Ховд аймгийн Дуут сумын нутагт орших дуунд мөнхөрсөн “Дуут нуур”-ын ойролцоох булгийн дэргэд ширэг гэнэт хагарч байгалийн усан оргилуур бүхий өвөрмөц үзэгдэл бий болжээ. Гэнэт их дуу чимээ гарч газар хагаран хоёроос гурван метр өндөрт гүний цэнгэг ус оргилан гарсан байна. Үүнийг нутгийн иргэд анх харж мэдээлсэн бөгөөд Дуут сумын засаг даргын тамгын газраас хүн очиж зургийг нь авч, энэ ховор үзэгдлийг олон нийтэд мэдээлжээ.