Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга З. Энхболдын хэлсэн үг

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга З. Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бус чуулганыг нээж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын хуульдаа бичигдсэн хүчинтэй болох хугацаагаараа буюу ердийн журмаар, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэнээр гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Энэ хуулиудын хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сарын чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо.

Ээлжит бус чуулганы хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцье. Ажлын хэсгүүдээ ирэх долоо хоногоос байгуулан бэлтгэлээ хийх хэрэгтэй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталж дууслаа.

Ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүд та бүхэнд баярлалаа.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *