Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг батлав

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.17. Мягмар гараг/ нэгдсэн хуралдаан 14 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонссоны дараа Засгийн газраас энэ сарын 12-ны өргөн мэдүүлсэн Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулсан юм.

Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцжээ. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон байна. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хийжээ.

Үүний үр дүнд японы талтай тохирсон хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлах үеэр “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газар батлах юм байна.

Хэлэлцээрийн хүрээнд талууд 2012 оны статистикийг суурь мэдээлэл болгон ашиглаж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн уг асуудлыг энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэйгээр дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Энэхүү хэлэлцээр нь манай улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, экспортын таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг асуулт асууж тодруулсан гишүүд онцолж байв.

Гишүүдийн асуултад ажлын хэсгээс өгсөн хариултаас үзэхэд, манай улс 2012 онд дэлхийн 150 орчим оронтой 11,1 тэрбум ам.долларын худалдаа хийснээс Япон Улстай хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ 525 орчим сая ам.доллар (японы статистикийн мэдээгээр) байгаа нь манай нийт худалдааны эргэлтийн 4.7 хувийг эзэлж байгаа аж. Манай улсаас Японд экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлдэг бол Японоос импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлдэг байна. Ажлын хэсгийн тооцоогоор хэлэлцээр байгуулагдсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурах хэдий ч нөгөө талаас Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр орны худалдааны эргэлт өсөх бололцоо бүрдэх юм байна.

Ингээд байнгын хорооны саналаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 49 нь буюу 92.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсөв дагаж гардаг тогтоолуудын хэрэгжилтийг ажлын хэсэг гарган нэг бүрчлэн танилцаж хаврын чуулганаар ярилцах нь зүйтэй байна гэсэн санал гаргасан юм. Энэ талаар УИХ-ын дарга Төсвийн байнгын хороо чуулганы завсарлагаар ажлын хэсэг гарган ажиллуулж хаврын чуулганы эхэнд байнгын хороогоороо хэлэлцэх хэрэгтэй гэсэн чиглэл өгөв.

Ингээд уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *