Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Энхболд: Олон жилийн өмнөөс мөрөөдлийн байшингийнхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн DNN.mn


Загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.


-Танай гэр гэр бүлийн шинэ байшин сошиал ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Та “Аавын байшин” гээд фэйсбүүк групп ч нээгээд амжжээ. Байшингаа хэдий хугацаанд төлөвлөж барьсан бэ?

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Аавын байшин” гээд мөрөөдлийн байшингаа барьсан. Арван жилийн өмнө хүүхэдтэй болоод мөрөөдлийн зуслангийн байшингаа өөрийн гараар барья гэж эхнэртээ санал тавьж байсан. Амьдралын мөчлөг арван жил байдаг юм байна гэж харж байна. Арван жилийн дараа л байшингаа барьж чадлаа. Сүүлийн гурван жил байшингаа барья гэсэн шийдвэр гаргаад маш идэвхтэй бэлдэж эхэлсэн. Цар тахал болон барилгын салбарт үүссэн материалын хомсдол зэрэг олон асуудал үүслээ. Тэгээд энэ оны хоёрдугаар сарын сүүлээр барилгын ажлаа эхлээд яг хагас жил буюу зургаан сарын хугацаанд байшингаа барьж дуусгалаа.

Мэдээж би зөвхөн байшингаа бариад сайхан амьдрахаас илүүтэй маш олон залуучуудад урам зориг өгье гэж бодсон. Манай монголчууд ямар ч судалгаагүйгээр тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлгүйгээр зуслан дээрээ шууд байшин бариад цаг хугацаа эд хөрөнгө, сэтгэл санаа гээд олон зүйлээр хохирдог. Бид зуслангийн газар луугаа явахад маш олон хана нь цуурчихсан нурж унаж байгаа тиймэрхүү байшин хардаг. Үүний цаана бас нэгэн гэр бүлийн том асуудал явж байгаа шүү дээ. Тиймээс би надтай адил байшингаа барих гэж байгаа, барьж байгаа аавуудад хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс “Аавын байшин” гэдэг фэйсбүүк группийг нээсэн. Тэнд би болон олон аавууд туршлагаа хуваалцах орон зайг бий болгосон. Мөн “Аавын байшин” нэртэй дөрвөн дугаар цуврал влог бэлдсэн. Влог маань аравдугаар сарын эхээр цацагдаж эхэлнэ.

-Таныг өөрөө байшингаа барилцсан гэж дуулсан. Хэр олон хүн оролцож бүтэв…

-Байшингийн сууринаас эхлээд гадна тохижилт, доторх тохижилт зэрэг бүх ажилд өөрөө оролцож барьсан. Миний төрсөн дүү болон манай эхнэрийн төрсөн ах хоёр гээд дөрвүүлээ үндсэн бригадаа бий болгоод ажилдаа орсон. Манай эхнэрийн ах мундаг инженер хүн байдаг. Үндсэн байшингийн хийц нь “Сиб” технологиор барьсан. Энэ “Сиб”-ийн технологийг нэлээн удаан хугацааны турш судалсан. Монгол шиг хүйтний улиралтай газар яг тохиромтой. Дулаан алдагдал, зардал багатай. Бидэн дээр нэмээд 20, 30-аад хүн гүйцэтгэгчээр оролцсон. “Аавын байшин” гэх залуучууддаа урам зориг өгсөн контент хэрэгжүүлэх саналыг ойлгож дэмжсэн “Хангал констракшн ХХК”, “Атмор ХХК”, “Тэнүүн өлзий ХХК”, “Харгана арцат ХХК” гээд хамтрагч компаниуддаа маш их баярлалаа.

-Залуу гэр бүлүүдийн хувьд өрх тусгаарлах, шинэ байшинтай болоход санхүүгийн сахилга бат чухал. Танай гэр бүлийн хувьд санхүүгээ хэрхэн хуваарилж, зарцуулдаг вэ?

-Тэгэлгүй яахав, залуу гэр бүлүүдийн хувьд өрх тусгаарлана гэдэг хамгийн чухал ажил байдаг. Санхүүгийн сахилга баттай байвал өрх тусгаарлахад илүү амар. Манай гэр бүлийн хувьд хоёулаа ажилладаг болохоор авуу талтай байдаг. Мөн аав, ээжүүд маань хүүхдүүдийг минь харж их тус болдог байсан. Тэр ч утгаараа хоёулаа зэрэг хөдөлмөрлөөд ажилладаг. Мэдээж бид хоёр маш олон жилийн өмнөөс мөрөөдлийн байшингийнхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн.

-Танай гэр бүлийн санхүүгийн хамгийн чухал зарчим юу вэ?

-Манай гэр бүлийн хувьд зарим үед төсөөлснөөсөө их орлого олох нь их гоё санагдсан. Ажлаа сайн хийж чадах юм бол үүнийгээ дагаад санхүүгийн урсгал орж ирнэ гэдгийг маш сайн ойлгодог учраас бид хоёр хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Мэдээж хамгийн чухал зүйл нь тууштай, тогтвортой, урт хугацааны байх ёстой. Та бүхэн бас мэдэх байх, манай “O’Couture” гээд үндэсний брэнд бүтээгдэхүүн бий. Миний хувьд урлагийн чиглэлээр олон жил ажиллаж байна. Жишээлбэл, “Говь кашмер”-т 10 жил гэрээт моделиор ажилласан. Ингээд бодохоор аливаа зүйлд тууштай, зөв хандлагатай, ёс зүйтэй байх юм бол ямар ч ажил сайн явдаг гэж боддог.

-Та байшинтай болох төлөвлөгөөг хэзээнээс гаргасан бэ, урт хугацааны өмнөөс төлөвлөж бага багаар хэрэгжүүлсэн үү?

-Байшинтай болох төлөвлөгөөгөө 10 жилийн өмнөөс бодож зорьж эхэлсэн. Эхний гурваас таван жилд яг мөрөөдөл шиг л байсан. Тэгээд сүүлийн таван жилд яг эрчимтэйгээр бага багаар төлөвлөж эхэлсэн. Хамгийн түрүүнд санхүүгийн хуримтлалаа бий болгосон. Дараа нь байшин барих газар маш чухал учраас яг мөрөөдлийн төсөөллийн газраа олж хайж авах нь нэлээн ажил болсон. Улаанбаатарын хэмжээнд гоё зуслангийн газрууд цөөн болчихсон. Төсөөлөлдөө буулгадаг модтой, устай, уултай яг тийм гоё газар байхаа больчихсон. Тийм газруудыг хоёрдогч буюу худалдан авах байдлаар авах боломжтой юм байна лээ. Олон хүнээс зөвлөгөө авч яг ном журмаар нь хийхийг хичээсэн. Хөрсний шинжилгээ хийлгэх, дэд бүтэцүүдээ шийдэх болон ямар суурь хийх суурин дээрээ тохирсон ямар технологиор байшингаа барих вэ зэрэг мөн ямар дизайнаар барих болон архитектураа шийдэх гэх мэтчилэн бүгдийг шат дарааллаар хийсэн. Энэ байшиндаа гурван үеэрээ амьдарна гэж бодож төсөөлж барьсан.

-Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Би төлөвлөгөөгөө цаасан дээр буулгах дуртай. Цаасан дээр бууж байж бодож төлөвлөсөн зүйл маань биеллээ олох боломжтой гэж боддог. Эхлээд цаасан дээр буулгаад яг өөрийнхөө төсөөлж байгаагаар зураг зурахад болно. Хоёр дахь чухал алхам нь чиглэлээр мэргэшсэн дадлага туршлагатай хүмүүсээс үгийг нь сонсох. Тэгээд санхүүгийн сахилга баттай байж хуримтлалаа бий болгоорой гэж зөвлөмөөр байна.

-“Танайд хоноё” нэвтрүүлгээс таныг гэрийнхээ зарим тавилгыг өөрөө хийдгийг харж байсан. Энэ удаад шинэ байшиндаа тавилгаа өөрөө хийсэн үү?

-“Танайд хоноё” нэвтрүүлгээс маш олон хүнд урам зоригийг өгсөн байна лээ. Би багаасаа л нэг тоглоом байлаа гэхэд энийг яаж хийдэг юм бол, энэ машин юугаар хөдөлдөг юм бол гэж аливаа зүйлийн мөн чанарыг сонирхож өөрийн гараар хийж туршиж үзэх дуртай байсан. Тэр ч утгаараа гэр бүл зохиогоод залуу гэр бүл санхүүгийн асуудалтай л байсан учраас боломжийн зүйл байвал өөрөө хийчихье гэсэн бодолтой байсан. Энэ удаад тавилгыг өөрөө хийж чадаагүй хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Цаг хугацаа уртсах тусам зардал ихэсч байсан учраас цаг хугацаагаа хэмнэхийн тулд туршлагатай хүмүүсээс санаанд нийцсэн тавилгуудаа авсан. Мөн хоёр дахь хүчин зүйл нь маш их ядарсан (инээв). Яг зураг төсөөллөөс эхлүүлээд бодит болтол нь байшингаа барьсан учраас их ядарсан (инээв).

-Танай гэр бүлийн ажиглалтаар хувийн байшинд амьдрах нь орон сууцнаас ямар давуу талтай байна вэ?

-Удаан бодож хүсэж хийсэн учраас сэтгэгдэл өндөр, маш гоё байна. Байшингийн давуу тал үнэхээр олон. Хүүхдүүд байгальтай ойрхон болж өсч байна. Орон сууцанд амьдардаг хүүхдүүдээс илүүтэй аж ахуйч амьдралд ойр хүмүүжиж өснө. Ядаж хашаа хороо цэвэрлэх, ус цахилгаан зэрэг хувийн байшин арчилгаа тордолт ихтэй юм байна. Тийм учраас тэр болгонд багаасаа суралцаж байгальтайгаа ойр, техник технологи хариуцлага гэдэг зүйлийг мэдэрч ухаарж өсдөг санагдсан. Дээрээс нь цэвэр агаарт тав тухтай, амар тайван байх гэдэг юугаар ч сольшгүй чухал зүйл болчихоод байна шүү дээ.

-Та загвараас гадна өөр ямар ажил эрхэлдэг вэ?

-Яг миний үндсэн ажил гэвэл “O’Couture брэндийнхээ ерөнхий захирлаар ажилладаг. Мөн Монголын загвар урлалын холбооны тэргүүнээр ажилладаг. “Хөрөнгө” гээд групп байгаа, шинэ бизнес л дээ. Хөрөнгө групп маань үл хөдлөх хөрөнгийн портал сайт, санхүү, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компанид хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагчаар явж байгаа. Мөн сүүлд “In­digo warm house” гээд компани байгуулсан. Энэ нь дулааны алдагдалгүй ашиглалтын зардал багатай ийм пассив хаус чиглэлээр “Сиб” технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *