Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засагч Р.Даваадорж: Кокс нүүрс бол утаа нэрээр эрх баригчдын халаасыг түнтийлгэх ээлжит нэг л хувилбар DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой кокс нүүрсний асуудлаар ярилцлаа.

-Энэ жилээс эхлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд кокс нүүрс хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулах шийдлийг Засгийн газар, Эрчим хүчний яам танилцуулаад байгаа. Энэ ажлынхаа санхүүжилтийг Улаанбаатар хот бонд босгож хариуцах үүрэгтэй. Энэ шийдвэрээс эхэлж ярилцмаар байна л даа. Цаг хугацаа, шийдэл зэрэг нь оновчтой байж чадсан уу?

-2019 оны өвлөөс эхлэн нийслэлд сайжруулсан шахмал нүүрс хэрэглэж байгаа. Харин энэ жилээс хагас коксжсон шахмал түлшийг БНХАУ-аас худалдан авахаар төлөвлөжээ. Миний мэдэхийн тэртээ 2012 онд Цэвэр агаар сангийн үед хагас коксжсон түлшний талаар үйлдвэр барих асуудал яригдаж төлөвлөгөө элдэв тооцоолол хийж байсан. Тиймээс энэ асуудал цоо шинэ зүйл биш. Харамсалтай нь өдий хүртэл ийм үйлдвэр баригдсангүй. Зунжин найр наадам хийсээр намартаа золгож өвөл хаяанд ирмэгц нойрноосоо сэрсэн мэт ийм асуудал ярих боллоо. Цаг хугацаа маш их алджээ.

Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг үүсгэж буй 220 гаруй мянган өрхийн нүүрсний хэрэглээг орлож чадахуйц түлш бол хагас коксжсон нүүрс гэж ярих боллоо. Өмнө нь шахмал түлшээр утааны асуудлыг ялсан гэж баахан сүржигнэсэн. Гэтэл энэ түлш нь бас л биш болж таарсан.

Төсвөөс асар их хэмжээний мөнгө гаргаж үйлдвэр байгуулж байсан. Энэ бүхэн өнөөдрийн өндөрлөгөөс харвал хий дэмий мөнгө үрсэн асуудал байсан болж таарлаа. Иймээс энэ жилээс нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдаж авахад зарцуулах болсныг зарласан. Иймээс урд хөршөөс 132 мянган тонн хагас коксжуулсан нүүрс импортлох юм гэсэн. Үйлдвэр барих асуудал ч яригдаж байгаа юм билээ. Өмнөх сайжруулсан түлшний үйлдвэрийн санхүүг сөхвөл “ногоон автобус” шиг асуудал босно гэж хүмүүс ярих юм билээ. Миний хувьд хэрэв үйлдвэр байгуулах бол хувийн хэвшлийг дэмжих ёстой болохоос улсын үйлдвэр байгуулбал бас дахин хулгайн асуудал нэмэгдэнэ гэж үздэг. Гэтэл хувийн үйлдвэрүүд ажиллах боломжийг өнөөгийн эрх баригчид хаачихсан байгаа шүү дээ. Тодруулбал, агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр, түүхий нүүрсийг АМНАТ шингэсэн, мөн НӨАТ-тай үнээр худалдан авч экспортод гаргадаг баяжуулах, угаах үйлдвэрүүдэд дахин өндөр АМНАТ ногдуулах хуулийг 2019 оны гуравдугаар сарын 26, 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр баталснаар УУХҮЯ-ны судалгаагаар 40 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байгаа. Хуулийн өөрчлөлтөөс хойш 30 орчим өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд татварын өрөнд орж 1500 хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон, хэд хэдэн үйлдвэр АМНАТ-өөс болж үйлдвэрийн хаалгаа барьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаа нэмүү өртөг шингээхгүй, баяжуулж, боловсруулалгүйгээр экспортлох бодлогыг баримталж байгаа. Энэхүү хуулиа засаж залруулахгүй бол хагас кокс үйлдвэрлэхийн тулд улсын үйлдвэр байгуулахаас өөр аргагүй болно. Тэгэхээр алдагдлыг нь төсвөөс нөхөх байдлаар ажиллахаас өөр аргагүй. Татвар төлөгчдийн тэрбум, тэрбум төгрөгөөр агаарын бохирдлоос ангижрах элдэв туршилт хийж дуусах болоогүй бололтой.

-Кокс нүүрсийг БНХАУ-аас худалдаж аван дотооддоо хэрэглэнэ гэдгийг эдийн засагчид, уул уурхайн салбарынхан гайхаж хүлээж авсан. Өөрсдөө бид сайн чанарын нүүрстэй. Нөөц хангалттай. Гэтэл гаднаас худалдаж авна гэдэг ойлголтоос эхлээд энэ хэр эх оронч шийдэл бэ гэж эргэлзэхэд хүргэж байна л даа. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Монгол Улсын нүүрсний батлагдсан нөөц нь 150 тэрбум тонн бөгөөд энэ жил аль хэдийн 44 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Үүнтэй зэрэгцээд 177.5 тэрбумаар хагас коксжсон нүүрс Хятадаас оруулж ирэхээр болсон нь гайхах асуудал байлгүй яахав. Өнөөгийн эрх баригчид нийгэмд тулгарч буй асуудал болгоныг мөнгө халааслах боломж гэж хардаг болсон нь түгжрэлийг шийдэх нэрийн дор ногоон автобуснууд тендергүйгээр худалдан авалт хийсэн үйлдлээс нь харж болохоор байна. Миний хувьд, хагас коксжих нүүрс хэн нэгэн эрх мэдэлтний шахааны хэдэн төгрөгний асуудал биш байгаасай гэж бодож байна.

-Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг кокс нүүрсээс өөр олон төрлөөр хэрэгжүүлэх боломжтой гэж мэргэжлийн хүмүүс ярьсаар байгаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цагийг нь тулгаж ирээд л “Арга ядсан арга шүү” гэж мэдэгдсэн. Үүнээс үр дүнтэй аргыг олж чадахгүй байгаа юм уу, тэр тухай ярьж хэлж судалж байгаа мэргэжлийн хүмүүсийг сонсохгүй байх сонирхол байдаг юм уу, эсвэл үнэхээр утаагүй болох гэдэг асуудал дээр дэлхий нийтээрээ сөхөрчихсөн юм уу?

-Өмнөх онуудад сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох, айл өрхийн цахилгааныг хөнгөлөх, шахмал түлшний үйлдвэр байгуулах зэргээр агаарын бохирдлыг шийдэх гэж элдвээр оролдож их хэмжээний төсвийн хөрөнгө мөнгийг салхинд хийсгэсэн шүү дээ. Энэ нь өнөөгийн Засгийн газар ямар нэгэн бодлогогүй урсгалаараа явж байгаагийн нэг илрэл мөн. Өвөл ойртмогц одоо яахав гэдэг асуудал боссон тул бас дахин нэгэн туршилт хийхээр шийдэж. Агаарын бохирдлоос салах ганц л арга бий. Тэр нь мэдээж орон сууцжуулах. Үүнийг зөвхөн нарийн тооцсон бодлогоор хийдэг. Тэртээ 2015 онд төв банк иргэдэд хүртээмжтэй найман хувийн ипотекийн бодлогыг хэрэгжүүлж гурван их наяд төгрөгөөр 86 мянган айлыг ипотект хамруулж олон мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, олон мянган ажлын байрыг шийдэж эдийн засгийн хямралыг амжилттай туулсан жишээ байдаг юмсан. Хэрвээ энэ хөтөлбөр зогсолгүй дөрвөн жил үргэлжилсэн бол гэж харамсдаг юм. Миний дээр дурдсан агаарын бохирдлыг шийдэх олон мянган туршилтад хэдэн их наяд төгрөгийг зарцуулсан. Шахмал түлшний үйлдвэр барихаас өмнө утааг бууруулахад бараг нэг их наяд төгрөг зарцуулсан тооцоо бий. Шахмал түлшний үйлдвэр барьснаас хойших зардлыг тооцвол бас дахин нэг их наяд төгрөг хол давсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн их хотын гэр хорооллын дийлэнхийг орон сууцжуулах хэмжээний мөнгийг бид салхинд хийсгэж, зарим албаны хүмүүсийн халаас түнтийсэн дээ.

-Кокс нүүрс худалдаж авах зардалд 177.5 тэрбум төсөвлөгдсөн. Нийслэл бонд босгоно. Хэр боломжтой вэ?

-Цаг хугацааны хувьд дэндүү шахуу байна. Одоо нийслэлийн бондод гаднаас итгэж хөрөнгө оруулалт хийх нь юу л бол. Иргэд ч худалдан авалт хийхээс жийрхэх биз. Учир нь урдаас авсан ногоон автобусны асуудал бондоор хөрөнгө босгох итгэлийг салхинд хийсгэчих шиг харагдлаа. Коксжих нүүрстэй үйлдвэр биднийг хүлээгээд байж байх уу. Гэрээ байгуулахаас эхлээд тээвэрлэлт, хадгалах агуулах, түгээлт гээд өчнөөн асуудал байгаа биз дээ. Ганцхан сард багтааж ийм олон асуудлыг шийдэж чадах болов уу. Тэр тусмаа өнөөгийн эрх баригчид. Боломж тааруу байна л гэж би харж байна.

Нөгөө талаар нийслэлийн 2022 оны төсөв бараг нэг их наяд төгрөг байсан. Энэ мөнгөний ердөө хоёр хувийг л гэр хорооллын дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр баталж байсан санагдаж байна. 2023 оны хувьд ч ялгаагүй ийм дүр төрх харагдаж байна. Улаанбаатарын хүн амын 50 хувь нь амьдардаг гэр хороололд ердөө хоёр хувийн санхүүжилт гэдэг бол дэндүү харамсалтай бага хэмжээ. Нийслэлд 2015-2016 онуудад хийсэн бүтээн байгуулалтаар бараг 80 мянган айлын орон сууцанд ойролцоогоор гурван их наяд төгрөг зарцуулсан. Гурван их наяд төгрөгөөр асар том өөрчлөлтийг гэр хороололд хийж болохоор байгаа биз. Энэ мэтээр тооцвол гэр хорооллыг барилгажуулж, дэд бүтэцжүүлэхэд зарцуулах мөнгөний эх үүсвэр энэ төрд хангалттай бий. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид ийм бүтээн байгуулалт хийж чадахгүй. Тэдэнд ямарваа нэгэн ажил хийхдээ өөрийнх нь халаасанд нь хичнээн төгрөг орох вэ гэдэг том шалгуур байдгийг ойрын үед үүсээд байгаа нөхцөл байдал тод томруунаар харуулж байна.

-Кокс нүүрс утааг 30-70 хувиар бууруулна гэж мэдэгдэж байгаа. Гэвч шаталт маш өндөр учраас гэрийн орчинд түлэхэд маш эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс мэдэгдэж байгаа. Кокс нүүрс Улаанбаатарчууд түлэхэд бэлэн үү. Эрсдэл гарах уу?

-Аливаа шинээр туршиж байгаа зүйлд маш олон асуудал дагуулдаг шүү дээ. Би дээр хэлсэн хамгийн анхаарах асуудал бол цаг хугацааны шахагдмал байдал. Нэмээд нийслэлчүүд шинэ түлш түлэхэд бэлэн үү гэдэг асуудал байна. Шахмал түлшийг нэвтрүүлэхэд маш олон хүн амиа алдсан. Хэдийгээр бид шахмал түлш хэрэглээд бүтэн дөрвөн жил өнгөрч байгаа хэдий ч саяхан нэгэн ээж гурван нялх үртэйгээ нас барчихлаа. Одоо хүн угаартаж нас барах нь хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг болжээ. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Утаа арилгасан гэх нэр зүүхийн тулд хичнээн хүний амь золиослох юм бол доо энэ баригчид.

-Б.Чойжилсүрэн сайд өчигдөр кокс нүүрсийг хотын захын дүүргүүд болон орон нутагт турших шаардлагатай. Том алдаа хийхээс өмнө туршиж үзнэ гэж мэдэгдлээ. Ер нь аливаа төсөл хөтөлбөр ингэж хэрэгжиж болох уу?

-Улс орон даяар цаг агаар эрс хүйтэрч, жавар тачигнах үед их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай болдог. Өнгөрсөн оны 12-р сард эрчим хүчний оргил ачаалал 1460 МВт-д давж хойд хөршөөс цахилгаан авах квотоосоо илүү хэмжээтэй худалдан авч байж өвлийг давсан санагдаж байна. Ер нь цахилгааны хязгаарлалт хийх эсвэл хотоо хөлдөөх аюул хажууханд байсан. Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн чадал хэрэглээнээсээ дутчихсан, энэ салбарт “улаан гэрэл” асчихсан байгаа. Энэ бол цахилгааныхаа үнийг чөлөөлөлгүй хатуу үнээр олон жил явсны гор л доо. Дээр нь МАН төрийн эрх мэдэл аваад энэ салбарт хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Үнэхээр харамсалтай байна. Ер нь МАН-аас их зүйл хүлээх хэрэггүй гэж хэлмээр байна. Гэхдээ Б. Чойжилсүрэн сайд хагас коксжих түлшний талаар хачирхалтай зүйл ярьсан байх юм. Татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгө гаргаж хагас коксжсон түлшийг авчраад захын дүүргүүдэд туршина гэдэг бол яавч байж боломгүй асуудал. Энд иргэдийн амь нас, аюулгүй байдал нэгдүгээрт тавигдах учиртай.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *