Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Очирхуяг: Химийн шинжлэх ухаан оролцдоггүй салбар гэж байдаггүй DNN.mn


Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Б.Очирхуягтай ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд химийн инженерчлэл гэж яг юу болох талаар та тодруулахгүй юу?

-Монгол Улсад өнөөдөр химийн технологи, химийн инженерчлэл гэсэн хоёр хөтөлбөрөөр химийн салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтнийг хангаж бэлтгэж байна. Манайд 1995 оноос өмнө зөвхөн химич, химийн багш гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаад, 1995 онд анхны химийн технологич мэргэжлийн төгсөгчид төгссөн түүхтэй.

Химийн технологийг бэлтгэж ирсэн туршлагаар нь яривал хуучин хими суурьтай боловсруулах болон олборлолтын бусад үйлдвэрлэлийн технологийн суурь мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага гарч тухайн үед бодлогын дэмжлэгтэйгээр хөтөлбөр үүсэж бэлтгэж ирсэн.

МУИС-ийн хувьд энэ хугацаанд зөвхөн химийн технологиор 400 гаруй мэргэжилтнийг бэлдсэн байдаг. Энэ нь тийм ч их тоо биш

Химийн технологичдын хамгийн том ажлын байр болох үйлдвэрлэл, олборлолт, уул уурхай, боловсруулалтын энэ бүх чиглэлд технологийн процесст хяналт тавьж, удирддаг, шинжилгээ хийж шийдвэр гаргадаг ажлын байр зайлшгүй шаардлагатай гэдэг утгаар бэлдэж байсан юм. Монгол Улсын хувьд нийт экспортын 90 гаруй хувь нь түүхий эд, гэтэл түүхий эдийн зөвхөн олборлолт нь явагдаж байна шүү дээ. Цаашдаа бид олборлолтыг дотооддоо боловсруулах, боловсруулж бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингэсэн хоёрдогч бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргавал буцаад илүү үр ашигтай байх гэдэг шаардлагатай байгаа. Тэр утгаараа олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллахад нэн түрүүнд шаардлагатай мэргэжилтнүүд болох химийн технологичид, химийн инженерүүдийг бэлдэж байна. Технологич инженерүүдийн хооронд багагүй ялгаа бий. Технологичид нь процесс, технологийн горимын, шинжилгээ үйл ажиллагааг удирддаг бол химийн инженерүүд тухайн процесс, технологи явагдаж байгаа реакторын дизайны гол үндэслэлийг гаргаж өгдөг тооцооллын, загварчлалын инженерүүд юм. Тэгэхээр ирээдүйд химийн үйлдвэрүүд удахгүй баригдаж хэлнэ. Химийн процесст суурилсан реакторын дизайныг зөв удирдаж, зохион байгуулан хийх чадвартай мэргэжилтнүүд зайлшгүй байх шаардлагатай. Хамгийн сүүлд батлагдсан Засгийн газрын хөтөлбөр болох “Алсын хараа 2050” дээр ч гэсэн юун түрүүнд Монгол Улс 2050 хүртэл гурван шаттайгаар улс эх орны эдийн засгийн өсөлтийг төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн эхнийх нь олборлолтыг нэмэгдүүлнэ. Олборлолтын хүрээнд харахад зөвхөн нүүрс, зэсээс гадна цахиур, газрын ховор элемент зэрэг нэлээн олон чиглэлүүдийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ нь олборлолтын шинэ салбар нээж байгаа тухай л асуудал. Хамгийн гол зорилго нь хоёр дахь буюу боловсруулалтыг нэмэгдүүлэх тухай асуудал юм. 2050 он гэхэд зэсийн баяжмалын боловсруулах үйлдвэр, нефть, хими, кокос химийн үйлдвэр барьж, нүүрс угааж, алт, жонш боловсруулж, нефть тойрсон нэлээд хэдэн үйлдвэрийг Монгол Улсдаа барьж боловсруулалтын салбарын хэрэгцээг өргөтгөнө гээд зорилт тавьсан байна. Тэгэхээр химийн боловсруулалтад суралцсан үйлдвэрлэл, реактор, технологийн ойлголттой мэргэжилтнүүдийг улс орон зайлшгүй нэхээд эхэлж байна гэсэн үг. Тэдгээр мэргэжилтнүүдийг л бид бэлтгэх гээд байгаа юм. Боловсруулалтын үйлдвэр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний арав орчим хувь л байна. Гэтэл “Алсын хараа-2050” дээр дор хаяж 2.5 дахин хувь нэмэгдүүлнэ гэсэн. Боловсруулалт нь одоогоор олборлолтоос их болох гэж байна шүү дээ. Өнөөдөр олборлолт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай байдаг гээд бодоход 10 хувьтай боловсруулалтыг үүнээс ихэсгээд илүү гаргана гэсэн том зорилготой явж байна. Тэгэхээр энэ хэмжээгээр багтаамж нэмэгдэх шаардлага зайлшгүй байгаа юм. “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтын хүрээнд ойрын жилүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад Монгол улсад гучин хэдэн мянган инженер шаардлагатай байна гэж гарсан байсан. Түүний нэг хэсэг нь бол хими суурьтай, технологийн мэдлэгтэй, химийн инженер, технологич зайлшгүй бэлтгэх чухал болсон. Хуучин химийн технологичдоо химич суурьтай бэлтгэж ирсэн бол одоо цэвэр инженер дээр суурилан химийн боловсруулалтын технологи болоод химийн инженер гэсэн хоёр чиглэлээр хүмүүсээ бэлтгэж байна.

-МУИС-ийн хувьд химийн инженерчлэлийн ангийг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Монгол Улсад анхны химийн инженерчлэлийн ангийн төгсөгчид 2018 онд төгссөн. Химийн инженерийн ажлын байрыг хүүхдүүд сайн сонирхож байна. Ихэнх үйлдвэрүүд маань “Low” технологи гэж нэрлэдэг эхний түүхий эдээ олборлодог үйлдвэрүүд байгаа учраас нарийн мэргэжлийн дизайн, реакторын хүмүүс одоохондоо өнөөдрийн түвшинд эрэлттэй гэхээсээ технологичийн ажлын байр шаардлагатай. Цаашдаа химийн цэвэр үйлдвэр болон боловсруулах үйлдвэр баригдаад эхлэхээр жишээлбэл, зэсийн баяжмалууд, нефть химийн чиглэлийн үйлдвэр баригдаж эхлэхэд яалт ч үгүй процессын инженерүүд хэрэг болно л доо. Бид тэднийг өнөөдрөөс бэлдээд байна гэсэн үг.

-Химийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

-Арваннэгдүгээр сарын эхээр химичдийн үндэсний анхдугаар зөвлөгөөнд Монгол дахь бүх химийн салбарынхан нийлж чууллаа. Уг чуулганаар химийн салбар маань ойрын ирээдүйд яах вэ, одоо юу хийвэл зүгээр вэ гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа бүгд хамтарч хэлэлцүүлэг хийсэн. Дүгнэж хэлэхэд хими оролцдоггүй салбар гэж байхгүй болчихсон, зөвхөн уул уурхай, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна бүхий л салбарт химийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Химийн салбарын мэргэжилтнүүд уулзалт, зөвлөгөөн хийснээр давуу талууд гарч ирж байна гэж харсан. Монгол Улс маань түүхий эдээр баялаг орон. Түүхий эдийг боловсруулаад өөр бүтээгдэхүүн гаргана гэдэг нь хими суурьтай процесс юм. Ямар ч түүхий эдийг боловсруулах, дараагийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход бүх төрлийн салбар хүнс, уул уурхай, эм, барилгын материал ч хамрагддаг. Эдийн засагт нэмүү өртөг аваачдаг боловсруулах үйлдвэрүүдэд химийн л процесс явагддаг. Эдгээр процесс бүр бүгд хяналттай, мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр энэ процессыг лабораторид нь манай химичид шинжилж болж байна уу, болохгүй байна уу, шаардлага хангаж уу, үгүй юу, түүхий эд нь болж байна уу гэдэг шинжилгээ хяналтыг химич нь хийдэг, бүтээгдэхүүн болгодог процессыг хийдэг нь технологич инженерүүд юм. Тэгэхээр химийн салбарын хувьд “Алсын хараа-2050” дагуу Монгол Улс үйлдвэрлэгч орон болно, боловсруулалт, бүтээгдэхүүнээ өргөжүүлнэ, эдийн засгийн дийлэнх хэсгийг боловсруулалтын салбар болгоно л гэж үзэж байвал хүссэн хүсээгүй химийн салбарын хэрэгцээ нэмэгдэнэ. Үйлдвэрлэл гэхээр манайх том зүйлийг яриад байдаг л даа. Хамгийн энгийн жишээгээр үйлдвэрлэл гэдэг нь бүтээгдэхүүнээ түүхий эд болгох бүх процессыг хэлэх юм. Нэг бодис А-аас Б гэж өөрчлөгдөж байвал хими, энэ бүрд химичид оролцох шаардлага гардаг. Улс орны эдийн засгийн салбарын өсөлттэй уялдуулбал бүх салбарт бүтээгдэхүүн гаргах бүх процесст химичид оролцоно. Нөгөө талаасаа зөвхөн боловсруулж бий болгохоосоо гадна хэрэглээ гэж байгаа. Бид гаднаас маш их хэрэглээтэй, бензинээсээ эхлээд маш олон төрлийн зүйлсийг гаднаас импортолж авдаг. Хүнсний аюулгүй байдал гээд маш том хөтөлбөр явж байна, нефть, бүтээгдэхүүн хортой, хоргүй гээд их ярьж байна. Ерөөсөө л хүний амьдралын өдөр тутмын хэрэглээг хянах ёстой хүмүүс нь химичид. Хүний идэж уудаг хэрэглэдэг бүх төрлийн шинжилгээг химичид хийдэг. Тэгэхээр зөвхөн боловсруулах бий болгох бүтээгдэхүүнээс гадна хүний өдөр тутам хэрэглэдэг хэрэглээг хянаж, шинжилж, аюулгүй болохыг нь баталгаажуулж, хамгаалж байдаг хүмүүс химичид. Энэ төрлийн мэргэжилтнүүд маань шинжилгээ хяналтаа хийхэд зайлшгүй лаборатори хэрэгтэй болдог. Хими оролцоогүй ямар ч салбар байхгүй. Нэг салбарын жишээ дурдахад саяхан л гэхэд нефть импортлогчид химичид нь хүрэлцэхгүй нефтийн шинжилгээний мэргэжилтнүүдийг нэхэж байна. Хуучин манайд нефтийн химич бэлтгэж байх үед жилдээ арав гаруй хүүхэд химичээр суралцан төгсдөг байсан. Одоо цэвэр хими болоод төгсөж байгаа хүүхдийн тоо эрс багасчихсан энэ үед төгсөж буй хүүхдүүд нэг салбартаа ч хүрэхгүй болсон. Энэ олон шатахуун түгээх станцууд, бензин оруулж ирж буй компаниуд бүгд л шинжилгээ хийдэг. Тэгэхээр үүнийг хийдэг хүмүүс л хэрэгтэй, салбар салбарт химичид хэрэгтэй байна.

Түүнчлэн химичид цуглаад ярьж байсан зүйл нь мэргэшсэн химичдийг үнэлдэг, химичдийг шинжилгээний лабораторийн чадавхаар нь мэргэжлийн зэрэг олгодог үйл ажиллагаатай болгох тухай юм. Ингэж байж бид химичдээ чадвартайгаар нь ангилж, ажлын байр ялгаатай байдлаар ажил олгогчид өгмөөр байна. Яг лабораторид шинжилгээ хийх чадвартай химич бас янз янз шүү дээ. Үүнийг зэрэг дэвтэй болгож өгвөл үнэлэмж өөр болно гэх зэргээр манай салбарт шийдэх асуудал олон байна. Ажлын байр нь зөндөө байдаг, хүн ордоггүй ийм асуудал химийн салбараар мэргэжилтэн бэлтгэж буй ШУТИС, ХААИС, МУБИС зэрэг сургуулиудад байна. Ерөнхийдөө л химичдийн эрэлт их, хүний нөөцийн хангалт бага байна. Манай сургууль байгалийн ухааны салбарын хүүхдүүддээ тэтгэлэг зарладаг, тэтгэлгээр урамшуулахад ч химийн эрэлт хангалттай нэмэгдэхгүй бага байна. Тэгэхээр ЕБС-ийн сургалтын системд химийн хичээл хэр сонирхолтой, зөв яваад байна вэ зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй. Улсын химийн олимпиад зохион байгуулах хороогоор дамжуулаад хүүхдүүдийг химид дуртай болгох үйл ажиллагаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, олимпиадад алс дүүргийн, сумын хүүхдүүд ч орж болох цахим олимпиад хийж, оролцоод сонирхоод үзэх суралцагчдыг нэмэгдүүлэх хэлбэрээр явж байна. Дээр нь сайн багш, сонирхолтой химийн туршилт бүхий химийн хичээлийг л арван жилд зааж байж химийн сонирхол нэмэгдэнэ. Гол нь ирээдүй маань химийн салбарыг сонирхох хэрэгтэй болчихоод байгаа юм. Химиын чиглэлээр суралцагчдын тоо буурахад элсэлтийн бодлого ч давхар нөлөөлчихөв үү гэж хардаг даа.

-Өнгөрсөн жил МУИС-ийн химийн ангийг арав гаруй хүүхэд төгссөн. Энэ жил хэдэн хүүхэд төгсөх вэ?

-Цэвэр химийн чиглэлээр төгсөгч гэвэл сүүлийн үед үнэхээр санаа зовоож буй асуудал байгаа. ШУ-ны сургуулийн цэвэр химийн ангид маань шинжлэх судалгааны мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллага, хувь болоод улсын лабораториудад ажилладаг цэвэр шинжлэх ухаан суурьтай төгсөгч бэлтгэдэг, ийм ангид маань хүүхдүүд их бага элсэж байна. Энэ жил хорь хүрэхгүй суралцагч төгсөх байх. Өмнөх жилүүдтэй харьцуулахад химийн эрэлт их багасчихаад байна. Энэ маань цаанаа ЕБС-д байгаа хими сонирхогчдын тоотой, хичээлийн агуулга, химийн хичээл заадаг багш нартай уялдаад багасчихаад байна. Тэгэхээр бид ЕБС-иас нь химид дуртай болгох ажиллагааг хийж эхлэхийг бодохгүй бол болохгүй юм. Химийн инженерийн ангийн хувьд энэ жил 20 орчим суралцагч төгсөж байгаа. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд олборолт, боловсруулалтын нэмэгдүүлэлттэй уялдуулаад технологи, инженер суурьтай ангиудад хүүхдүүд орж сайн бэлтгэгдэж байгаа.

-Таны бодлоор арван жилийн хүүхдийг химийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, энэ чиглэл рүү дуртай болгоход юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхэнд сайн багш, сайн лаборатори байх ёстой. Орон нутагт байгалийн ухаан, химийн багш нар хүрэлцэхгүй байна. Ялангуяа ахлах ангид хими заадаг багш нар ховор, нэг багш олон хичээл зааж байна. Орон нутагт хүн тогтохгүй байна шүү дээ. Ер нь багшаас маш их зүйл хамаардаг. Хоёрдугаарт, байгалийн ухаан чиглэлийн хүнд салбарыг хичээж сурахаас илүүтэй нийгэм хүмүүнлэгээр суралцах болсон хүүхдийн тоо их байна. Үүнийг ЭЕШ өгч байгаа байгалийн ухааны хүүхдийн тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад багасчихаад байгаагаас харж болно. Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ялангуяа химийн хувьд сайн лабораторид суурилсан сонирхолтой туршилт дадлагатай байж хичээл сонирхолтой болж хүүхдүүд химийг ойлгож сонирхдог онцлогтой. Тиймээс сайн бодолцож анхаарахгүй бол болохгүй байгаад байна.

-Улсын хөгжлийг тодорхойлдог гол хүчин зүйлийн нэг бол дотоодын үйлдвэрлэл. Үйлдвэрийн гол тулгуур нь аливааг бүтээх инженерүүд байдаг гэдэг?

-Монголд химийн инженер бол шинэ салбар, химийн технологийг нь түрүүлж бэлтгэсэн. Химич, химийн технологич, химийн инженер гэсэн гурван мэргэжилтнийг бэлтгэдэг гэсэн үг. Монгол Улс дөнгөж 1995 оноос химийн технологичдыг бэлдэж ирсэн. Монгол Улсад боловсруулах үйлдвэрийг идэвхжүүлэх Засгийн бодлого хангалттай байхгүй байсан. Одоо л далайцтай хөдлөх гэж байна шүү дээ. Үүнээс өмнө мөнгө их амархан олдох хэлбэрээр буюу нүүрс, зэсээ олборлож шууд гаргаж байсан. Энэ бол сүүлийн 20, 30 жилийн түүх маань шүү дээ. Үүнээс өмнө байсан төрөл бүрийн үйлдвэрүүд болох барилгын материал, арьс ширний зэрэг үйлдвэрүүд бүгд нурсан, одоо л өндийж байна. Гэтэл барилгын материалын үйлдвэр гэхэд тэр чигтээ л химийн мэргэжилтнүүд ажиллана. Нүүрсээ эхнээсээ гаргахаа больё угаая, нефть үйлдвэр баръя, зэсийн баяжмал боловсруулъя гэж буцаад үүнийг бүтээгдэхүүн болгох шаардлагатай гэдэг бодлого эхэлж байна. Тийм учраас эдгээр хүмүүсийн ажлын байрны хомсдол мэдэгдэхгүй явсаар одоо гэнэт гарч ирж байгаа юм. Өмнө бэлтгэсэн 400 хүн чинь доороо шингэчихсэн шүү дээ. Үйлдвэрүүдэд технологийн хяналт тавьж чадах чадвартай хүмүүс цөөхөн байсан. Хүмүүс үйлдвэрлэлийг биш шууд худалдааг дэмжиж байсан жилүүд байлаа л даа. Бүгдээрээ олборлолт биш боловсруулъя гэдэг бодлого нь одоо эхэлж байна гэдэг чинь яалт ч үгүй хүн болгон үйлдвэрлэл рүү орно, ороод эхлэхээрээ технологи буюу процесс сонирхон шат дамжлагын ойлгодог технологич, инженерүүд хэрэг болно. Хими оролцдоггүй салбар гэж байдаггүй, ямар нэг аргаар, багаар ч гэсэн химичид хэрэгтэй байгаа. Тэгэхээр үүнийг л мэддэг хүмүүс хэрэгтэй болж байна гэсэн үг. Химигүйгээр цаад санаа, утгыг ойлгохгүй шүү дээ. Тиймдээ ч бидний хувьд химийн үндсэн болон үйлдвэрийн процессийн суурь мэдлэг сайтай, практик дадлага туршлага чадвартай химийн боловсруулалтын технологич, химийн инженерүүдийг бэлтгэхэд голлон анхаарч байна. Энэ мэргэжилтнүүд маань ч химийн инженерчлэлийн суурь мэргэжилтнүүд тул аль ч үйлдвэрлэлд ажиллах чадвартай байхаар бэлтгэгдэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *