Categories
мэдээ цаг-үе

Э.Хатанболд: Ерөнхийлөгч бид хоёр утсаар хэсэг ярилцсан. Намайг ирж уулзаарай гэсэн

Манай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас мэдээлж байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманднэгдүгээр сарын 24-нд 08:27 цагт төрсөн. Монголын гурван сая дахь иргэн болж хорвоод мэндэлсэн бяцхан охины аавыг Энхтүвшингийн Хатанболд, ээжийг нь Ганбатын Аззаяа гэдэг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржэнэ сарын 28-ны аргын тооллын морь цагт “Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр төрөх эмнэлэгт 1992 онд төрсөн Э.Хатанболд, Г.Аззаяа гэх залуу гэр бүлийн анхны хүүхэд Монголын гурван сая дахь иргэнээр тодорлоо” гэжмэдэгдсэн билээ. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын гурван сая дахь иргэнийг зарласан даруйд Өмнөговь аймгийн төвд амьдарч байгааЭ.Хатанболдын гэр рүү хөдөлсөн юм.

Өчигдөр 09:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжин охины гэрт очлоо. Хашааных нь үүдэнд олон машин эгнээд зогсчихсон байгаа харагдав. Хашаанд нь олон айл байдаг аж. Х.Монголжин охины ээж Г.Аззаяагийн эмээ, аав болон хамаатан садангууд нь нэг хашаанд аж төрдөг юм байна. Хашааны баруун талаасаа хоёр дахь дөрвөн ханатай гэр Э.Хатанболдынх. Бид ч зорьсон айлынхаа гэр рүүяваад орлоо. Гэрийн хойморт Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин гэх 50 гаруй насны эр сууж байв. Харин хажууд нь Г.Аззаяагийн аав Ганбат сууж байлаа.

Мөн охины аав Э.Хатанболд гэрийнхээ хойморт улаан даавуун дээл өмсчихсөн сууж байх аж.Улаанбаатар хотоос сурвалжлагч нар ар араасаа цувраад ирчихжээ. Сэтгүүлчид Э.Хатанболдыг тойроод суучихсан асуултаар “бөмбөгдөж” байв. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утсаар юу гэж ярьсан бэ” гээд л нэг нь асууж байна. Харин Э.Хатанболд камерийн өмнө суучихсан сандарч байгаа бололтой түгдэрч байснаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна. Э.Хатанболдоо чамд болон танай гэр бүлийнхэндхалуун баяр хүргэе. Танай охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон шүү” гэж ярьсан. Би ч сандраад олигтой зүйл ярьж чадаагүй” гэж товчхон хариулав. Дараагийн сэтгүүлч “Хүүхэдтэй болсноо яаж мэдсэн бэ” гэхэд “Манай Азаа бөөлжөөд” гэснээ “Үгүй, дотор нь муухай оргиод байна гэж хэлээд л анх мэдсэн” гэж хариулах. Энэ мэт асуултууд ар араасаа цуварсаар байв.

Тэгсэн гаднаас 70 гаруй насны болов уу гэмээр эмээ орж ирсэн нь Г.Аззаяагийн эмээ М.Эрдэнэзул гуай байв. Хүмүүстэй мэнд мэдээд “Хотод охинд зориулж том лам нарном хурж байгаа гэнэ. Зул барьж, сүү өргөе” гэв.

Залуу хосын гэр өчигдөр үдээс хойш хүний хөлд дарагдах болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнийг зарлаад хэдхэн минут ч болоогүй байхад аймгийн төвийн иргэд Э.Хатанболдын гадаа цугларсан аж. Хүмүүс “Гурван сая дахь иргэнийг харна” гээд л гэрийнх нь гадаа бөөнөөрөө зогсчихсон байсан гэнэ. Бүр сүүлдээ аймгийн цагдаа нар ирж цугларсан иргэдийг тараажээ.

Ханхонгор сумаас Э.Хатанболдын хамаатан садан иржээ. Мөн Мандал-Овоо сумаас Г.Аззаяагийн төрөл садан ч ирцгээсэн гэнэ. Тэд аймгийн телевизийн мэдээг үзээд л яарч сандралдан нааш хөдөлцгөөсөн байна. Хосууд ширээ дүүрэн тавгийн идээ засжээ.Орж ирсэн зочин болгонд хул дүүрэн мэлтэлзүүлэнингэний хоормог өгөх аж. Зүүн орон дээрээ Х.Монголжин охин унтаж, ээж нь охиноо хараад хажууд нь сууж байв.

