Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Oдонбаяр: Хүмүүсийг илүү аз жаргалтай болгохын тулд бид бизнесээ эхлүүлсэн DNN.mn

Богд ууланд өглөөний 06:00 цагт хийл хөгжмийн эгшиг дор алхагчдад халуун кофе, аарц зарж найрсаг үйлчилгээ үзүүлдэг дөрвөн хүүгийн нэг болох “Шинэ Монгол харумафүжи” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Одонбаяртай ярилцлаа.


-Та нарыг хүмүүс Богд ууланд хийл хөгжмийн аян дор кофе зарж, найрсаг үйлчилгээ үзүүлдгээр нь илүү мэддэг шүү дээ. Анх яагаад ууланд кофе зарахаар болсон бэ?

-Бид найзуудаараа ууланд их алхдаг л даа. Ууланд алхах бүртээ уух зүйл авч явахаа мартчихдаг байсан. Хүмүүсийг харахад ч анх удаагаа ууланд алхаж буй хүмүүс уух зүйлгүй гараад их л цангаж байгаа нь ажиглагддаг. Үүнээс болоод ядарч уулын орой дээр гарч чадалгүй шантраад буудаг. Тэгээд нэг өдөр надад маш гоё санаа төрсөн. Анх санаагаа гаргачихаад хамгийн итгэлтэй гурван найздаа санал болгож одоогийн бизнесийн гараагаа тавьж байсан. Тэр үед найз нар маань зөвшөөрөөгүй бол өдийд энэ хүртэл хол явах байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр миний гаргасан санаанаас илүү найзуудын маань дэмжлэг маш чухал байсан. Хийлч найзын маань хувьд гэвэл Хөгжим бүжгийн коллежид долоон жил суралцсан. Одоо “Шинэ Монгол Харумафүжи” сургуульд суралцдаг, найм дахь жилдээ хийл тоглож буй туршлагатай. Хүмүүсийг илүү аз жаргалтай болгохын тулд зөвхөн уух юмаар хангахаас гадна хөгжмийн аялгууг сонсговол илүү их аз жаргалтай, эрч хүчтэй байх юм байна гэж бодон найздаа санал тавьж, найз минь зөвшөөрч байсан.

Бид хүмүүсийн дутагдаж байгаа хэрэгцээг хангаж, тэднийг илүү аз жаргалтай болгох зорилгоор өнгөрсөн жилийн зунаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Өмнө жилийн зунаас өнөөдрийг хүртэл ажиллахад хүмүүсийн сэтгэл ханамж, хандлага ямар байна вэ?

-Хүмүүсийн хандлага маш сайхан байдаг. Бидэнд хүмүүсийн хэлдэг магтаал, урмын үг эрч хүч, урам зориг өгдөг.

-Өглөө эрт босоод хөдөлмөрлөж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь яаж хүлээж авдаг вэ?

-Бид хэдийг эртэч бизнесмэнүүд гэдэг. Эцэг эхчүүд маань хүртэл бидэнтэй уралдаж сэрдэг. Богд уул руу бид бүх ачаагаа аваад алхаж уул руу гарч чадахгүй учраас өглөө болгон эцэг эхээрээ хүргүүлдэг. Өглөө таван цагт босоод хүүхдүүдээ хүргэж өгнө гэдгээс биднийг хэрхэн дэмжиж байгаа нь харагдаж байгаа юм л даа.

-Та нарын хувьд хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Ажлаа хийгээд явахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хүмүүсийг аз жаргалтай болгохын зэрэгцээ бид дөрөв өөрсдөө маш аз жаргалтай болдог. Байгалийн сайхан орчинд хийл тоглохын зэрэгцээ хүмүүст үйлчилгээ үзүүлээд тэднээс урмын үг авна гэдэг яг л диваажинд байгаа юм шиг болгодог. Тиймээс бидний сэтгэгдэл бол үнэхээр өндөр байдаг.

-Та нартай адил бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байгаа үе тэнгийнхэндээ хандаж юуг зөвлөх вэ?

-Хамгийн эхэнд санаагаа гарга. Өөрийн гаргасан санаагаа нүсэр том гэж битгий санаа зовоорой. Мөн бизнест сайн хамтрагчдаа олоод багаараа ажиллаж эхэлчихсэн байхад аяндаа сайжраад, илүү суралцдаг. Гол нь бусдын тусын тулд ажиллах ёстой. Бид хэдий ашиг олдог ч гол зорилго маань бусад хүмүүсийг аз жаргалтай болгох, тусын тулд байнгын ажилладаг учраас одоо ийм амжилттай явж байна гэж би хувьдаа боддог. Үүнийг л үеийнхээ хүүхдүүдэд зөвлөмөөр байна.

-Кофе зараад олсон орлогоо юунд зарцуулдаг вэ?

-Миний хувьд олсон орлогоо суралцахад маань хэрэгтэй, гэнэтийн шаардлагатай зүйлд зарцуулахаар төлөвлөн хадгалж байгаа.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Юуг хүсч, тэмүүлж байна?

-Ойрын зорилго минь сургуулиа сайн төгсөж, гадаадад тэтгэлэгтэй сурах. Гадаадад сургуулиа амжилттай төгсөж, сурч ирээд компани байгуулах. Мундаг том бизнесмэн болох зорилготой. Одоо зорилгынхоо эхлэлийг тавиад туршлагажин, суралцаад явж байна.

-Та нарын хувьд цаашид юу хийх вэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү?

-Бид өмнө нь найруулдаг кофе зардаг байсан. Харин энэ долоо хоногоос кофеныхоо чанарыг сайжруулан гараар чанасан кофе зарж эхэлсэн. Дараа долоо хоногоос гараар хийсэн кофег “ROC Caffeine Bar”-ийн тусламжтайгаар хийж эхлэхээр төлөвлөж байгаа. Цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Бид өвлийн саруудад амардаг. Хавар гуравдугаар сараас эхлүүлэн аравдугаар сар хүртэл ажилладаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *