Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Наадам зохион байгуулах хорооны гишүүн Э.Ганхүүтэй наадмын төсөв болон бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Өнгөрсөн жил наадмын талбайн гадаа эрээний барааг ихээр худалдаж байсан. Нарантуул зах шиг гэх шүүмжлэлд өртсөн. Энэ тал дээр хяналт тавьж байгаа юу?
-Бидний зүгээс иргэдэд заавар зөвлөгөө худалдаа эрхлэх зөвшөөрөл, байршлыг өгдөг. Гэтэл хүмүүс албан ёсны зөвшөөрөл аваагүй хэрнээ бараа худалдаад эхэлнэ. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй тохиолдлууд гардаг юм. Ингээд аль аль талдаа бухимдаад хүндрэл үүсгэдэг ийм зүйл бий. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг шаардлага хангасан бараа үйлчилгээ, стандартын хоол хүнс борлуулдаг байгууллагуудад нэгдсэн нэг төв дээрээс өгнө. Эргээд хариуцлага тооцоход эзэнтэй болгох гэсэн үүднээс нэг гарт төвлөрүүлж байгаа юм.
-Энэ жил хуушуур болон худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байгаа вэ?
-Хуушуур худалдааны зөвшөөрлүүдийг 15 мянган төгрөгөөр олгож байгаа. Дүүрэг бүрийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүд өгдөг байсан бол энэ жил Мэргэжлийн хяналтын газар албан ёсны стандартын дагуу ажиллаж борлуулагчдад зөвшөөрөл олгож байгаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн орчим хуушуурын 400, худалдааны 100, Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрлийг зориулагдсан цэгт олгохоор болсон. Ингэхдээ хуушуур буюу хоол хүнсний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно. Үүнтэй холбоотойгоор хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 16-27-ны хооронд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч шалгаруулалт 28-29-ний хооронд явагдаж, шалгарсан ААН, иргэдийг 30-нд олон нийтэд мэдээллэх юм.
-Энэ жил наадамд хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулж байна вэ?
– Монгол Улсын үндэсний их баяр наадмын төсвийг Засгийн газрын хуралдаанаар баталдаг. Өмнө нь наадмын төсөв жилээс жилд өссөн үзүүлэлттэй байсан. Энэ жил албан ёсны салбар, хороодод ирсэн саналыг харахад анх тав орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэж байсан. Харин бид 2016 оны наадмын төсвөөс хэтрүүлэхгүй гэдэг зарчимтай байсан болохоор нэлээд танасан. Тэгэхдээ иргэдийг өмнөх жилийнхээс илүү ая тухтай баярлуулах зорилго тавьсан. Нийтдээ хоёр орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Мөн 370 сая төгрөг нь наадам зохион байгуулж буй газруудад зарагдаж байгаа билетын орлого, автомашины тусгай зөвшөөрөл, үндэсний баяр наадамтай холбоотой жуулчдад олгодог эрхийн зардлуудаас орж ирнэ гэж тооцлоо. Харин Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 500 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байгаа. Ингээд нийтдээ 2.8 орчим тэрбум төгрөгийг үндэсний их баяр наадамд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар баталчихсан байна. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд хамгийн өндөр буюу 800 орчим сая төгрөгийг зарцуулдаг бол өмнөх оны жишгийг харгалзан үзэж энэ жил 600 сая төгрөгөөр тогтоолоо. Нээлт, хаалтын арга хэмжээ бол энгийн тоглолт байдаггүй, тусгайлан бэлдэж, сэдэвчилсэн томоохон хэмжээний үйл ажиллагааг бэлтгэдэг. Ингэхдээ нэг сарын өмнөөс тусгай бэлтгэлд гарч гимнастик болон батлан хамгаалахын албан хаагчдыг дайчлах гэх зэрэг олон хүнийг хамардаг. Тиймээс тоглолтонд оролцогчдын бэлтгэл хангах зүйлс, хоол, унаа, хувцасны болон байрлах газрын зардал гээд нэлээд хөрөнгө ордог боловч хаалтын зардалд түүнээс ч ихийг зарцуулж байгаа. Мөн үзүүр, түрүүний бөх болон хурдан морьдын бай шагнал зэрэгт Засгийн газраас тогтоосон шагналын сан гэж бий.
-Наадмын зохион байгуулалтад хамгийн их анхаарах шаардлагатай, тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
– Манай улсын цаг агаарын байдал тогтворгүй. Гэтэл бидэнд наадмын битүү талбай байдаггүй, наадмын талбайн орчин тойрон, гадна талбайн нийтийн бие засах газар, жуулчдын аюулгүй байдлыг хангах гэх зэрэг асуудлууд тулгардаг. Манай наадмын талбай 12 мянган хүний суудалтай. Тиймээс суудал хүрэлцэхгүй байх асуудал гарна. Наадмын зардал өндөр гарч байна гэх шүүмжлэл байдаг ч маш олон салбарт зэрэг үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хүй долоон худагт хүртэл томоохон арга хэмжээнүүд болно. Ирээдүйд үндэсний их баяр наадмаа Хүй долоон худагт зохион байгуулахын тулд тэнд цогцолбор байгуулна гэсэн алсын бодол бий. Мөн наадмын үеэр иргэдийг Хүй долоон худаг руу автобусаар үнэгүй зөөдөг. Цагдаагийн бие бүрэлдэхүүн амралтгүй ажилладаг, эдгээр хүмүүсийн цалин хөлс гэх мэт зардлууд гарна. Хүмүүс баярлаж байхад тэнд ажлаа хийгээд явж байгаа хот тохижилтынхон бий. Иргэд эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж цэвэр, цэгцтэй баярлах хэрэгтэй. Наадмын өдрүүдэд хэчнээн мянган хогны машин ажиллаж байгаа билээ. Ингээд бодохоор маш олон хүний хөдөлмөр зүтгэл бас байдаг шүү дээ.
-Жуулчдыг татахын тулд, мөн тэднээс наадмын төсөвт ахиухан мөнгө олохын тулд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
– Сая гаруй хүн Улаанбаатар хотод оршин суудаг. Гэтэл зун болохоор 3-5 мянган жуулчин манай улсад ирдэг. Үүнд мөн л наадмын талбай 12 мянган хүний суудалтай гэдэг нь асуудал болж байна. Тиймээс бид энэ удаа иргэд болон жуулчдын сайхан баярлах, ая тухтай наадах нөхцөлийг хангахын тулд стадионы гадна талбайд аюулгүй байдлыг хамгаалах бүс, алхах зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлж, сандал суудал хүртэл тавьж, нэлээд зохион байгуулалттай тохижилт хийнэ.
-Энэ зун нэлээд хуурайшилттай байж мэдэхээр байна. Наадмын талбайн зүлгийг усалж арчилж эхэлсэн үү?
-Усалгааны ажил тавдугаар сард эхэлсэн. Үргэлжлээд явж байгаа. Хоёр өдөр нэлээд бороо орлоо. Хуурайшилт гайгүй болж байгаа байх.
-Наадмын тасалбарыг хэзээнээс хэвлэх вэ. Ямар үнэ ханштай байх вэ?
-Албан ёсны тасалбарын загварыг баталдаг. Үүний дараагаар хэвлэлтэд өгөөд билет борлуулах газруудад тараадаг. Өдрөө товлоогүй нууцлалтай байлгаж байгаад наадмын өмнөх долоо хоногт борлуулалтын газруудад тараана. Энэ нь хуурамч тасалбар зарагдаж иргэдийг төөрөгдөлд оруулахаас сэргийлж байгаа юм. Наадмын тасалбар өмнөх жилүүдийнх шиг 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнд бөхийн барилдаан, нээлт, хаалт гээд бүгд багтсан.
-Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу түгжрэл үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Автобуснуудыг үнэгүй явуулна. “Мишээл”, “Дүнжингарав”-ын автомашины зогсоолуудыг чөлөөлүүлж байна. Энэ зогсоолуудыг чөлөөлүүлчихээр түгжрэл сийрэг болоход нэлээд тустай. Мөн рейлбусаар хамгийн хөнгөлөлттэй үнээр зорчуулна. Үнэгүй автобус явж байхад хүмүүс хувийн машинаараа явах гэдэг. Нийтийн тээврээс хийж буй хангалтуудыг бүгдийг хийж байна. Харин манай иргэд машинаараа явж түгжрэл үүсгэдэг ч бидэнд иргэдийн машиныг зогсоох эрх байхгүй шүү дээ.