Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эдийн засгийн алуурчин” нь яг жинхэнэдээ хэн бэ?

Эдийн засгийн алуурчид гэж ирээд цоллуулдаг цөөн хэдэн хүн бий, Монголд. Бүр нэр ус нь олны чихнээ аль хэдийнэ танил дасал болчихсон. Өнөө айхавтар “алуурчид”-ыг нь хэн бэ гээд харахаар ихэнх нь улстөрчид юм уу, том компанийн захирлууд байдаг юм. Тэднийг ингэж шүүмжлэгсдийн ихэнх нь яг яаж яагаад эдийн засгаа “алчихсан”-ыг нь ухаж бодохыг хүсдэггүй. Шүүмжлэхийн тулд шүүмжилж, адлахын тулд адалдаг гэдэг дээ, яг тийм сэдлээр үзэн ядацгаасаар өнөөг хүрсэн санагддаг. Бас л хачирхмаар үзэгдэл шүү. Ийм хандлага хаанаас эхлэлтэй, яагаад өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа энэ тэр гээд яривал бичих сэдэв, харах өнцөг мундахгүй л дээ. Гэхдээ ингэж ярьж, бичлээ гээд эцсийн үр дүн, эерэг нөлөө нь бага. Эдийн засгаа алаад байгаа нь яг жинхэнэдээ хэн бэ гэсэн асуулт тавиад бодитой үндэслэлтэй хариу хайх нь л хэргээ өгсөн зөв шийдэл. Ийм асуудт тавиад эргэцүүлж ухахаар ярих өнцөг өчнөөн бий л дээ. Гэхдээ юун түрүүнд онцолж хэлэхээр нэг том өнцөг бол Монголын шүүх. Эдийн засагтай хамаатай, холбоотой өчнөөн хэргийн хэлэлцүүлэг шүүхийн танхимд өрнөдөг.

Сүүлийн жишээ гэхэд л Монголын шүүх Дубайн төлөвлөгөө гэсэн тодотгол дор дөрвөн ч хүнийг шүүгээд торны цаана суулгачихлаа. Гадаадын хөрөнгө оруулалт тасарсан, дэлхий даяараа коронагаас болж хямарсан, нүүрсний экспорт өмнөхөөсөө тавин хувиар буурсан энэ үед Монголд дажгүй хэмжээний доллар олж ирж байгаа ганц төсөл нь Оюу толгой. Дубайд Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй бол Оюу толгой таг зогссон хэвээр энэ цагтай золгох байсан, Монголын эдийн засаг тэгж ингэж хэцүүдэх байсан энэ тэр гээд яривал өчнөөн тоо, тооцоо, баримт сэлт дурдаж болно. Эдийн засагчид энэ тухай хангалттай тайлбарлаж, ярьсан учраас элдэв тайлбараа алгасъя. Товчхондоо Монголд хэрэгжиж буй цорын ганц мега төсөл бол Оюу толгой. Оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж яваа учраас долларын ханш 5000 хүрчихгүй өдий зэрэгтэй байгаа гэдэг нь бодитой үнэн.

Бүр цаашлуулж яривал Монголын эдийн засаг, улсын төсөв уул уурхайн салбар дээр тогтож байгаа. Их мөнгө эргэлддэг учраас улстөржилтийн халуурал уул уурхайн салбарт жинхэнэ утгаараа дэвэрдэг. Уул уурхайн голдуу хэрэг шүүхийн танхимд халуун хэлэлцүүлэг өрнүүлж, олны анхаарал татдагийн цаана ийм шалтгаан нуугддаг нь хэтэрхий тодорхой үнэн. Уул уурхайн гэх тодотголтой хэргүүд дээр Монголын шүүх хэт улстөржсөн шийдвэр гаргадаг нь ч нэгэнт ил болсон үнэн. “Уул уурхай бол эдийн засаг” гээд харвал маш эмзэг сэдэв. Эдийн засгийн яах ийхийг тодорхойлдог салбартай хамаатай хэргүүдийг улс төрийн өнгө аясаар, хэн нэг эрх мэдэлтний дохиур зангаагаар шийдэх нь эргээд бидний халаасанд, улсын хэтийн хөгжилд нөлөөлөх учраас эмзэг сэдэв гэж тодотгоод байна л даа.

Уул уурхайтай хамаатай хэргийг шүүхэд Монголын шүүх яаж улстөрждөгийг нотолсон кейс ганц, хоёроор тогтохгүй. Наад захын жишээ гэхэд л 108 лицензийг хоморголж хүчингүй болгосон, “Хан ресурс”-ын лицензийг хураагаад сүүлд нь олон улсын арбитрын шүүх дээр ялагдал хүлээж улсын төсвөөс 70 сая ам.доллар төлж байж салсан кейс байна. Монголын гурван шатны шүүхээс “Хан ресурс” компанийн эсрэг шийдвэр гаргаж байв. Монголын шүүхээр явж ялагдсаныхаа дараа Канадын “Хан ресурс” гэж компани олон улсын арбитрын шүүхэд хандаж байлаа. Арбитрын шүүх Монголын шүүхийг алдаатай шийдвэр гаргасан гэж үзээд Канадын компанийн талд алх тогшсон нь тийм холын жишээ биш. Шүүхийн алдаатай, улстөржсөн шийдвэрээс болж Засгийн газар иргэдээсээ хурааж авсан татвараасаа 70 сая ам.доллар төлж, Монгол Улс одоогийн ханшаар бол бараг 200 цэцэрлэг барих мөнгөө салхинд хийсгэсэн юм.

Улсын хувь заяатай хамаатай эдийн засгийн энэ мэт хэргүүд дээр Шүүхийн танхимд ямар алдаа анзаарагддагийг одоо хэлье. Шүүгч, прокурорууд эдийн засгийн нарийн мэдлэгтэй, эдийн засаг чигт мэргэшсэн байх албагүй. Тухайн чиглэлийнхээ хуулийн нарийн мэдлэгтэй байхад л болчихно. Харин шинжээчид нь эдийн засгийн нарийн мэргэшсэн хүмүүс байх учиртай. Хараат бус, хөндлөнгийн, нарийн мэргэшсэн байх гэсэн гурван том шаардлагыг хангасан хүмүүс шинжээчээр ажиллах ёстой. Бүр тодруулж хэлбэл, эдийн засагтай хамаатай хэрэг дээр ажиллах шинжээчид тухайн чиглэлээрээ нарийн мэргэшсэн байж гэмээ нь Шүүхийн шийдвэр зөв гарах суурь болно. Харамсалтай нь Монголын шүүгчид мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг сонсохгүйгээр алхаа тогшчихдог. Мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг сонсохгүйгээр гэж шууд хэлж болохгүй юм байна. Томилсон шинжээчид нь мэргэжлийн биш, хараат, улс төрийн нөлөөтэй албан тушаалтан байдаг гэвэл илүү оносон тайлбар болох юм байна. Ийм шалтгаанаар эдийн засагт хор хөнөөлтэй, алдаатай шийдвэрүүдийг Монголын шүүх гаргасаар байна.

Өнгөрсөн сард анхан шатны шүүх хурал нь болоод дууссан Дубайн гэх тодотголтой хэрэгт шинжээчээр оролцсон хүн гэхэд л татварын байцаагч байх жишээний. Гэтэл энэ хэргийн хохирогч нь Засгийн газар. Шинжээч нь Засгийн газрын шууд нөлөөнд ажилладаг Татварын газрын байцаагч байхаар яахав. Жинхэнэ утгаараа хараат шинжээч болж таарна аа даа. Ийм шинжээч зөв, эрүүл, мэргэжлийн дүгнэлт гаргахгүй нь хэнд ч ойлгомжтой. Зүй нь энэ шүүх хуралд олон улсын гэрээний эрх зүйгээр мэргэшсэн, хөндлөнгийн, хараат бус хүн шинжээчээр ажиллах учиртай. Ашигт малтмалын 108 лицензийг хомроголон хүчингүй болгосон шүүх хурал дээр ч ийм зураг харагддаг. Тухайн шүүх хуралд хохирогчоор ҮАБЗ, АМГ оролцож, шинжээчээр нь тэдний хараа нөлөөнд ажилладаг төрийн албан хаагч оролцож байв.

Шүүгчдэд хамаатай нэг өнцгийг төгсгөлд нь онцолъё. Уул уурхай эдийн засгийн гол салбар гэж өмнө дурдсан. Ийм онцлогтой салбар учраас хуулийн сургуулиудад Эрүүгийн эрх зүй гэдэг шиг Ашигт малтмалын эрх зүй гэсэн хичээлийг тусгайлан заах ёстой гэж уул уурхайн учир мэдэх улс ярьдаг. Бодож үзэж, шийдэл ажил болгомоор л асуудал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *