Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Лувсанбалдан: Монголчууд дэлхийн II дайнд холбоотон болж орсноороо тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан

Өнөөдөр Эх орны дайны ялалтын 72 жилийн ой тохиож байгаа. Уг үйл явдлыг тохиолдуулан дэлхийн II дайны төгсгөл болох 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, МУСГЗ, академич, түүхийн ухааны доктор, профессор, эх орны дайны нэг, хоёрдугаар зэргийн одонт бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдантай ярилцлаа.


-Та дэлхийн II дайны төгсгөл болох 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хүн. Бас цэргийн түүхийн судлаач. Тухайн үеийн нөхцөл байдлаас ярилцлагаа эхлэх үү?

-Энхийг эрхэмлэгч улс түмэн буюу ЗХУ, АНУ, Британи, Монгол зэрэг орнууд Герман, Японыг ялсны 72 жилийн ой тохиож байна. Дэлхийн хүн амын 80 хувийг хамарч 60 сая хүний амийг бүрэлгэсэн дэлхийн II дайн бол олон улсын харгис хүчний нэн хурц зөрчлийн улмаас үүссэн. Дэлхийг эзэлж, ноёрхохыг хүссэн Германы толгойлогчид түрэмгий санаагаа хэрэгжүүлэхэд ихээхэн саад болох учраас ЗХУ-ын системийг унагаж ард түмнийг нь боолчлох зорилгоор гол цохилтоо чиглүүлсэн хэрэг. Зөвлөлтийн эсрэг Германы өдүүлсэн дайныг Монголын ард түмэн өөрийн эх оронд шууд халдсан хэрэг гэж үзээд эх орноо батлан хамгаалах, хүчийг бэхжүүлэх Зөвлөлтөд туслах ажилд бүх хүчээ дайчилсан түүхтэй. Монгол Улс Дэлхийн II дайнд шууд болоод шууд бусаар оролцсон учраас энэ үйл явдал бидний түүхийн салшгүй нэг хэсэг. Монгол Улс Германыг цохиход бүх үйл хэргээ чиглүүлэх шалтгаан нь 1921 онд Монгол, ЗХУ-ын тусламжтайгаар эрх чөлөөгөө олж авсан. Энэ дайн эхлэхээс хоёрхон жилийн өмнө Халхын голд Японы эсрэг тулалдахад Зөвлөлтийн хүчийг авч 10 гаруй мянган залуусынх нь амиар тусгаар тогтнолоо хамгаалж чадсан. Иймээс Монгол Зөвлөлтөд бүх хүчээрээ туслахаас өөр аргагүй гэдгийг залуус хойчдоо сануулан хэлэх нь зөв байх. Ингээд дайн эхэлсэн анхны өдөр МАХН-ын төв хороо, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газар, БНМАУ-ын сайд нарын зөвлөл хамтран хуралдаж “Германыг жигшин эсэргүүцэх” Монголын ард түмний оюун санааг тод илэрхийлсэн тогтоолыг гаргасан байдаг. Ер нь Монгол, Зөвлөлтийн хооронд харилцан туслалцах 1936 оны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж улаан армид туслах шийдвэрийг гаргасан.

-Монголчууд дайнд татагдан орж, дэлхийн II дайны холбоотнууд ялсан нь манай улсыг дэлхийд нээсэн гэж таны хэлэхийг сонсч байсан?

-Нэгдүгээрт, улс төрийн ач холбогдлоор нь авч үзвэл ЗХУ-тай 1936 онд байгуулсан гэрээндээ үнэнч байсан гэдгийг нотлох баримт болсон. Хоёрдугаарт, Англи, Америк, Орос гурав холбоотон болж энэ дайнд орсон учраас холбоотон гүрнүүдийн гадаад бодлоготой БНМАУ эв санаа нэгтэй байсан гэдгийг батлан харуулсан. Гуравдугаарт, Монгол, Зөвлөлтийн найрамдлыг шинэ шатанд гаргаж чадсан. Мөн Монгол Улс тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлээ бодит үйл хэрэг болгосон нь хамгийн чухал. Тодруулбал, 1945 оны хавар Ялта хотод АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт, Английн Ерөнхий сайд Черчилль, Сталин гурав уулзахдаа БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хил хязгаараар нь тогтооё гэж зөвшөөрөн тунхаг бичигт гарын үсэг зурсан. Ингэж л Хятадын муж гэж яригдаж байсан Монгол Улсыг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хүлээн зөвшөөрч үүний үр дүнд хожим НҮБ-ын гишүүн орон болж тусгаар тогтнолоо бүрэн эхээр нь олж авсан хэрэг.

-Монголчуудыг Эх орны дайны холбоотон гэж хэлэхээр элэглэж шоолоод байдаг тал бий?

-Түүхч Суваровын номондоо тэмдэглэснээр “АНУ, Их Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутаагүй. Ингэж хэлэхэд шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Учир нь Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэ стратегийг байлдааны үед танк, их буунаас илүү үнэлдэг байлаа. Манай орон нэхийтэй байх, эсэх нь ялах ялагдахыг тодорхойлох үе бидэнд байсан юм шүү. Яагаад гэхээр хөлдүү танк, их бууг хүн ажиллуулдаг. Хүн нь осгоод үхвэл юу болох билээ. Тийм учраас нэхийний ач холбогдлыг үүнтэй холбогдуулж тодорхойлсон байгаа юм. Монголтой холбоотой болсноороо Сталин энэхүү бүтээгдэхүүнээр улаан армийг хангаж чадсан” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Зөвлөлтөд туслах хөдөлгөөн Монгол орон даяар олон хэлбэрээр өрнөж байсан. Жишээлбэл, аж үйлдвэрийн комбинат, Гар үйлдвэрлэлийн хоршоолол, цахилгаан станц, Налайхын нүүрсний уурхай гээд томоохон байгууллагуудын ажилчид амралтын өдрөөр ажиллаж түүнийхээ хөлс мөнгийг бэлэглэлийн хөрөнгөнд шилжүүлж байсан. Бэлэглэл нь дайны жилүүдэд хагас сая гаруй агтыг худалдаж, 32 мянган морийг бэлэглэсэн. Найман удаагийн цуваагаар 400 сая төгрөгийн мал, түүхий эд, 300 килограмм алтаар Зөвлөлтийн ард түмэнд тусалсан гэдэг. Бас нэг мэдээгээр 336 вагоноос бүрдсэн бэлгийг хүргэсэн. Үстэй дээл эсгий гутал үстэй хантааз тус бүр 30 мянга, хүнсний зүйл 600 мянган тонн байснаас 37 мянган тонн зээрийн мах байсныг ч хэлдэг. Олон хүн, зэвсэгт хүчний байгууллагууд Эх орны дайнд оролцохыг хүссэн өргөдлөө МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөл, Зөвлөлтийн элчин төлөөлөгчийн газарт хүргүүлж байсан. Жишээ нь, Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын ажилтан Пүрэвжав, хилийн цэргийн байлдагч Балдан, Баатар нарын 100 гаруй хилчин заналт дайсныг даралцахад оролцохыг хүссэн хүсэлтээ командлалдаа ирүүлж байсан байна. Үүний зэрэгцээ 1942 оны дөрөвдүгээр сараас эхлээд бэлэглэлийн ажлыг улам эрчимжүүлэх зорилгоор Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын ард түмэнд хамгийн нэр хүндтэй МАХН-ын төв хорооны эмэгтэйчүүдийн ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга Сүхбаатарын Янжмаагаар ахлуулж комиссыг байгуулсан.

-Монгол хүмүүсийн тусламжаас гадна монгол морины дайнд оруулсан хувь нэмэр ихээхэн дээгүүр үнэлэгдэж байна уу?

-Дайтаж явсан хүмүүсийн анхаарлыг татаж байсан зүйл бол монгол морь байсан. Олон хүн “Монгол морийг эхлээд манайхан голж герман морьдыг авъя гэдэг байсан. Гэтэл монгол морийг унаад гурав хоног явахад огт түүртдэггүй. Герман морь таван цаг яваад л зогсдог. Үүнээс болоод манай цэргүүд сүүлдээ монгол морийг гэх болсон” гэдэг. Генерал Плиев “Монгол морь бол Берлинд танктай хамт зуузай холбон орж байсан юм шүү” гэж бичсэн байдаг. Воранин гэдэг Ленинградын фронтын улс төрийн газрын дарга байсан хүн ард түмнийхээ санаа бодол ямар байгааг мэдэхээр тосгоноор явж байгаад нэг айлын хашаанд ортол монгол морь байжээ. Тэр түүх их сонин. Тэдний яриагаар “Манай тосгоноор улаан арми германуудыг цохиод өнгөрсөн. Үүний дараа бид шархдагсдыг олж авах, нас барагсдыг оршуулах ажилд орсон. Гэтэл энэ морь офицер эзнийхээ шарилын дэргэдээс огт холдохгүй, очихоор тангарах гээд нас барсан эзнээ хамгаалаад байсан. Хэд хоногийн дараа улаан арми бас л ирсэн. Тэгэхээр нь өгөөд явуултал хоёр сарын дараа эзнийхээ шарилын дэргэд ирчихсэн байсан. Гурван удаа явуулахад эргээд л ирсэн байдаг. Манай тэжээлийн морьдыг бодвол тачир өвс идэж чаддаг, хүчтэй, давуу тал ихтэй” гэж ярьсан байдаг.

-Ингэхэд та энэ үйл хэрэгт яаж оролцов. Хаана байв. Хувиасаа Зөвлөлтөд юугаар тусалсан бэ?

-Би Сүхбаатар аймаг, Онгон сумандаа Хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Дайны аюул, Зөвлөлтөд туслахын ач холбогдлын тухай тоонотой бүхнээр орж, ярьж явлаа. Би хувийн зүгээсээ гэвэл Эвлэлийн үүрийн дарга нарын жишгээр сарын цалингаа удаа дараа хандивт шилжүүлсэн. Сумын олон түмнийг зохион байгуулахад өндөр хувь нэмэртэй оролцсон гэж аймгийн дарга Лувсандагвын гарын үсэгтэй тусгай үнэмлэх авч байв. Бас Эвлэлийн хорооноос цүнхэн дээр хадах мөнгөн тэмдэг, үнэмлэх, нэг сарын цалингаар шагнасан юмдаг. Энэ бол миний анхны шагнал байх.

-Тухайн үед Монгол орны аж байдал хүндхэн байсан байх. Нөхцөл байдал ямар байв?

-Идэх гурил, будаа, өмсөх хувцас байхгүй болж байгаа юм. Ю.Цэдэнбал дарга бидэнд “Дайны үед улс төрийн товчооны дарга нар өглөөний цай уухаа больж вареньтай талх идчихээд явж байлаа” гэж ярьж байсан. Улс төрийн товчооныхон ийм байхад жирийн ард ямар байх нь ойлгомжтой. Махнаас өөр юм байхгүй. Хамгийн аюултай нь настангууд ундаасч, унаж тусна. Өвс, ус уусаар байгаад ёстой хэцүүддэг байсан. Хааяа дугуй булантай цай олдвол шүдэнзний хайрцаг шиг болгож жижиглэн хувааж хэрэглэх явдал энүүхэнд. Шаараа дахин дахин буцалгаад ууна. Тамхи байхгүй учраас адууны хомоол, туулайны бааснаас эхлээд янз бүрийн юм татна. Шүдэнз байхгүй учраас гал тасалж болохгүй. Нэг асаасан галаа нутаг сэлгэтлээ унтраахгүй. Орой унтахдаа галаа үнс, нурмаар хучна. Өглөө цог гялайж байвал үүсгэж асаана. Цаас ч олдохгүй. Сүхбаатар аймгийн намын хорооны эвлэлийн анхдугаар бага хурал дээр цаас байдаггүй. Аймгийн намын хорооны дарга Түвдэн тогтоол гаргахын тулд сонины захын хоосон зайг зүсэж аваад бичиж байлаа. Ганц харилцаатай улсынх нь бүх үйлдвэрийг галдаж, дэлбэлчихээр аргагүй биз дээ.

-Эх орны дайны одон, тэмдгээр хэзээ шагнуулсан билээ?

-Би чинь бага, залуу хүүхэд байлаа. Хоёрдугаар дайнд орсон гэж янз бүрийн хүмүүс яриад байдаг. Тэр бол үндэсгүй. Би ч тэнд очиж, тулалдаж явсангүй. Харин 1945 оны чөлөөлөх дайнд цэргийн тагнуул явсан юм. Амиа золиосолсон тагнуул болохоос суурин тагнуул биш. Орос, монгол цэргийн хөл тавиагүй газарт эхэлж хүрч тагнуулын мэдээ цуглуулна гэсэн үг. Түүний ач буянаар эх орны дайны нэг, хоёрдугаар одон авсан.

-Чөлөөлөх дайнд оролцохдоо Жэхэ хот хүрч тагнуул хийж байсан гэл үү?

-1945 онд Монголын дөрвөн морин дивиз зөвлөлтийн нэг морин дивиз техникийн гурван бригад, Монголын нисэх дивиз, холбооны хороо явсан. Үүний гол хүч Сүхбаатар аймгаас хөдөлсөн. Баруун талаар туслах хүч гэж баатар Нянтайсүрэн даргатай нэг бригад, Зөвлөлтийн томоохон хороо орж явсан. Туслах хүч шууд явсаар Жанчхүү орчихож байгаа юм. Сайханы талаас эхлээд тэгшхэн, нээрээ л сайхан газар шүү дээ. Жанчхүүд тулаад Далан хар уул гээд багахан бартаатай. Бид зүүн талаар Тэнгэр элс, Хянганы нурууг туулж Жихэ хотод хүрсэн. Бидний наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороог Чойн Дугаржав гэж улсын баатар хүн удирдсан. Тэр үедээ баатар болоогүй Халх голын байлдаанд хороо удирдаж улаан тугийн одон авсан их нэр хүндтэй хүн байлаа. Тэр хүний удирдсан хорооны дөрөвдүгээр суманд би Эвлэлийн үүрийн дарга, ухуулагч, ханын сонины эрхлэгч, цэргийн шүүхийн төлөөлөгчийг хийж байсан. Яагаад гэвэл очсон цэргүүд боловсрол байхгүй. Би ч боловсролгүй. Монгол бичиг, дөрвөн аргын тоо, сампин мэднэ. Үүний тулд надад итгэл хүлээлгэсэн хэрэг.

-Яаж тагнуулч болсон хэрэг вэ?

-Дайтах болохоор бүх цэргээ нэг дор давшуулчихдаг юм биш байна. Урваж магадгүй, зугтаж магадгүй гэснээ ард талд, агт, гал зуух, ачаа хөсгөн дээр үлдээнэ. Галын шугамын тэргүүн эгнээнд найдвартай хүмүүсээ явуулдаг бололтой. Бичиг үсэг гадарладаг болохоор дарга надад үүрэг өгсөн. Үүр цайхаар цуглаан дээр үг хэлнэ. Даргын тушаалаар “Эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэнэ” гэсэн юм л ярина даа. Ингээд цаашаа явахад “Орос, монгол хүний хөл тавиагүй газар мэдээлэл олж ир, эх орны тушаал” л гэнэ дээ. Туслах бас холбоочин гаргаж өгнө. Заасан цэгт нь хүрээд морио нуучихаад дурандаж эхэлнэ. Нэг суурин байна, олон хүнтэй байна гэх мэтээр цаг хэртэй судалж байгаа холбоочиндоо хэлээд явуулна. Төд удалгүй холбоочин буцаж ирнэ, “Цаашаа тэдэн километр явж мэдээ ав гэж байна” гээд. Надтай эхлээд нэг Өвөр Монголын адуучин таарсан юм. Хэл мэдэх учраас асуудал гарсангүй. Нэг өдөр Тэнгэр элсний орчимд япон хүнтэй таарлаа. Япон гэдэг нэрийг дуулснаас таарч байсан биш. Этгээд амьтан байдаг байх гэж санаад бага залуу, юм үзээгүйг хэлэх үү. Өнөөх чинь үхэр тэрэгний нэг цувааг орхиод элсэн манхан руу гүйгээд орчихсон. Амьд хэл олзлохын тулд буудаж болдоггүй, гурвуулаа хашгирч, гуугалж байж барьж авсан. Гэтэл бид гурав дотор битгий хэл манай хороонд япон хэл мэддэг хүн байгаагүй юмдаг. Тэгээд Плиев генералын мэдэлд шилжүүлсэн байдаг.

-Хэд хоног давшиж Жэхэ хотод хүрэв. Газрын бартаа ихтэй гэж яригддаг?

-Хянганы нуруу чинь их хэцүү газар. Далайд ойр учраас манан их. Бороо орлоо гэж ярихгүй, ус асгана гэмээр юм билээ. Арав гаруй, хориод хоног яваад хүрсэн байх. Элсэн цөлд морины явж байгаа чинь ёстой өрөвдөм хөөрхий. Морьд элсийг туулах гэж дөрвөн хөл нь шигдээд ухархайгаа дүүрэн хөлс, нүд нь гөлийгөөд, хүзүүгээ сунгачихна. Ёстой хачин өрөвдмөөр болдог. Дээрээс нь хүнд, хөнгөн пулемёт чирүүлнэ. Нэг км хөтөлж алхаад нэг км унаж явах жишээтэй. Өвөр монголчууд Тэнгэр элсийг баруунаас зүүн тийш 500 гаруй, хойноосоо урагш 300 км гэдэг. Миний багцаалснаар лав 200 орчим км үргэлжилсэн байх. Элсийг арай гэж даваад Хянганы нуруунд хүрэхэд Богд уулыг дөрөв давхарлачихсан юм шиг өндөр, улаан хадтай уул таарч байгаа юм. Морь мал чинь нойргүй зүтгэчихээрээ хөдөлгөөнөө мэдрэхээ больчихдог юм уу, хөл алдаад тэр гүн хавцал, хясаа руу гулсаад тээр дор уначихдаг юм. Арай гэж нэгийг давахад дараагийн даваа нь түүнээс ч бэрх, өндөр байх жишээтэй. Хажуугаар нь гуу жалгаар нь нэг оволзсон их борооны ус. Тэгж байтал Шар мөрөн тулж ирж байгаа юм. Их устай голд морь сэлэхдээ эзнээ авч шидчих гээд болдоггүй юм билээ. Эмээлнээсээ л хөндийрвөл тэр их усанд үйнэ.

-Та нар япончуудтай таарч, байлдаан, мөргөлдөөн хийгээгүй юм уу?

-Хянганы нуруунд нэг өглөө явж байтал цэргийн сууринтай таарсан. Холбоочноо гэдрэг явууллаа. Тэднийг хүрээд ирвэл бид хоёр баригдаж огт болохгүй. Өөрсдийгөө устгах тушаалтай. Тагнуулчдад 71 үсэрдэг дугуй магазинтай жижиг буу өгдөг байсан. “Хоёул нуруугаараа нийлчихээд буудаад байхад 50-60 метрт хүн ойртуулна гэсэн ном байхгүй. Ядлаа гэхэд дөрвөн гранаттай юм даа” гэсэн тооцоо хийгээд байж байтал араас манайхан ч ирлээ. Тэд ч эсэргүүцэлгүй бууж өгсөн. Бид дараагийн цэг рүү тагнуул хийхээр явна уу гэхээс хэдэн хүн байна, яаж шүүх нь вэ гэдгийг сонирхоод байна гэж үгүй. Сүүлд дуулахад 400 гаруй япон хүн байсан гэдэг. Ингэсээр Жихэ хот руу хамгийн түрүүнд орсон хүмүүсийн нэг нь би болсон. Эх орны дайнд яваагүй ч эх орны дайны одонгоор хамгийн түрүүнд шагнуулсан түүх гэвэл ийм байна даа.

-Жэхэ хот та бүгдийг яаж угтсан бэ?

-Жэхэ гэдэг чинь хааны зуслан юм байна. Тэнд ороод очлоо. Эзэнгүй. Бүгд зугтчихсан. Конторуудыг нь үзтэл босоо төмөр шкафанд хятадаар бичсэн баахан л баримт байна. Аль нь чухал юм бүү мэд, нэг хэсгийг нь л авлаа. Бидэнд ямар ч бэлтгэл хийлгэлгүй гэнэт явуулсан юм шүү дээ. Бусдын нутагт хүрч байлдана гэдгээ ч мэдээгүй. Хүүхдийн жижиг машин байсныг сонирхоод өөртөө авлаа. Их юм авах хэрэг байхгүй. Хэдэн цагийн дараа үхэж магадгүй учраас эргээд Монголдоо очно гэж юм нөөцөлж, хураах шаардлага надад байхгүй. Бас цагаан пансан хөшиг байна. Түүнээс тасдаж аваад хөлөө ороолоо. Гэтэл панс бөөгнөчихөөд явж болдоггүй юм байна. Склад руу нь орж хүрэн хромон гутал байснаас нэгийг жийлээ. Бас борооны цув байснаас ч нэгийг өмсч япон хүн боллоо доо. Баахан жигнэмэг байснаас нь нөхдөдөө амсуулна гээд багахныг нөөцөллөө. Ихийг авбал морь даадаггүй юм. Жижиг ууттай сахар байсныг ч авлаа. Гарч ирээд мориндоо тохтол нуруу нь хотолзоод явдаггүй. Тэгтэл тариан талбайд нэг хүн сүүмэлзээд байсныг дуудтал нэг хятад байна аа. Нөгөө сахарныхаа уутны амыг дөхүүлтэл сүрлэн малгайгаа тосч байна. Дүүргээд өгтөл нөгөөх чинь толгойгоороо газар мөргөөд сүйд болж байна. Шөнө болж бидний байсан цэг рүү машин дөхөж ирсэн юм. Хоёул буугаа сумлачихаад гэрэл дөхөөд ирэхэд нь гялс гар өргөөд буцаад хэвттэл “хэн бэ” гээд монгол хүн дуугарлаа. Дивизийн штабын дарга Янжав гэдэг хүн байсан. Тэгж анги дээрээ очиж бантагнаж байлаа. Алийг хэлж гүйцэхэв. Тэрний зовлон бэрхшээлийг ярих юм бол тоочиж баршгүй.

-Тухайн үед урд хөршийн аж амьдрал ямархуу байсан юм бол?

-Хөгжил тэс ондоо. Хил гараад очив уу, үгүй юү, ардын хувьсгалаас өмнөх Монгол орон ийм л байсан болов уу гэхээр. Даавуу, ямбуу бүрээс гэж огт байхгүй. Цагаан эсгий бүрээс ч үгүй. Нэг муу борцгор бор гэрүүд. Улсууд нь жа гээд л хормойгоо дэвсээд газар унаад угтана. Хятад руу явж ороход хамгийн хэцүү амьдрал гэдэг тэнд л байсан. Хүмүүс нь хавраас эхлээд чармай нүцгэн. Урд, ардаа жаахан таарны өөдөс зүүчихсэн байх жишээтэй. Өмд ч байхгүй шүү. Гартаа төмөр хүрз, зээтүүхэн барьчихсан. Байнга нүцгэн явдаг хүний бие чинь тэмээний үдээр шиг цэл хөх болчихдог юм байна. Зарим нөхөд нь ус гатлахад газарчилж, гүехэн газар зааж өгнө. Бид ч өгөх юмгүй учраас ганзаганаасаа нөөцний цагаан өмд мэтээ шидээд өгчихнө. Тэгэхээр бас л газар мөргөөд сүйд болно. Бид нэг өдөр тосгонд хүрсэн юм. Ер нь явсан газраасаа хүнсээ залгуулдаг болохоор таарсан айлаасаа үхэр малаас нь авчихна. Цаад айл нь хөөрхий байсан ч хамаагүй. Дор нь нядлаад хооллочихоод явахад ширтэй нэг хэсэг нь үлдэж байгаа юм. Тэгэхэд тосгоныхон хүүхэд, томгүй бүгдээрээ хүрч ирээд булаацалдаад л үлддэг байсан. Уналаганы морь үхэхэд л хадуураар арьсыг нь салгасан болоод махыг нь тасчаад аваад явж байгаа харагддаг. Бидэнд хэлэхдээ гурван жил малын мах хараагүй гэж байсан. Тахиа, шувуухнаар л аргалж байдаг байсан юм билээ. Буцаж явахдаа тосгоны нэг айлаар орсон. Гэр нь муухан тагз. Дотроо хогшил гэхээр юмгүй. Наар, тогоо зэрэгхэн л байсан санагддаг.

Ер нь манай монголчууд азтай хүмүүс. Ямар ч л гэсэн тийм муу тавиланг туулж үзээгүй. Эргээд ирэхэд эх орон маань үгүй мөн гэрэлтэй сайхан, амар амгалан санагдаж байсан даа.


One reply on “Э.Лувсанбалдан: Монголчууд дэлхийн II дайнд холбоотон болж орсноороо тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *