Цар тахлын үед эхийн эндэгдэл сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Энэ оны есөн сарын байдлаар 45 эх эндэж, 100 мянган амьд төрөлтөд 89.7 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс даруй гурав дахин өссөн үзүүлэлт аж. Энэ нь орны хүрэлцээгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, хүний нөөцийн бэлэн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг салбарынхан онцолжээ. Тодруулбал, энэ сарын 29-нд “Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөний үеэр уг асуудлыг хөндсөн юм.
Цаашид Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.1.3 дахь заалтад тусгагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гаргах аж.