ЕРӨНХИЙЛӨГЧ ОХИНД МИНЬ МОНГОЛЖИН ГЭСЭН НЭР ӨГСӨН

Телевизийн сэтгүүлчид ярилцлагаа авч дууссан бололтой эхнээсээ гарч явсаар зочид цөөрөв. Тэгсэн Э.Хатанболд охиныхоо төрсний гэрчилгээг авахаар аймгийн бүртгэлийн газар руу явахаар боллоо. Бид ч түүнтэй хамт гэрээс гарлаа. Ингэж Э.Хатанболдтой уулзалдав.

– Гурван сая дахь иргэний аав болсон чамд болон танай гэр бүлд баяр хүргэе?

-Баярлалаа. Сүүлийн хэд хоног үнэхээр сайхан байна. Бид хоёрын анхны хүүхэд маань Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо шүү дээ. Эхлээд гурван сая дахь иргэн төрөх талаар ямар ч мэдээлэл байхгүй явсан юм. 24-ний өглөө гэнэт өвдөөд эмнэлэгт очсон. Эхнэр маань дөрвөн цаг гаруй өвдөж байж төрсөн. Охинтой болсон гэж дуулаад зөндөө баярласан. Хөөрхөн охинтой боллоо гэж бодохоор өөрийн эрхгүй л баяр төрөөд байсан. Хэнтэй адилхан хүүхэд байгаа бол, хурдхан л харах юмсан гэж бодогдоод байдаг юм билээ. Тэгээд гэртээ очиж шөл авчрахаар явж байхдаа эхнэр рүүгээ “Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа” гэж мессэж бичсэн.Тэгсэн “Хөөрхөн охин төрүүлж өглөө шүү” гэж хариу бичсэн. Нэг хоноод л манай хоёр эмнэлгээс гарсан. Охиноо гарч ирэнгүүт нь баруун хацар дээр нь үнссэн чинь өөрийн эрхгүй л уйлсан. Их гоё үнэртэй, жижигхэн улаан хүүхэд байсан. Бас миний том хамрыг дуурайсан юм шиг харагдаад байгаа. Хүмүүсийн хөлд дарагдаад охинтойгоо тухтай ч эрхэлж чадахгүй л байна.

– Уржигдарл охиноогурван сая дахь иргэн гэдгийг мэдсэн үү?

-Тиймээ. Өчигдөр (уржигдар) мэдсэн. Эхлээд манай том ах Э.Шинэхүү утасдаж “Хүмүүс хотод танай хүүхдийг гурван сая дахь иргэн болсон гэж яриад байна” гэж хэлсэн. Би ч тухайн үед арай үгүй байлгүй гэж бодоод итгээгүй юм. Тэгсэн нэг яамны сайд ярьсан. Дахиад өөр нэг яамны сайд ярьсан. Тухайн үед сандраад нэрийг нь мэдэж чадаагүй юм. Тэгсэн 14:00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний утас руу залгасан. Баяр хүргээд, бид хоёр хэсэг утсаар ярилцсан. Намайг ирж уулзаарай гэж хэлж байна лээ. Тэгээд охинд миньнэр өгч болох уу гэхээр нь эхнэр бид хоёр “Болно. Та манай охинд нэр өгчих” гэсэн чинь Монголжин гэдэг нэр хайрласан. Зүүдлээд ч байгаа юм шиг их сонин мэдрэмж төрдөг юм байна.Их л баярлаж догдолсон хүн байна. Үнэхээр л их хувь заяа юм даа. Энэ олон хүүхдээс намайг аав болгож хорвоод мэндэлсэнохин минь Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо шүү дээ.

– Охиндоо та хоёр Сэлэнгэ гэж нэр хайрласан байсан юм биш үү?

Тийм ээ. Гэхдээ манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад Ерөнхийлөгчийн өгсөн нэрээр нэрлэхээр шийдсэн. Эмээ “Төрийн минь сүлд өршөө. Төр хүүхдийг нь харж байхад Монголжин гэдэг нэрийг нь өг гэсэн юм. Тэгээд л Монголжин нэрийг өгсөн гэв.

ӨРХИЙН ЭМЧИД ЗАГНУУЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛД АЛБАН ЁСООРБҮРТГҮҮЛЛЭЭ

Э.Хатанболд бид хоёр машинд ийн ярилцаж явсаар өрхийн эмнэлэг дээр ирлээ. Өрхийн эмчээр нэг хуудсан дээр тамга даруулах юм. Бид хоёр өрхийн эмнэлэг рүү яваад орлоо. Эмчийн өрөө рүү давхиад орсон чинь “Тамга нь олдохгүй байна. Цаанаа хүлээж бай” гэжэмч хэллээ. Бүр бид хоёрыг аашлах шинжтэй шүү. Бид үүдэнд нь нэлээд хүлээв. Тэр хавиар явсан хүмүүс Э.Хатанболдыг таниад сүйд болох аж. “Гурван сая дахь хүүхдийн аавд баяр хүргэе” гээд ирж гар барих. Тэгсэн нөгөө ааш муутай эмчид хэн нэг ажилтан хэлсэн бололтой юм. Төд удалгүй “Өрөөндөөдуудаж оруулаад баяр хүргээд сүйд боллоо. Бүр нөгөө алга болсон гээд байгаа тамгаа ширээнийхээ нүднээс гаргаж ирээд цаасан дээр нь дарж өглөө. Бид хоёр ингэж өрхийн эмнэлэг дээр хэсэг саатаад аймгийн Улсынбүртгэлийн хэлтэст очсон юм. Өрхийн эмнэлэгт саатаад цайны цаг болж байхад нь яваад очжээ. 201 номерт шинэ төрсөн хүүхдийг бүртгэж байлаа. Гэхдээ Э.Хатанболдыг таниад шууд бүртгэж авсан юм. Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх биднийг хүлээн авч уулзав. Э.Хатанболд гэрлэлтийн баталгаагаа үзүүлээд охиныхоо төрсний гэрчилгээг албан ёсоор авав. Э.Хатанболдод улсын бүртгэлийн ажилтнууд баяр хүргэлээ. Ингэж Монгол Улсын гурван сая дахь иргэн Мэргэн гэх ургийн овогтой Э.Хатанболдын Монголжин албан ёсоор Монгол Улсад бүртгэлтэй боллоо. Манай сурвалжлах багийнхан ч Х.Монголжинг улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцсондоо ихэдбэлгэшээсэн юм аа.

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх “Манай бүртгэлийн хэлтэст сард дунджаар 130-150 хүүхэд шинээр бүртгүүлж байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингийн аав, ээж хаанахын хүмүүс вэ гэдгийг сонирхох хүн олон байна. Аав Э.Хатанболд нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Ээж Г.Аззаяа нь Мандал-Овоо сумынх гэдгийг албан ёсоор хэлж байна” гэлээ.

Ингээд бид бүхэн эргээд гэр рүү нь хөдлөв. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас Хатанболдынд олон хүн оруулж, гаргахгүй гээд тэр хавийн хөл хөдөлгөөнийг эрс багасгажээ. Төрөөд хэдхэн хонож байгаа жаахан охиныг харж, тэвэрч, үнсэх гэсэн хүмүүс ханиад томуу хүргэчихэж магадгүй хэмээн ийн сэргийлэх нь зүй юм. Э.Хатанболд бид хоёр гэрт нь хамт орлоо. Х.Монголжин ээжийнхээ мөөмийг хөхчихөөд унтаад өгчээ. Г.Аззаяа ээжийгээ дуурайсан сүү сайтай болж магадгүй шинжтэй байгааг эмээ М.Эрдэнэзул нь хэлэв.

“ОХИНЫГ МИНИЙ ГЭДСЭН ДЭЭР ГАРГААД ТАВЬСАН ЧИНЬ ИХ ЧАНГААР УЙЛСАН”

Ингээд Г.Аззаяагаас ээж болсон сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр “Хордлого өгч эхэлсэн цагаас л хэвлийд минь бүрэлдэж байгаа үр минь гэх сэтгэл төрж, хайрлаж эхэлдэг юм билээ. Нэгдүгээр сарын 24-ний04:00 цагийн үед гэнэт өвдсөн. Тэгээд эмнэлэгт очсон. Аймаар их өвддөг юм билээ. Тэгээд 08:27 цагт охин минь төрсөн. Охиныг минийгэдсэн дээр гаргаад тавьсан чинь их чангаар уйлсан. Охиноо хараад, чанга уйлахыг нь сонсоод дагаад уйлсан. Аймаар өвдөж байсан өвдөлтөө ч мартаж, мэдрэхгүй болоод хүүхдээ хараад баймаар санагдаад байсан. Их жижигхэн улаан хүүхэд харагдсан. Тэгээд л хүүхдээ амлуулж гал уургийг нь хөхүүлсэн. Тэгж байтал Хатнаа “Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа”гэсэн мессэж бичсэн байсан. Ингээд л бид хоёр гурвуулаа болоод л амьдарч байна даа” гэлээ. Монголчуудыг олуулаа болгож, олон болгох гэж ирсэн Х.Монголжин охинд цөөнгүй хүн бэлэг амлаад байгаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *