Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Амгалан: LRT төсөл хэрэгжсэнээр түгжрэл 25 хувиар буурна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.


– Ард түмний төлөөлөл болсон УИХ-д хүндэтгэлтэй хандаж асуудлыг харж байгаа болохоос бус өнөөдөр л хэлд ороод байгаа юм биш –


-LRT төслийг ямар учраас та дэмжиж байгаа юм бэ. Төслийн ач холбогдол нь юу вэ?

-Түгжрэлтэй холбоотой асуудлууд сүүлийн 14, 15 жил нэлээн эрчимтэй яригдаж байна.

LRT төсөл гэнэт гараад ирсэн асуудал биш. Үе үеийн нийслэлийн удирдлагууд болон түүний удирдах багийнхан Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөлд ямар нийтийн тээвэр тохирох вэ гэдгийг судалж, хэрэгжүүлэхээр танилцуулж байсан. Тухайлбал, дүүжин тээвэр, LRT, BRT, метро зэргийг танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзалт хийсэн. Тэр үеэр хоёр төслийг хамтарч хэрэгжүүлэхээр зөвшилцсөн. Үүний нэг нь LRT төсөл. БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хятадын Үндэсний шимтгэлийн хорооноос 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ТЭЗҮхийх баг ирсэн. Тус багийнхан нь Улаанбаатар хотын түгжрэлээс гадна байгаль орчин уур амьсгал, хүн амын шилжилт хөдөлгөөн зэргийг Монгол талынхантай хамтарч судалж ТЭЗҮ-ийг маш богино хугацаанд амжилттай гаргасан. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэл хотын удирдлагуудад ТЭЗҮ-ийг өргөн барьсан. Одоо УИХ-аар хэлэлцүүлэгдэх шатанд явж байна.

LRT төсөл гурван шугамаас бүрдэнэ. Ер нь Улаанбаатар хотыг дэлхийн бусад хотуудтай харьцуулахад ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт их муу. Тиймээс манайх шиг ийм хотуудад тулгуурт гүүрэн LRT хөнгөн галт тэргийг түгээмэл ашигладаг. LRT төсөл хэрэгжихэд 1200 гаруй ажлын байр бий болох боломжтой. LRT төслийн нэгдүгээр шугам Буян-УхаагаасСансрын тойрог хүртэл 18.1 км зам баригдана. Энэ замаар иргэд өглөө, оройдоо машинаар зорчиход 110-120 минут зарцуулж байна. LRT ашиглалтад орсноор 30-35 минут зарцуулна гэж ТЭЗҮгарсан. Ер нь LRT төсөл хэрэгжсэнээр хотын түгжрэл 25 хувиар буурна гэсэн судалгаа байгаа юм. 25 хувиар буурвал 6-8 км цагийн хурдтай явж байгаа өнөөгийн нөхцөлийг сайжруулахад маш том эерэг үр дүн үзүүлнэ. Орчин үеийн тохилог, багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн хэмнэлтүүд хийх боломж гарна. Мөн дээрээс нь энэ шугамыг дагаад 15 буудал бий. Түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэх боломж бий болно.

-Түгжрэлийг бууруулах маш олон төслөөс яагаад LRT төслийг сонгосон юм бол?

-Сүүлийн 20, 30 жилийн хугацаанд хийсэн судалгаанд үндэслэж шийдвэрлэсэн төсөл. Метро, BRT, дүүжин тээвэр аль нь ч байж болно. Гэхдээ Монгол Улсын уур амьсгал, онцлогт тохирсон байх ёстой. BRT төсөл бол өвлийн улиралд Монголд хэрэгжихэд хүндрэлтэй. Хур тунадас ихээр ордог цаг агаартай Монголын нөхцөлд зам нь мөстөөд явах боломжгүй болох тохиолдол их гарна. Үүнээс гадна тэг зогсолт хийхэд бэлэн болчихсон ийм нөхцөлд авто зам дундуур BRT-ын зам тавих нь хүндрэлтэй. Харин метроны тухайд, хотын төвийн газар доогуур 20, 30 метр нүх ухаж метроны зам гаргах ёстой. Нэг км зам тавихад хамгийн багадаа 140-150 сая орчим ам.долларын зардал гардаг. Хоёрдугаарт, газрын хөрсөнд доргилт маш их өгнө. Насжилт нь дууссан барилга, байгууламжууд 40, 50 мянгатын байрнуудаас авахуулаад нийслэлд их байгаа шүү дээ. Тиймээс төлөвлөлтийн асуудлаа нэг мөр шийдэж байж хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Тиймээс өнөөгийн нөхцөлд хамгийн боломжтой хувилбар нь LRT байгаа юм.

-Гэхдээ Казахстан, Вьетнам зэрэг олон оронд хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн төсөл юм биш үү?

-Дэлхийн олон улс орнуудад, тэр дундаа зүүн Азийн хотуудад Хятадын LRT төсөл амжилттай хэрэгжиж, цаг хугацаандаа ашиглалтад орж байгаа олон тохиолдол бий. Казахстаны хувьд 24 км LRT тээврийг 2.3 тэрбум ам.доллараар барих асуудал яригдсан юм билээ. Манайхаас нэг дахин нугалсан өртөгтэй юм байна лээ. Яг ямар учраас Казахстанд ийм өндөр үнэтэй тавихаар болсныг мэдэхгүй байна. Харин Вьетнамынх манайхтай ойролцоо км-тэй, ойролцоо хугацаанд хэрэгжүүлэхээр байсан юм байна лээ. Хэрэгжилгүй найман жил зогссон шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудлаа зохицуулж чадаагүйгээс болсон.

-Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хэн хариуцах вэ?

Буянт-Ухаагийн эргэлтийн цэгт депо гарч байгаа. Тэнд засвар үйлчилгээгээ хийнэ, толгойгоо солино. Мөн 30 орчим га газарт 27-30 мянган автомашины зогсоол байгуулна гэж нийслэлийн удирдлагууд танилцуулж байсан. Энэ ямар учиртай юм бэ гэхээр Нисэх, Яармаг, Жаргалант зэрэг баруун зүгээс ирж байгаа хүмүүс тэнд автомашинаа байрлуулчихаад хотын төв рүү LRT-д суугаад түргэн шуурхай үйлчлүүлэх боломжийг хангаж байгаа юм билээ. LRT-г дагаж бий болох гэрлэн дохионы асуудал, доогуур нь иргэд, машин зорчих эсэх зэрэг төлөвлөлтүүдийг гаргачихсан юм билээ. ТЭЗҮ-д үр өгөөж, ашиг зэрэг бүгд гарчихсан байгаа. ТЭЗҮ-г удахгүй иргэдэд танилцуулах байх.

Тавдугаар сарын 15-наас ажил нь эхэлчихвэл 2024 оны зургадугаар сарын 1 гэхэд эхний шугамын хөдөлгөөнийг нээнэ гэж ярьсан. Харамсалтай нь үл ойлголцлоос болж хугацаа нь хойшилж байгаа юм. Ер нь ТЭЗҮ-ээр том бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил хийгдэх ёстой байдаг юм байна. Монгол талаас ямар нэгэн асуудал үүсэхгүй бол 2.5 жилийн хугацаанд шахаж төслийг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа.

-Манай улсын өрийн тааз нэг сая ам.доллар. Гэтэл энэ төслийн эхний ээлжийн 500 сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргана. Ингэхдээ БНХАУ-ын арилжааны банкнаас таван хувийн хүүтэй зээлнэ гэж ойлгосон. Уг нь бидэнд олон улсаас нэг хувийн хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломж байхад яагаад энэ боломжийг ашигласангүй вэ?

-Гурван хувь гэж ойлгосон. Гэхдээ энэ талаарх нарийн албан мэдээллийг төсөл хариуцагч хотын удирдлагаас асуусан нь дээр болов уу. Миний хувьд УИХ-аас LRT төслийг хэрэгжүүлэх нь зөв эсэх, УИХ-аас дэмжих тогтоол гаргах эсэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Ямар компани орж байгаа, хэдэн хувийн хүүтэй зэрэг мэдээллийг хэвлэлээс авч байна. Миний сонссоноор гурван хувийн хүүтэй гэж ойлгосон.

921 сая ам.долларын 500 сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Мэдээж үе шаттай төлөгдөнө. Үлдсэнийг нь нийслэл хариуцна.

-Хэт өндөр өртөгтэй төсөл хэмээн шүүмжилж харагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-921 сая ам.доллараар барих LRT төслийг хүмүүс зөвхөн галт тэрэг гэж ойлгоод байна. Энд гурван тусдаа ажил явагдана. Нэгдүгээрт, их бие нь тусдаа үнэлгээтэй. Хоёрдугаарх нь, гүүрэн барилга байгууламж тулгуурын асуудал. Мөн газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ. Цахилгаан, шугам, инженерийн дэд бүтцийн ажлууд орсон. Үүнээс гадна миний ойлгосноор Улаанбаатарын LRT явах замууд тавигдахад LRT-ийн багануудад зай авна. Тиймээс багануудын зай хүртэлх замуудаа хоёр тийшээ тэлэх санхүүжилт орсон гэж бодож байна. Үндсэндээ эвдсэн замуудаа нөхөн сэргээх засах, газар чөлөөлөлтийн бүх асуудал, мөн төслийн хүрээнд бий болох 15 зогсоолын барилга байгууламжийн асуудал, өөрийнх нь тулгуур байгууламжийн асуудал, дэд бүтцийн зэрэг бүх асуудлын төсөв багтсан гэж ойлгосон. Ингээд харахад энэ төсөл олон улсын жишиг стандартад үнэлгээ нь нийцэж байна. Бараг жишгээс ч доогуур байх болохоор байна гэж харж байгаа юм.

УИХ-аар оруулж байгаа учир нь энэ асуудлуудаа нухацтай ярих ёстой. Хоёрдугаарт, зээл авч хэрэгжүүлнэ. Авсан зээлээ эргэн төлөх учраас 920 сая ам.доллараасаа ядаж гааль, НӨАТ зэрэг татварыг хөнгөлмөөр байгаа юм. Хэрвээ ингэвэл 921 сая ам.доллараас 60-70 сая ам.доллар хөнгөлөгдөх боломжтой. Өрөөр хэлбэл, 921 сая ам.доллар биш, 850 орчим ам.доллараар энэ төслийг хэрэгжүүлэх боломж байна.

-Төслийг хэрэгжүүлэх компани нь регистрийн дугаараа аваагүй, гурван жил ашигтай ажилласан эсэх нь ч эргэлзээтэй асуудал ихтэй юм биш үү?

-Нэг компанийн регистрийг авах, тоо баримтын асуудал бол нэг, хоёрхон өдрийн процессын ажил шүү дээ. регистрийн дугаартай үйл ажиллагаа явуулж байгаа ч энэ төслийг аваад хэрэгжүүлэх нэг ширхэг ч компани Монгол Улсад байхгүй гэж бодож байна. Тиймээс дэлхийн олон хотуудад, тэр дундаа зүүн өмнөд Азид олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн компанийг оруулж ирж байгаа юм. Мэдээж Монгол талаас хянах төслийн нэгж байгуулагдана. Цаг хугацааны хувьд иймэрхүү асуудал гарсан. Би Улаанбаатар хотод төрж өссөн хүүхэд. Баянзүрх дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдсон. Нийслэлийн ИТХ-д нэг удаа сонгогдсон. Нийслэлийнхээ ажил амьдрал, нийслэлийн залуус, иргэд юу хүсэн хүлээж байгааг маш сайн мэдэж байгаа хүний хувьд энэ төсөл цаашаа явах ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс энэ төслийг 100 хувь дэмжиж байгаа.

Нэг асуудал бий. Сингапурын ерөнхий сайд Ли Куан Югээс нэг сэтгүүлч танай улсын үсрэнгүй хөгжил нь юундаа байна вэ гэж асуухад “Хөгжлийг гацаагч хуулиудыг бид өөрчилсөн” гэсэн байдаг. Иргэдийн өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бид шийдэхийн тулд хуулиудыг нийгмийнхээ харилцаанд зохицуулж шинэчлэх шаардлагатай байна. Үүнийг МАН-ын 30 дугаар их хурлын үеэр ч хэлж байсан. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсад нийт 797 хууль хэрэгжиж байна. Эдгээрээс яг нийгмийн харилцааг зохицуулдаг 318 хуульд мэргэжлийн судлаач, хуульчдын хамтарсан багтай хамтран томоохон судалгаа хийсэн. Эдгээр хуулийг заалт нэг бүрээр нь судалж үзэхэд 800 орчим заалт нь “Хүний эрхийн зөрчилтэй” буюу хүний эрхийг зарим талаар зөрчсөн, зөрчсөн байж болзошгүй, энэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс эдгээр 800 орчим заалтыг хүний эрхэд нийцүүлэн өөрчилнө” гэж ярьсан. Өрийн тааз нэмэгдэж, хэтэрч болно. Гэхдээ хөгжлийг гацааж байгаа энэ хуулиудыг өөрчилж байж Ли Куан Югийн хэлсэнчлэн гацаанаас гарах ёстой. Түүнээс нэг хэсэг нь үүнийг хийж, хэрэгжүүлье гэж зүтгээд байхад нөгөө хэсэг нь ийм асуудалтай, хуулийн ийм заалттай зөрчилдөнө гээд суугаад байвал гацаанаасаа гарахгүй шүү дээ. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаас болж өнөөдөр маш олон залуучууд эх орондоо амьдрахыг хүсэхгүй байна. Тиймээс Монголдоо бүтээн байгуулалт хийж нийгмийн асуудлыг шийдэх нэн шаардлагатай байна.

-Түгжрэлийг бууруулах олон төсөл яригддаг ч бодит ажил хэрэг болдоггүй учраас нийгэмд хардлага байх шиг байна. Тиймээс LRT-төслийг дэмжиж гишүүдэд байгаа гишүүдийг эрх ашиг байна уу гэх хардлага нийгэмд байна?

-20, 30 жил дуншчихсан шийдэгдээгүй ажил учраас бие биенийгээ харддаг болчихсон нэг асуудал үүссэн байна. LRT төслийг ярихаар дэмжиж байгаа УИХ-ын гишүүн ч гэдэг юмуу, эсвэл хотын гишүүдтэй холбож хардаад байх юм. Би яриандаа “Улаанбаатарт төрж, өссөн. Анхан шатнаас эхэлж ажилласан” гэдгээ хэлсэн. Би таван хүүхдийн аав хүн. Тиймээс хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчинд, олон улсын стандарттай улсад ажиллаж, амьдраасай гэж хүсдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдсон зорилго маань ч энэ. Түүнээс биш хувь хүний явцуу эрх ашиг, албан тушаалын хэрэгт хэзээ ч оролцохгүй. Хэрвээ бид энэ хардлагаас болоод энэхүү төслийг орхичихвол Монгол Улсын хөгжил дахинд 20, 30 жил гацна. Тиймээс бие биенийгээ дэмжих, ойлгох сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Мэдээж хардах нь зөв л дөө. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд ах нар ажил явуулахгүй, дандаа асуудалд орооцолдоно. Хэн нэгэн нь хэрэг төвөгт ордог байдал өнөөдрийг хүртэл байгаа учраас иргэд, олон нийт хардах нь тодорхой.

Үүнээс гадна 20-30 жилийн тогтолцооны гажуудлаас болж нийслэл, УИХ, Засгийн газар хамтарч ажиллаж чаддаггүй. Нэгдсэн нэг төсөвтэй, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлуудаас болж энэ төсөл хэрэгжиж чадаагүй.

-Та “Өрийн тааз яах вэ. 20, 30 жил дуншчихсан энэ асуудлаа шийдэх нь чухал байна” гэлээ. Мэдээж шийдвэрлэж чаддаггүй бугшчихсан асуудлаа нэг мөр болгох нь зөв байх. Гэхдээ өрийн тааз хэтрэх сөрөг үр дүнгийн талаар та ямар ойлголттой байдаг вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өрийн тааз хамаагүй гэж хэлээгүй. Монгол Улсын өрийн тааз хэтэрвэл олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас дэмжлэг авах, хөрөнгө оруулалт оруулах асуудал зогсонги байдалд орно. Хоёрдугаарт, дотоод нөөц боломжоо ашиглаж экспорт хийхгүй бол асуудалд орно.Тиймээс би өрийн тааз хамаагүй гэж хэлээгүй. Энэ асуудлыг харин энэ ажлын хэсэг дээр ярилцах ёстой. Өрийн тааз хэдээс хэд болоод явж байгаа, өнгөрсөн жилүүдийнх ямар үндэслэлтэй юм бэ, төлөх ёстой бондын болон бусад өрөө төлж чадах уу, мөнгө бий юү гэдгийг ч ажлын хэсэг дээр ярилцана. Ингэж ойлголцож байж LRT төсөл ч цаашид гацалгүй явах боломж бүрдэнэ.

-Таны хэлсэнчлэн өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд хот, УИХ уялдаагүй ажилласан нь үнэн. Үүнийг засахад таныг манлайлал үзүүлж ажилласан гэж болох байх. Учир нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдахад та нэлээн рольтой ажилласан. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд таныг “Гэнэтхэн хэлд орлоо” хэмээж байсан. Үүнд та юу хэлэх вэ?

-УИХ-д олон жил суусан, гурав, дөрвөн удаа сонгогдсон ах нар олон л юм ярьж байгаа юм. Би анхан шатнаас нь эхэлж нам,төрийн захиргааны байгууллагад ажилласан. Дүүргийн ИТХ-аар хоёр, НИТХ-д нэг удаа сонгогдсон. УИХ-д би шинэ хүн юм шиг боловч сүүлийн 16 жилийн амьдралаа улс төр, төрийн захиргааны байгууллагуудад ажиллалаа. Ард түмний төлөөлөл болсон УИХ-д хүндэтгэлтэй хандаж асуудлыг харж байгаа болохоос бус өнөөдөр л хэлд ороод байгаа юм биш. Анхан шатанд нь олон жил ажилласан учраас хэлд орохдоо бол хэзээний орчихсон орж ирсэн. Хэрвээ ингэж янз бүрийн байдлаар юм ярьж байвал хэлд ороод хөлд орно гэдэг шиг хөлд ороод бүх л асуудалд ажиллах потенциал чадвар байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *