Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн.

Уг саналыг байнгын хороогоор хэлэлцэн дэмжин, өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Чуулганд 43 гишүүн оролцсоноос 55.8 хувийн саналаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн юм.

Ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэсэн үндэслэлээр эгүүлэн татах санал хүргүүлсэн.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүдийн 55.8 хувь дэмжсэнээр Б.Дэлгэрмааг Ерөнхийлөгчийн гаргасан үндэслэлээр Элчин сайдаас эгүүлэн татахыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *