Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хариуг шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болжээ


Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагчид ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “ШИЛЭН ТЕХНОЛОГИ” нэвтрүүлэх ажлаа танилцуулсан өдөрлөг болж өнгөрлөө. Тодруулбал шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц, шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шууд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг. Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой болно. Өдөрлөгт 7000 орчим шалгуулагчид оролцож, ЭЕШ-ын тест бөглөж, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авлаа. Оролцсон шалгуулагчид, эцэг эхчүүд бидний санаачлан нэвтрүүлсэн энэ үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилаа.

Өмнөх жилүүдэд шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлдэг байлаа. Хөдөө орон нутгаас ЭЕШ-ын материалыг нэг цэгт татан төвлөрүүлж нэгдсэн журмаар засдаг процесс нь ийм урт хугацаа зарцуулдаг байжээ. Тэгвэл Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнг хүлээж цаг алддаг үе өнгөрч, шалгуулагч шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах боломжтой болжээ.

Мөн ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулах аж. Тэгэхээр эцэг эх, багш нар интернэт ашиглан хүүхдээ шалгалтаа өгч байгааг, дуусаад засагч машинд уншуулаад, хариу дүнтэйгээ танилцаж байгаа гээд бүх процессыг хянах боломжтой болох юм. Нийт ЭЕШ өгсөн сурагчдын дүнг эрэмблэн жагсааж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *