Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дуугаа битгий хаяарай” гэсэн захиас ямар тэнэг үг байсныг одоо бид харж байна DNN.mn

Монголчуудын ганц чаддаг болоод хамгийн амар юм бол зурагтын шоу, цэнгээнт контент гэж хэлж болохоор байна. Зуун, зуун сая хүн амтай дэлхийн том улсуудын тайзан дээр тавигддаг шоуг ялгахын аргагүй тэр өнгө төрхөөр нь сүртэй хийдэг болсон. Одоо “Яг түүн шиг” дууны шоу эхэлчихсэн явж байгаа. Үүнтэй зэрэгцээд “ Авьяаслаг монголчууд” шоуны бүртгэл эхэлжээ. Араас нь залгуулаад “Voice” шоунд оролцогчдыг бүртгэх юм гэсэн. Орой болгон ард түмнийг хийх ажилгүй болгож, телевизийн өмнө уядаг энэ нүсэр шоунууд анх гарч ирж байхаас нь л бид дэмий дээ гэж өчнөөн сануулж бичиж байлаа. Жишээлбэл, “Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “ Авьяаслаг монголчууд” шоун дээр шавж байна” нийтлэлээрээ монголчуудыг дэмий дуулалдаж байхаар хөдөлмөр хийж, бүтээмжээ нэмэгдүүлж, мөнгөтэй болохыг уриалж байсан. Яагаад гэвэл Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын шоу цэнгээнт нэвтрүүлэг телевизээр гарч монголчууд түүнийг нь үзээд юу ч хийхгүй байгааг шүүмжилсэн хэрэг л дээ. “Зөвхөн шоунд орохын тулд гэр бүлээрээ, анги хамт олноороо, ах дүүсээрээ хамаг арын ажил амьдралаа орхин байж бөөн зардал чирэгдэл болж ирцгээдгээ болиоч ээ. Та нар дуулсан дуундаа уярч уйлж суух хойгуур хамаг боломжууд чинь дууслаа. Нэг хэсэг нь шоунд оролцож, нөгөө хэсэг нь зурагтынхаа өмнө тэднийг харан баясч дэмийрэхийн оронд хөдөлмөр хийгээч ээ” гэж мөн ч их хэлсэн сэн. Дуу хөгжим, урлаг уран сайхан гэх улсын хөгжилд ямар ч өгөөжгүй хийсвэр зүйлд хамаг хүч, хөрөнгөө шавхаад хэрэггүй гэж бичиж эхлэхэд улсууд бидэнд асар их дургүйлхэж байж билээ. Нүд, сэтгэл баясгаж байгаа цор ганц шоуг минь үгүйсгэлээ гэцгээдэг байв. Тэгвэл энэ олон шоунд түрүүлээд супер од болон мандаж байсан залуучууд одоо ямар байна. Тэд хүний нутагт биеийн хүчний ажил хийж амьдралаа зогоож явна. “Та нар бол тайзан дээр байх ёстой. Төрсөн авьяастнууд” гэж шүүгч болох урлагийн хэдэн залуус тэднийг магтан шагширч хөөргөж байв. Тэнгэрт тултал нь хөөргөж, магтаж байсан тэдгээр залуус ямар болсон байгаа талаар саяхан зурагтай, хөрөгтэй нь баахан шуугицгаалаа. Шоунд ялаад гарах, ялагдаад буухын аль алинд нь шүүгчид “Дуугаа л битгий хаяарай” гэж чин сэтгэлээсээ захиж, далилзаж байгаа харагддаг. Гуравхан сая хүн дотор дуу дуулаад яаж амьдрах юм бэ. Хүн амьдрахад мөнгө хэрэгтэй, мөнгийг дуугаар олж чадах хүн нь тоотой. Нэгэнт нэр алдар нь түгсэн тэр хэдэн шүүгч л дуугаар мөнгө олж чаддаг байх. Бусад нь мөнгө олж чадахгүй. Үүний баталгаа нь Солонгост хар ажил хийгээд явж байгаа улсууд юм биш үү. Тэд “Биднийг дуугаа битгий хаяарай гэсэн” гээд барилга барьж байхдаа дуулаагүй нь лавтай. Энэ том, том шоуг боломж гэж итгэсэн хүмүүсийн харамсалтай төгсгөл ч бий. “Авьяаслаг монголчууд” шоуны гуравдугаар байрт шалгарч, барилгачин гэсэн тодотголтой дуулж байсан залуу сүүлд амиа хорлочихсон. Гэнэтхэн олонд танигдаж, од болоод хяналтаа алдсаны улмаас ийм болчимгүй зүйл хийчихлээ гэж тухайн үедээ бас багагүй шуугьж байв. Өөр нэг харамсалтай явдал санаанд тод бууж байна. Сүүлийн үед дэлгэрсэн шоунуудаас өмнө, арваад жилийн тэртээ тайз, дэлгэцийн жүжигчдийг төрүүлдэг телевизийн шоунд оролцож байсан нэгэн залууг шүүгчид нь “Ёстой төрөлхийн авьяастай хүү байна. Чи бол Монголын урлагт их юм хийнэ. Энэ авьяасаа л орхиж болдоггүй юм шүү” гэцгээн сүйд болцгоосон. Тэр шоунаас хойш түүний барааг ямар ч тайз, дэлгэцнээс олж хараагүй. Гэтэл саяхан гудамжинд “Намайг урлагийн бурхад төрчихсөн авьяастай гэж байсан юм шүү. Та нар муусайн юмнууд… ” гээд шуудай үүрчихсэн орилж сууна лээ. Энэ маягаар олныг шууруулдаг шоу тэмцээнүүд монгол залуусын амьдралыг жинхэнэ алж байна.

Монголд соёл урлагийн чиглэлээр оюутан элсүүлдэг өчнөөн олон сургууль бий. Эдгээр сургуулиуд 10-аад мянган оюутантай гэсэн. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд жилд химийн ангийг гуравхан оюутан төгсч байхад уран сайханчид гурван мянгуулаа дипломаа авч байх жишээний. Манай нийгэмд хамгийн их илүүдэлтэй мэргэжлийн жагсаалтад дуучин, жүжигчин, бүжигчин, хөгжимчин гээд соёл урлагийнхнаас гадна эдийн засагч, сэтгүүлч, хуульчид нэрлэгддэг. Тэр дундаа соёл урлагийн салбарынхныг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэх юм. Тэнд суралцаж байгаа залуус үнэхээр амьдралаа алдаж байгаагаа мэдэхгүй байна. Энэ олон дуучинд ажлын байр байхгүй. Түрүү хэлсэн гуравхан сая хүнд бүх юм тоотой, тэнд гуравхан дуучин л дуугаараа амьдарч чадна. Ядарсан буурай, хүчгүй ийм жижиг оронд инженер техникчид, ухаалаг, оюун санааны потенциалтай хүмүүс амин сүнс нь байх ёстой. Бид яавал мөнгө олох вэ, яаж хөгжилд хүрэх вэ гэж сэтгэдэг улс хэрэгтэй байна. Тэгэхээр аливаа шоуны шүүгчид та бүхэн минь “Дуугаа битгий хаяарай” гэдэг худал үгээ дахиж хэлэмгүй байна. Энэ дэмий яриа чинь цаашаа хүмүүсийн амьдралд асар муугаар нөлөөлөөд байна. Сүүлдээ үргэлж ингэж захидаг шоуны шүүгчид“ Дуугаа битгий хаяарай” гэдэг үгээ бодлоготой хэлдэг юм шиг санагдах юм. Яагаад гэвэл “Дуунд сонирхолтой ийм нэг хүмүүс байж л байг. Ядахдаа миний билетийг худалдаж аваад байна. Намайг тоглолт хийхэд хэдэн хүн дагуулаад яваад ирнэ дээ” гэсэн далд санаатай л тэгж хэлдэг байх. Ард түмний нүдэн дээр ил болсон дуугаар амьдрах боломжгүй гэдгийг мэдэхгүй л байв гэж.

Монголд дуугаар хэдхээн хүн амьдарч байгаа. Юу үнэн гэвэл энэ үнэн. “Voice” шоуг шүүгээд байгаа Ука, Болд Хурд хамтлаг л амьдарна шүү дээ. Өөр хэн тэдэн шиг амьдардаг юм бэ. Энэ олон дуучдыг хэн тоох юм бэ. Тэр олон мянган дуучдаас яаж ялгарч гарч ирж, амьдралаа авч явах мөнгө олох юм бэ. Ингээд бодохоор энэ цөөхөн хүн амтай улсад төгс авьяас тоотой төрдөг бололтой юм билээ. 1990-ээд онд яруу найраг сонирхдог залуусыг яг ингэж баллаж байсан гэдэг. Тухайн үед шүлэг бичдэг хүүхэд, залуусыг хайж олоод “Та нар жинхэнэ суу авьяастнууд байна. Энэ сайхан сэтгэлгээ, яруу авьяасаа хаяж болохгүй шүү” гэж хөөргөж яруу найрагч ингэж амьдардаг гэж архи уулгаж, хөнгөн хийсвэр амьдруулан амьдарлыг нь баллаад хаячихсан. Бүхэл бүтэн нэг үеийнхнийг, бараг бүгдийг нь найрагч, архичин болгочихсон. Энэ олон шоунууд яг үүн шиг л болгох гэж байна. Одоо телевиз болгон болсон болоогүй дууны шоу давхар явуулах юм. Ямар ч олон хүн оролцдог юм бэ дээ. Малчид, цэрэг цагдаа, багш, эмч нар, ахмадууд, хүүхдүүд гээд эх адаггүй ээлжилдэг болжээ. Тэр болгон дээр өнөөх хэдэн шүүгчид маань “дуугаа битгий хаяарай” гэдгээ хэлсээр суугаа харагдах юм. Тэгэхээр одоо бүгдээрээ “Дуугаа битгий хаяарай” гэдэг үгийг бүр хориглочихмоор байна.

Шинжлэх ухаан, баялаг бүтээгчид улс орноо босгож чаддаг. Тэгвэл манайхны соёл урлагаас гадна сүрэглэн хошуурдаг өөр нэг салбар гэвэл спорт байна. Олимпийн аваргуудад сар бүр зургаан сая төгрөгийг улсаас өгдөг болохоор хүүхэд залуус хичээл номоо хаяад спорт руу хөл алдахгүй гээд ч яах билээ. Өөр ийм өндөр цалинтай ажил байтугай дарга ч алга. Тэгвэл энэ спорт гэдэг чинь улс орныг сэпхийтэл хөгжүүлдэг ч эд биш. Харин ч улам ядууруулахад гол үүрэгтэй салбар. Хөдөлмөрийн насныхныг хөдөлмөрөөс хөндийрүүлдэг эд. Нэг л их улсын төсвөөр гадагшаа тэмцээн уралдаанд явж, баахан төмөр зүүж ирцгээсэн улс. Ингэж хэлэхээр төрийнхөө далбааг мандуулсан хөлс хүчийг үнэлсэнгүй л гэх байх. Тэглээ гээд тамирчид өөрсдийнхөө сайн сайхны төлөө зүтгэж байгаа биз дээ. Тэдний медалийн тоогоор Монголд мөнгө орж ирээд байна уу. Дээрээс нь хүн бүр хүүгээ бөх болгоно гэж бас муйхарлацгаах юм. Тэгэхээс ч өөр яах вэ. Тэд өндөр цолонд хүрч төрийн наадамд түрүүлбэл нүдэн дээр баяжиж төрөл арилждаг. Гэхдээ хүн бүр түрүүлдэггүй, арван жилд нэг хүн л гардаг гэдгийг мэддэггүй бүгд бөх болох гээд л зүтгэцгээдэг. Харин 24 цаг мал маллаад, дэлгүүр ажиллуулаад ингэж бондойж чадахгүй. Яагаад гэвэл хөдөлмөр хийдэг хүмүүс төрийн дарамттай нүүр тулдаг. Тэгэхээр чинь хүүтэй аав болгон бөх рүү зүтгэхгүй гээд ч яахав.

Ер нь Монголд хөдөлмөр хийхээс бусад нь хөгжөөд бужигнаад байх юм. Худлаа гэвэл нэг л их улстөрч, намчин, спорт, дуу хуур, балет бүжиг, урлаг уран сайхан, шүлэг, зохиол, лам, хуульч, загвар өмсөгч болох гэж массаараа тэмүүлж байгааг хар даа. Энэ нь гараар бодитой хийж бүтээх ажлаас бусдыг зориуд дөгөөж байдаг бодлого байж ч мэднэ. Яагаад гэвэл сар бүр тамирчдад зургаан сая төгрөг өгнө гэж юу гэсэн үг вэ. Ийм маягийн хялбар аргаар мөнгөжих замыг нийгэмд дэлгэрүүлээд байхаар хүн бүр хөдөлмөрөөс зугтааж дайждаг боллоо. Уг нь хөдөлмөр хийж, үйлдвэрлэл байгуулж, баялаг бүтээж, мөнгө олж баяждаг. Гэтэл манайхан үүнийг мэддэггүй. Хөдөлмөр хийж, юм бүтээхгүй бол яаж баян тарган болох юм бэ. Хөдөлмөр хийхгүй болохоор мөнгөжихгүй. Энэ бол нь энгийн логик. Нийгэм тэр чигтээ ядуу байгаагийн шалтгаан энэ. Өнөөдөр машин мөргөж, шүргэчихвэл бараг нэгнийгээ хөнөөнгөө алддаг биз дээ. Яагаад гэвэл тэр мөргөсөн машины жолоочид мөнгө байхгүй. Хэмхэрсэн машиныг засуулъя гэвэл олж байгаа мөнгөнийх нь талыг аваад явчихна. Юугаараа амь зуух билээ. Тэгэхээр дайрсан машины жолооч нөгөөгийнхөө хоолойг нь хяргахгүй гээд яах юм бэ. Монголчууд өөрсдөө юм бүтээхгүй болохоор ийм л ядуу зам руугаа уруудаад байгаа хэрэг.

Өнөөдөр эдийн засгийг залж чиглүүлж байгаа хүчин зүйл бол доллар байна. Импортоос 90 гаруй хувь хараат болсон бид доллар өсмөгц дээр дооргүй сандарч, бархирдаг. Тэгвэл доллараар юмаа зардаг бол л доо. Хэрэв бид хийж, бүтээж, эскпортолж чаддаг байсан бол доллар өсмөгц үхчих гээд байхгүй. Харин ч долларын ханш чангарах тусам баярлаад сууна биз дээ. Тэгэхээр хүн бүр хөдөлмөр хийж баян тансаг болцгооё. Үнэхээр хөгжилд хүрье гэж байгаа бол “Дуугаа битгий хаяарай” гэж далдганацгаахаа больё оо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *