Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхны уран бүтээл “Оройн дээд” дуулалт жүжгийг тайзнаа дахин тавьсан юм. Тус жүжгийн дараа Богд хаан Жавзундамбын дүрийг амилуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ҮДБЭЧ–ын гоцлол дуучин П.Баярмагнайтай уулзаж ярилцсаныг хүргэж байна.
–Та дуучны мэргэжлийг хаана эзэмшлээ?
-Би СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор 2003-2008 онд суралцаж төгссөн. Сургуулиа дүүргэсэн жилдээ урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуягийн найруулсан “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд уригдаж дуулж байсан. Мөн тэр жилдээ бүх Оросын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож “Өсөх ирээдүйтэй дуучин”-ы шагналыг хүртэж байсан минь сайхан дурсамж үлдээсэн.
–Өөрийг чинь даруу бусаар магтахад сургууль төгссөнөөсөө хойш дуулалт жүжиг бүхний гол дүрд уригдаж дуулж байсан гэж сонссон. Ямар жүжгүүдэд тоглосон бол?
-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад орсны дараа 2013 онд анх урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндолгор гуай намайг “Сүнжидмаа” дуулалт жүжгийн эсрэг баатар Навааны дүрд тоглуулсан юм. 2012 онд ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржийн найруулсан Английн бичгийн их хүмүүн У.Шекспирийн “Зөрүүд эхнэрийг номхотгосон нь” жүжгийн гол дүр Лучинциогийн дүрд тоглосон юм байна. “Мартагдашгүй намар-2” уран сайхны кинонд Жижгээгийн дүрийг дэлгэцнээ бүтээсэн юм байна. Төрөлх Баянхонгор аймагтаа сонгодог урлагийг дэлгэрүүлж хөгжүүлье гэж хэдэн жил зүтгэсэн. “Учиртай гурван толгой” дуурийг аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тоглуулахдаа улсын нэр төртэй дуучдыг урьж, өөрөө Юндэнгийн дүрд тоглосон. Би “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Балган хоёрын дүрийг бүтээсэн. Цаашид худалдаачны дүрийг бүтээх юмсан гэж санаж явдаг.
–Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай таныг “Сүнжидмаа” дуулалт жүжигт тоглоход их сайхан үнэлсэн байдаг даа?
-“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 1981 онд тайзнаа тавьснаас хойш гучин нэгэн жилийн дараа дахин дэглэж тоглосон юм. Тэгэхэд агуу их хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай “Навааны дүрийг залуу хүн гэхэд үнэхээр биширмээр бүтээж чадлаа. Миний санаснаас ч илүү бүтээлээ” гэж урмын үгээр мялааж байлаа. Энэ үг одоо ч миний сэтгэлд үлдэж, уран бүтээлийн их урам зориг өгдөг юм даа.
–Томоохон дуулалт жүжигт уригдаж тоглохоос гадна уралдаан тэмцээнүүдэд овоо амжилттай оролцсон байх аа?
-Хорьдугаар зууны нийтийн дууны уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж гран при шагнал авч байсан. “Universe best songs-2011” наадмын шилдгийн шилдгээр шалгарч байлаа. “Морин хуур-2013” наадамд Жанцансамбуугийн ая, Ломолмаагийн үг “Сүүн совин” жүжгийн дуу маань “Оны шилдэг дуу”-гаар шалгарч байсан. 2014 онд Заг-Байдрагийн түүхт нутгийн тухай “Хүрэн бэлчир” дуугаараа бас энэ наадамд амжилттай оролцож байлаа. Өнгөрөгч есдүгээр сард Булган аймагт болсон төрийн соёрхолт Цэдэн-Ишийн Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын уралдааны гуравдугаар байрт шалгарлаа.
-“Оройн дээд” түүхэн дуулалт жүжигт та хэний дүрийг бүтээж байна?
-Манай хамт олон чуулгынхаа 65 жилийн ойд зориулан Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Пунцагийн Бадарч, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэ бүтээлд дал гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлдэг. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон Наймдугаар богд, Монголын сүүлчийн хаан Жавзандамба нар уг үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд юм. Миний хувьд Богд хааны дүрийг бүтээж байгаа. ”Оройн дээд” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор М.Бирваа ажилласан. Цомнол, аялгуу зохирсон сайхан бүтээл болжээ гэж мэргэжлийн олон хүн үнэлээд байгаа.
–Богд хааны дүрийг ардын жүжигчин Нямын Цэгмид, гавьяат жүжигчин Цог гуай нар тайз дэлгэцнээ олны сэтгэлд хоногштол бүтээсэн. Өөрийн чинь бүтээж байгаа Богд хааны дүрийн онцлог нь юу байна?
-Энэ “Оройн дээд” жүжиг гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй томоохон бүтээл л дээ. Урьд тайзнаа тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурилаг шинж чанарыг агуулсан, дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл гэж манай урлагийнхан ярилцаж байна лээ. Дуулалт жүжиг гэдэг үүднээсээ хөгжим нэлээд зонхилох ч дуучны авьяас, мэдрэмж их шаардах бүтээл. Би өмнөх богдуудыг бодвол анхны дуулалт жүжгийн богд хаан гэдгээрээ онцлог. Уран сайхны богдуудынхаас тайзнаа олон түмний өмнө амилуулж байгаагаараа миний богдын дүр тэс ондоо л доо.
–Таны дуулж байгаа хэсгээс сэтгэлд хоногшин, аманд өөрийн эрхгүй уншигдаж байгаа ямар үг ойрхон байна?
-Наймдугаар богдын үеийн Монгол маань улс гэр болох уу, харийн гүрний эрхшээлд хэвээр үлдэх эмгэнэлт үндэстэн байх уу гэдэг нь хутганы ирэн дээр дэнсэлж байсан түүхэн цаг хугацаа шүү дээ. Жавзандамба хутагт таван настайдаа Монгол оронд залагдаж ирсэн түвд хүн. Энэ хүн Монголын төлөө зүрхээ яаж цохилуулж байв аа гэдгийг л харуулах учиртай. Манжийн амбантай маргалдах үеийн үг сэтгэлд их ойрхон байна.
“Амбан та тайвширч хайрла.
Адилхан хоёулаа гадны улс.
Цаст Түвдийн орноос би ирсэн
Цагаан хэрмийн цаанаас та ирсэн” гэж хэлдэг үг их айхтар далд утгатай. “Та ч, би ч Монголын иргэн биш” гэсэн санаа байвч “Би бол Монголыг аврах гэж байгаа, та бол Монголыг залгих гэж байгаа” гэсэн давхар санаа энэ үгэнд багтсан байгаа юм. Манжийн амбан “Үгэн дотор үг, үхэр дотор гиваан байдаг”-ийг ер ойлгохгүй өнгөрч байдаг.
–Жүжиглэнэ. Дуулна. Дуулалт жүжиг гээд байгаа чинь ер нь сонгодог дуурийн монгол хувилбар гэж ойлгож болох уу?
-Би дуулалт жүжиг гэхээсээ илүү дуурь гэж тодорхойлоод байгаа. Миний дуулж байгаа хэсгүүд дуурийн элементүүд орсон хүнд хэсгүүдтэй. Ганболд найруулагч, хөгжмийн зохиолч Бирваа нар ч анх дуурь гэж нэрлэх саналтай байсан. Дуурь гэхээр дандаа дуурийн мэргэжлийн дуучид байх ёстой. Гэтэл “Оройн дээд”-д ардын дуу, уртын дуу ч явж байдаг учраас дуурь гэхэд учир дутагдалтай юм гээд дуулалт жүжиг дээр тогтсон. Зөвхөн Богд хаан, Дондогдуламын дүрээр бол яах аргагүй дуурь л даа. “Оройн дээд” жүжиг маань өнөөдөр тайзнаа амилахаас гадна арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөөний өдрөөр тоглогдоно доо.
–Тайзнаа Богд хааныхаа дүрийг ч бүтээгээд л, Төрийн ордонд Сүхбаатар жанжны үгийг ч хэлж жүжиглээд л “хувьсгалын үйл хэрэг” тань бүтэмжтэй сайхан л яваа юм байна. Ингэхэд хувийн амьдрал, ар гэрийн чинь байдал ямаршуухан байна даа?
-Би Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгадаа урилгаар ирж ажиллаад явсан. Эндээ гоцлол дуучнаар ажилд ороод нэг жил орчим болж байна. Гэр орон, гэргий хүүхэд маань Баянхонгор аймагтаа л байна. Яваандаа төв суурин газраа бараадаж бөөгнөцгөөх бодол байгаа. Гэргий маань Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн драмын театрын дуучин Бурмаа гэж бүсгүй бий. Тэр маань одоо хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Богд хааныхаа дүрийг бүтээчихээд ар гэртээ очихоор сэтгэл зүрх өөрийн эрхгүй догдолж яарч л байна даа.