Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо өнөөдөр /2017.03.02/ намынхандаа мэдэгджээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагчдын сар шинийн золголт өнөөдөр болсон аж. Энэ үеэр тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.
Мөн Ардчилсан намынхан өчигдөр сар шинийн золголт хийсэн байна. Уг золголтын үеэр ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө Э.Бат-Үүл намынхандаа мэдэгдсэн юм байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нам дотроо хүчтэй лидерт тооцогддог.
Тэрбээр 2012-2016 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахдаа бүтээн байгуулалтын олон ажлыг гардан гүйцэтгэсэн, мөн эхлүүлсэн байдаг. Дээрх дөрвөн жилд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нүүрээ угаасан мэт цэмцийж, орчин үеийн хотын төрхийг олсон нь Э.Бат-Үүл дарга, түүний багийнхны хийсэн ажлын үр дүн гэж үзэх нь бий.
Тиймээс Ардчилсан намын гишүүд түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх итгэл хүлээлгэвэл тус нам хүчтэй лидерийг энэ удаагийн сонгуульд сойх бололтой.