыг бодоход өв тэгш санагд­сан даа. Хувцасных нь цаанаас бол жаахан махлаг юм
уу даа гэсэн бодол төрсөн. Ер нь бүсгүй­чүүд нь гэлтгүй кувейт эрчүүд тун өндөр биерхүү, махлаг хүмүүс юм билээ. Холоос алхаад ирж буйг нь харахад таахага таахага гээд л мөн ч явж ядна. Энэ мэт Эмирийн ордныг эзэгнэсэн өдрүүдийн тэм­дэг­лэл цааш үргэлжлэх юм аа.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *