Стефан Цвейгийн “Эмэгтэй хүний амьдралын 24 цаг”-ийг уншчихад
гэмгүй бүтээл. “Танихгүй эмэгтэйн захидал”-аар нь Стефан Цвейгийг монгол уншигчид
андахгүй. Торгон мэдрэмж бүхий энэхүү бүтээлээс
нь ч эмэгтэй хүний сэтгэлийн нарийн ширийн
ханхална. Эмэгтэй хүнд бүхнийг хаяад, бусдын чичлэхийг ч тоолгүй, таалагдсан
эрээ дагаад явчихаар санагдах эргэлтийн
үе байдаг бололтой юм. “Эмэгтэй хүний амьдралын 24 цаг” тийм нэгэн бүсгүйн түүхээр
эхэлнэ. Жижигхэн сувиллын газарт болсон явдал. Цэмцгэр төрхтэй, эелдэг франц залуу бүгдэд таалагдана. Хүн бүртэй найрсаг харьцах
тэрбээр үйлдвэрийн эзний охид болох 12 настай
Аннет, 13 настай Бланш нартай тоглож, тэдний ээж Анриэт хатагтайтай далайн эргээр удтал зугаална. Нөхөр нь харин энэ бүхнийг үл анзааран найзтайгаа
даалуу тоглож суудаг. Гэтэл удалгүй хатагтай
Анриэт, тарган нөхөр, өсвөр насны охидоо хаяад, франц залууг дагаад алга болжээ.
Цэмцгэр сайхан залуугийн төлөө, тарган хөдөөний нөхрөө хаяж одсон 33 настай журамт эмэгтэйн тухай хэлэлцүүлэг амрагчдын дунд өрнөнө. Далайн эргээр хоёр цаг зугаалсан, цэцэрлэгт нэг
цаг хамт кофе ууж суусан нь гэр бүлээ хаяад
зугтахад хангалттай хугацаа байж гэнэ. Зохиолч өөрийн санаагаа “Би” баатраар дамжуулан
илэрхийлнэ. Амрагчид энэ үйл явдлыг шүүн хэлэлцэх үед бүгд л “Шударга эмэгтэй гурван
цаг ойртож танилцсан залуутайгаа оргон зайлах нь боломжгүй” гэж байхад ганцхан тэрбээр “Эхнэр, нөхрийн олон жилийн уйтгартай
амьдралд зүдэрч гүйцээд, анхны зоригтой довтолгоо
боллоо гэхэд сэтгэлдээ бууж өгөхөд бэлэн болсон
эмэгтэй ердөө л зугаацахын тулд ийм гэнэтийн шийдвэр гаргах боломжтой” хэмээн
мэтгэлцдэг. Гэсэн ч хатагтай Анриэт зохиолын гол баатар биш байлаа. Мэтгэлцээний
үеэр жинхэнэ гол баатар эмэгтэйн түүх сөхөгдөнө. “Би” баатрын яриаг сонссон цасан
цагаан үстэй, настай англи эмэгтэй хатагтай К
мань эртэй энэ сэдвээр аминчлан ярилцах
болов. “Ер нь эмэгтэй хүн гэнэтийн балмад
явдалд татагдаж, үүнээс өмнө бол санаанд
багтамгүй санагдах үйлдлийг хийж болох бөгөөд тэглээ гээд эмэгтэй хүнийг буруутгаж болохгүй гэж та бодож байна уу” хэмээн
хатагтай лавладаг. “Ийм тохиолдолд ёс суртахууны аливаа хэмжүүрийг
үгүйсгэж болно. Мэдээж хатагтай Анриэт баатар биш. Миний мэдэж байгаагаар тэр ердийн
сул дорой эмэгтэй бөгөөд гагцхүү хүслээ дагах
эр зориг гаргасных нь төлөө би түүнийг зарим
талаар хүндэтгэж байна. Тэр эмэгтэйн хийсэн зүйл тэнэг байж болох бөгөөд бодлогогүй
алхам гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ түүний
үйлдлийг дорд бөгөөд шившигтэй гэж нэрлэж
яасан ч болохгүй” гэсэн залуугийн хариуг сонсоод мөнөөх хижээл сурвалжит эмэгтэй
түүнд өөрөөсөө ч нууж явсан эмзэг дурсамжаа
өчдөг.
Хатагтай К-гийн ярих түүх ердөө л 24 цагийн дотор болж өнгөрчээ.
Амьдралдаа цорын ганц удаа ухаангүй алхам хийж үзсэн нь тэр гэнэ. Баян газрын эзний охин тэрбээр 42 нас хүртлээ
амгалан тайван амьдрал туулжээ. 18 насандаа нөхөртэйгөө танилцаж, хуримаа хийж,
хоёр хүү төрүүлсэн ч тэр жинхэнээр амьдарч үзээгүй байлаа. Дөч гарч байхад нь нөхөр
нь гэнэт өөд болж, хүүхдүүд нь насанд хүрч, гэрээ орхино. Ганцаараа утга учиргүй
мэт амьдарч эхэлсэн эмэгтэй ганцаардлаас зугтахаар Монте Карлод ирнэ. Казинод тэрбээр,
хүүтэй нь ойролцоо насны, мөрийтэй тоглоомд
донтсон сайхан залууг олж хардаг. Хамаг мөнгөө
алдаж, үхэхээс өөр замгүй болсон залуугийн амьдралд бүсгүй өөрийн
мэдэлгүй хутгалдана. Бороонд норж, үхсэн
хүн шиг гудамжны сандал дээр унасан, шал согтуу залууг аврах хүсэлдээ хөтлөгдөн
чирч гулдарсаар сүйх тэргэнд суулган дэн буудалд аваачдаг… Тэр нэгэн шөнийн явдал бүсгүйд хурц мэдрэмж төрүүлсэн нь дамжиггүй. Юутай ч байнга өмсдөг гашуудлын хар даашинзаа сольжээ. Дараа нь
бүсгүй залуу эрийг аврахын тулд мөнгө өгч, нутагтаа буцаж очихыг ятган, ахиж
хэзээ ч мөрийтэй тоглоом тоглохгүй хэмээх ам өчгийг нь авна. Амь насыг нь аврахын
тулд хатагтайн хийсэн бүхэнд залуу талархах нь дамжиггүй. Залууг үдэхдээ хатагтай К яагаад ч юм
урам хугарна. Яв гэснийх нь зоргоор дуулгавартай яваад өгөхийн оронд …“Хэрэв тэр мөчид залуу намайг тэвэрч, бас дуудсан бол би түүнийг дагаад, ертөнцийн хязгаарт хүрэх байв” гэж хожим энэ эмэгтэй үнэнээ хэлдэг. Эмэгтэй хүний
нууц аа гэж.
Б.ЯНЖМАА