Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн багийн тэмцээнд “Хилчин” түрүүлэв

Чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг багуудын “Arj Cup” цомын төлөө анхдугаар тэмцээн Спортын төв ордонд амжилттай болж, “Хилчин” багийн ялалтаар өндөрлөв. Тус тэмцээнийг 31 сая төгрөгөөр “Арж капитал” компани ивээн тэтгэжээ. Тэмцээнд З.Дүвчин, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны I баг”, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны II баг”, Ц.Баярсайхан, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, Д.Батням дасгалжуулагчтай “Цастын барс” клуб, Д.Мөнхбаяр, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан-Налайхын нэгдмэл баг”, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Охидын академийн баг “ зэрэг 7 баг хоёр хэсэгт хуваагдан барилдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав ажиллав.

Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, ОУХМ А.Батцэцэг, С.Бямбацэрэн, Э.Даваачимэг, Г.Наранчимэг, Б.Нямгэрэл, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, П.Орхон, Э.Сумьяа нарын шилдэг бөхчүүд тэргүүлсэн ахмад болон залуу үеийн эмэгтэй бөхчүүд зодоглов.

“Хилчин” спорт хорооны баг “Хас-Мегастарс” багтай нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж баг 5:3 онооны харьцаагаар ялж Алтан цом, 10 сая төгрөгөөр шагнагдлаа. “Хас-Мегастарс” баг хоёрдугаар байр эзэлж 8 сая төгрөгийн шагнал хүртлээ. “Алдар спорт хорооны I” баг “Арслан-Налайхын нэгдмэл” багтай гуравдугаар байрын төлөө өрсөлдөж 7:1 онооны харьцаагаар ялж 5 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Дөрөвдүгээр байр эзлэсэн “Арслан-Налайхын нэгдмэл” баг 800 мянган төгрөгийн шагнал хүртлээ. Өмнөх тойрогт “Алдар хорооны II” багийг 6:2 онооны харьцаагаар буулган авсан “Охидын академийн баг“ тавдугаар байрын төлөө барилдаанд “Цастын барс”-ийг онооны харьцаагаар хожиж 500 мянган төгрөгийн шагнал хүртэв. Тэмцээний шилдэг бөхөөр гавьяат тамирчин С.Батцэцэгийг шалгаруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *