Categories
мэдээ цаг-үе

Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт удахгүй эхлэх нь тодорхой болжээ

Монголыг
эрчим хүчний хараат байдлаас гарахад мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх Эгийн голын
усан цахилгаан станц төслийн ажил урагштай байна. Засгийн газар энэ долоо
хоногийн эхний өдөр станцын бүтээн байгуулалтын өмнөх шатны ажлыг концессийн
гэрээгээр гүйцэтгэе гэсэн шийдвэр гаргасан нь эдийн засаг хүндхэн байгаа энэ
өдрүүдэд таатай мэдээ болж чадлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн
ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл өнгөрсөн онд
хэлэлцээд дэмжсэн юм. ТЭЗҮ-д төслийн
нийт өртгийг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ.Эгийн голын Усан цахилгаан
станцыг Улаанбаатар хотоос авто замаар
450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн
бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барих юм. Суурилагдах хүчин чадал нь 315 МВт. Жилд дунджаар 606 сая кВт.ц
цахилгаан үйлдвэрлэнэ. Тэр хавьд 5.7
тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм. Эгийн голын усан цахилгаан станц
төслийн нэгжийн холбогдох хүмүүстэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авснаа хүргэе.

Төслийг
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүрэн санхүүжүүлнэ

Эгийн голын
усан цахилгаан станц төслийн нэгжийн Эрх зүй, хөрөнгө оруулалтын албаны дарга
Д.Одсүрэнтэй ярилцлаа.

-Төслийн
санхүүжилтийн талаар сүүлийн үеийн мэдээллээс яриагаа эхэлье?

-Төслийн
санхүүжилт дээр олон төрлийн эх үүсвэрийг судалж үзсэн л дээ. Дотоодоос төсвийн
хөрөнгө оруулалт, гадаадаас гэхэд Засгийн газар хоорондын зээл, арилжааны зээл,
хүлэмжийн хийг бууруулсны төлбөр гээд бүх л шат дамжлага, эх үүсвэрийг судлаад
эцэст нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг санхүүжүүлэх
шийдэлд хүрсэн. Монголын Засгийн газар энэ оны гуравдугаар сард Хятадын Засгийн газраас амласан нэг тэрбум
ам.долларын зээлээр төслийг бүрэн санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм. Нэг тэрбум
ам.долларын зээлийн хувьд БНХАУ-ын даргын өнгөрсөн онд манай улсад айлчлах
үедээ өгсөн амлалт. Засгийн газар гуравдугаар сард баталсан тогтоолоо гэрээний
төслийн хамт ердөө сарын дараа Хятадын
Засгийн газарт хүргүүлсэн. Хятадын талаас гэрээний төслийг судалж хариу ирүүлэх
дээр цаг хугацаа зарж байгаа тал бий. Бид
Хятадын Сангийн яам, Худалдааны яам, хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх
“Экзим” банкны холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг байнга тавьж байгаа.

-Зээлийн
нөхцөл нь хэр ашигтай вэ?

-Монголд нэлээд
ашигтай. Жилийн хүү гэхэд л хоёр хувь. Зээлийг эргэн төлөх хугацаа их урт.
Хятадын тал хорин жил гэснийг бид тодорхой түвшинд ярилцаад хугацааг нь
уртасгасан. Ерөнхий сайд өнгөрсөн сард Хятадад
болсон Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод гучин жил болгож өгөөч
гэсэн санал хүсэлтийг Хятадын Төрийн зөвлөлийн даргад тавьсан юм. Хятадын тал Ерөнхий сайдын саналыг хүлээж
авсан. Энэ зээлийг төлсний дараа эрчим хүчний үнэ 1.4 цент хүртэл буурах эдийн
засгийн ач холбогдолтой. Иргэд хямд үнэтэй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг.

-Төслийн
урьдчилсан шатны ажил болох дэд бүтэц барьж байгуулахад багагүй мөнгө зарцуулж
таарна. Хятадын талаас энэ ажилд хэчнээн ам.доллар гаргах бол?

-Урьдчилсан шатны
ажлыг концессийн гэрээгээр хийе гэсэн
Засгийн газрын шийдвэр цаанаа нарийн учиртай. Төслийн урьдчилсан шатны
ажил гэж бий. Зам, гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн
ажлуудыг урьдчилж эхлүүлэхийг Засгийн
газрын түвшинд яриад дэмжлээ. Энэ ажлыг урьдчилж эхлүүлэх нь том ач
холбогдолтой. Хятадын Засгийн газрын
зээлийн төлөх хугацааг наашлуулах, станцын бүтээн байгуулалтын ажилд нэмэр
болох зэрэг сайн талтай. Наад зах нь станцын
трубин генератор зэрэг томоохон техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэж зөөхөөс эхлээд хүндрэл гарах учраас
дэд бүтцийн асуудлыг урьдчилж шийдье гээд байгаа юм. Энэ ажлыг Хятадын компани
богино хугацаанд чанартай, үр дүнтэй гүйцэтгэнэ. Хамгийн гол нь энэ ажлыг
гүйцэтгэхдээ Хятадын тал 98 сая ам.доллар гаргах юм. Зээл бүтэх хүртэл зам,
гүүр, шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой байгаа.

-Зээлийн
хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцсэний дараа эрх зүйн хувьд асуудалгүй болох байх?

-Хятадын талын
827 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцөх ёстой.
Аюулгүй байдал гадаад бодлогын, Төсвийн, Эдийн засгийн гэсэн гурван байнгын
хороогоор зөвшилцөөд энэ гэрээг үзэглэх эрхээ авна. Дараа нь Зээлийн ерөнхий
хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж соёрхон батлуулсны дараа эрх зүйн
баримт бичиг бүрэн бүрдэх юм.

Хантай багийг
нүүлгэн шилжүүлэх газрыг тодорхой болгожээ

Эгийн голын
усан цахилгаан станц төслийн нэгжийн Байгаль орчин, орон нутгийн албаны дарга
Ч.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Нутгийн иргэд
Эгийн голд усан цахилгаан станц барихыг хэр дэмжиж байгаа вэ?

-Төслийн нэгж
дөнгөж байгуулагдсаны дараа буюу 2013 оны арванхоёрдугаар сарын эхээр Булган
аймгийн Хутаг-Өндөр сумын Иргэдийн хуралд танилцуулга хийж байсан. Тэр үед
иргэд “Наад төслийг чинь хорин жил ярилаа. Ахиад ярих юм биш биз дээ. Үнэхээр
хэрэгжүүлж чадах юм уу” гэж болгоомжилж байсан. Түүнээс хойш нутгийн иргэдэд
усан цахилгаан станцын талаар зөв ойлголт өгч, орон нутгийн иргэд, удирдлагатай
хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Хутаг-Өндөр сум, Хантай багийн иргэдийн
төлөөллийг үйл ажиллагаагаа явуулж байгаа Тайшир, Дөргөний усан цахилгаан
станцуудтай танилцуулсан. Нутгийн иргэдийн хандлага өөрчлөгдөж, энэ бүтээн
байгуулалт улс оронд хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Одоо иргэд маань бушуухан
ажлаа эхлүүлж, шинэ багийн төв барих газрыг тодорхой болгож цаг алдалгүй
нүүлгээч гэсэн асуудал тавьж байгаа.

-Хантай багийг
нүүлгэн шилжүүлэх газар тодорхой болсон уу?

-Хантай баг
байгаа газар усанд автах учраас нүүлгэн суурьшуулах асуудал яригдсаар ирсэн.
Хантай багийн төв одоогоор 80 орчим өрхтэй. Шинэ багийн төвийг нутгийн иргэдийн
саналыг үндэслэн одоогийн багийн төвөөс дөрвөн километр орчим зайд Дамирангийн
энгэрт товлосон. Аймаг, сумын иргэдийн хурлынх нь тогтоол гарчихсан. Газар нь
баталгаажсан. Хантай баг тэр газарт яаж хөгжих үү, ямар баг болох нь вэ гэдэг
ерөнхий төлөвлөгөөг хийлгэж байна. Ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа нүүлгэн
суурьшуулах ажил эхэлнэ.

-Байгаль орчны
нарийвчилсан үнэлгээг нь хийчихсэн юм байна. Экологид хэр нөлөөтэй гэж гарсан
бэ?

-Байгальд огт сөрөг нөлөө үзүүлдэггүй бүтээн байгуулалт
гэж байхгүй л дээ. Нэг давхар байшин барьсан ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Аливаа бүтээн байгуулалтыг хийхэд байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн
бага түвшинд байлгах асуудал л яригддаг. Эгийн голын усан цахилгаан станцын
тухайд Байгаль орчны үнэлгээнд тусгагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
түүний дотор байгаль хамгаалах арга хэмжээ, байгаль орчны хяналт
шинжилгээний хөтөлбөрүүдийг цаг тухайд
нь авч хэрэгжүүлснээр гарч болзошгүй сөрөг нөлөөллүүдийг хамгийн бага түвшинд
байлгаж төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

-Загасны
судалгаа нь эхэлсэн үү?

-Загасны
судалгааг гурван үе шаттай хийхээр төлөвлөж байгаа. Төслийн өмнөх үе шат,
барилгын үе шат, станц байгуулагдсаны дараахь үе шатуудад нийт 5-7 жил загасны судалгааг цогцоор нь хийх юм.
Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт эхлэхээс өмнө ямар байсан, өрнөх явцад яасан,
бүтээн байгуулалт дууссаны дараа байдал яаж өөрчлөгдсөнийг харьцуулж судлах
зорилготой. Судалгаа эхэлсэн. “Байгаль хамгаалах Монголын тул сан” төрийн бус
байгууллага энэ судалгааг хийж байгаа.

-Эгийн голын
загасыг ер нь яах ёстой бол. Шилжүүлэхээс аргагүй гэсэн байр суурь сонсогддог.
Энэ талаар урьдчилсан таамаг багцаа гарсан уу?

-Цаашид энэ голд
амьдарч байгаа загасыг яах ёстой юм, нууранд нь үржүүлэх үү, шилжилт хөдөлгөөнд
нь далан үнэхээр саад болох уу зэрэг асуултын хариулт, эцсийн шийдэл судалгааны
үр дүнд гарч ирнэ л дээ. Бидний хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллага
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад Эгийн голын усан цахилгаан
станцын далан дээр загас өнгөрүүлэх ямар төрлийн байгууламж тохиромжтой вэ
гэдэг сэдвээр семинар хийсэн юм. Олон орны загас судлаачид, усны барилга
байгууламжийн инженерүүд оролцсон энэ семинараас зөвлөмж гарсан байдаг. Эгийн
голын усан цахилгаан станцынх шиг өндөр далангийн тухайд цуглуулах- зөөх арга
тохирно гэсэн эхний зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийн дагуу ТЭЗҮ-д загас
өнгөрүүлэх байгууламж тусчихсан явж байгаа.

-Ойролцоох ойн
моддыг шилжүүлэх, ашиглах асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой
мэдээлэл өгөөч?

-Усан сан
үүссэнээр нэг хэсэг газрын мод, бут, сөөг усанд автахаар байгаа. Судалгааг нь
БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвөөс хийсэн. Зургаан га зулзаган ойг ойролцоо газарт нь
шилжүүлэн суулгах, арван дөрвөн га-д байгаа унанги, шатсан ойг цэвэрлэх
хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан.Ойн цэвэрлэгээг удахгүй эхлүүлэхээр ажиллаж
байна. Мөн энэ намар зургаан га зулзаган ойг шилжүүлэх зураг гарчихсан. Нэг га
моносыг Булган аймагт шилжүүлэн суулгаж, моносын цэцэрлэг гэж байгуулах юм.
Таван га-г нь шинээр байгуулагдах багийн төвийн ойролцоо цэцэрлэгт хүрээлэн
байгуулж шилжүүлэн суулгахаар болсон. Эдийн засгийн эргэлтэд орох нарс, шинэс
зэрэг ойг үндсэн ашиглалтаар ашиглаж, дүйцүүлэн хамгаалалт хийх хэрэгтэй гэсэн
дүгнэлт гаргасан.

– Эгийн голын
хөндий археологийн дурсгал ихтэй гэж яригддаг. Археологийн судалгаа хийж байгаа
гэл үү?

– Эгийн голын
хөндийд ерээд оноос буюу манай төслийн нэгж байгуулагдахаас өмнө археологийн
судалгаа хийгдэж байсан байдаг. Төслийн нэгж байгуулагдсанаас хойш өнөөдрийг
хүртэл хоёр жилийн хугацаанд авран хамгаалах ажил хийсэн. Монгол Улсад
археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тав, зургаан баг бий. ШУА-ийн Түүх
Археологийн хүрээлэн, Улаанбаатар сургуулийн Археологийн тэнхим, ШУТИС-ийн
Археологийн баг, Монголын үндэсний музейн археологичидтой бүгдтэй нь хамтарч
ажилласан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа археологийн бүх багийг
нэгтгэж ажиллуулснаараа онцлог алхам болсон. Өнгөрсөн оны намар олдворуудаараа
үзэсгэлэн гаргасан. Удахгүй хоёр жилийн ажлынхаа тайлангаар үзэсгэлэн гаргаж,
эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар ажиллаж байна. Усан цахилгаан
станц орчим цаашдаа аялал жуулчлалын бүс болно. Энэ утгаараа хажуудаа түүх
археологийн музейтэй байх юм. Тэндээ Эгийн голын хөндийгөөс олдсон олдворуудыг
дэлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эгийн голын
станц Монголыг эрчим хүчний хувьд бие даалгах давуу талтай

Эгийн голын
усан цахилгаан станц төслийн нэгжийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер
Б.Очиржавтай ярилцлаа.

-Эгийн голын
станц ажиллаж эхэлбэл Монголын эрчим хүчний салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эгийн голын усан
цахилгаан станц манай төвийн эрчим хүчний системийн бүтцийг боловсронгуй, зөв
болгоно. Төвийн эрчим хүчний систем хэдэн дулааны станц, ОХУ-аас орж ирсэн
шугамууд гэсэн хоёр бүтэцтэй. Цахилгааны ачаалал хоног тутам, сар жил тутамд
хувьсч өөрчлөгдөж байдаг. Бүх айлууд хөргөгч, цахилгаан зуух, телевизээ асаах
цагаар буюу ачаалал гэнэт өсөх, эсвэл ачаалал гэнэт буурахад зохицсон уян хатан
бүтэц байх ёстой. Манай дулааны станцуудад ийм онцлогтой хэрэгцээг хурдан
хугацаанд маневрлах чадал, чадвар байхгүй. Өөрчлөгдөхгүй хэсгийг нь хэдэн
дулааны станцаараа хангадаг. Хурдан хувьсах хэсгийг нь эх үүсвэргүй учраас хаа
нэг газраас авахаас аргагүй. Оросоос хүссэн хүсээгүй эрчим хүч авна гэсэн үг.
Олон улсын жишгээр ярихад энэ бол буруу бүтэц. Хэрвээ тухайн улс жинхэнэ утгаараа тусгаар тогтносон байя гэвэл
эрчим хүчний бүтэц нь хэнээс ч үл хамаарсан бүтэц рүү орсон байх ёстой. Бид
тусгаар тогтносон улс гээд хорь гаруй жил хэнээс ч юу ч асуухгүй явсаар ирсэн.
Эдийн засгийн үндэс суурь нь болсон эрчим хүчнийхээ хувьд хараат хэвээр байгаа.
Эгийн голын усан цахилгаан станц бидний энэ дутагдлыг нөхөж өгнө. Монгол улсын
эрчим хүчний систем биеэ дааж эхлэхэд чухал үүрэгтэй бүтээн байгуулалт.
Цахилгааны хэрэглээ нэмэгдэнгүүт хувь нэмрээ оруулах төдий үүрэгтэй станц биш.
Монголын эрчим хүчний бүтцийг боловсронгуй болгож, эрчим хүчний биеэ даасан,
найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй.

-Усан
цахилгаан станц ажиллуулахад бэрхшээлтэй, давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?

-Монголд барихад
ийм бэрхшээлтэй гэсэн асуудал байхгүй. Цахилгаан станцуудын зардал түлш, ажиллуулж
байгаа хүмүүсийн цалин, сэлбэг хэрэгсэл зэргээс бүрддэг. Дулааны цахилгаан
станцын ашиглалтын зардал өндөр байдаг нь ганцхан шалтгаантай. Зардлынх нь
ихэнх хэсэг түлшиндээ явдаг. Усан цахилгаан станц бол өөр. Түлш нь ус учраас
зардал нь маш бага. Ажилчдын цалин, ашиглалт, засварын зардал л бий. Барьчихсан
байхад зээлээ төлсний дараа эрчим хүчний тариф буурна гэж яриад байгаа нь ийм
учиртай. Авсан зээлээ төлбөл бараг үнэгүй цахилгаантай болно гэсэн үг.

-Эрчим хүчний
салбартаа усан цахилгаан станцыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсууд гэвэл ямар
орнууд байна?

-Усныхаа эрчим
хүчийг бүрэн ашигласан улсууд байна. Жишээ нь Франц, Герман. Норвегийн эрчим
хүчний 98 хувь нь усан цахилгаан станц байх жишээний. Усны эрчим хүч хамгийн үр
ашигтай гэдгийн л илрэл. Манайд усан цахилгаан станц ажиллуулах боломж нөөц
бүрэн байна. Нэг том станц барьчихад л үр өгөөжийг нь нийтээрээ ойлгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *