Categories
мэдээ цаг-үе

Дуучин Б.Баярцэцэг: Өөртөө тохирсон уянгын романтик кинонд тоглох юм сан гэж боддог

Дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог их үү. Хамгийн сүүлд “Аз жаргал” уран сайхны киноны дууг дуулсан байсан?

-“Аз жаргал” киноны “Жаргалаа олсон нь” гэдэг дууг дуулсан. Аялгууны хувьд өмнөх дуунуудаас тэс өөр байснаас гадна киноны зохиол нь маш их таалагдсан болохоор догдлон байж дуулсан. Хамгийн хайртай уран бүтээлүүдийн минь нэг болоод байна. Он гараад уран бүтээлийн чиглэлээр нэлээд зүйл хийхээр төлөвлөсөн байгаа.

-Шинэ он удахгүй гарах гэж байна. Шинэ жилийн баяртай холбоотой хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Одоо бодоход аав ээж, ах эгч нартайгаа халуун ам бүлээрээ байсан он цагууд л хамгийн үнэ цэнэтэй байж дээ. Аав минь одоо бурхан болсон. Тэр үед одоогийнх шиг дэлгүүрээс гацуур худалдаж аваад, өнгийн бөмбөлөг, саагаар чимэглэдэггүй байлаа. Аав минь уулнаас нарс авчраад л, ээж гэрийнхээ хана, тааз гээд жижиг хэсгийг хүртэл үлдээлгүй чимэглэдэг байсан. Эгч маань усан будгаар цонхон дээр зураг зурна. Манайх хоёр хоёр насны зөрүүтэй долоон хүүхэдтай айл болохоор бүгдэд нь баг авчраад цөмөөрөө багаа өмсөөд өөрсдийнхөө хэмжээнд баярладаг байсан. Алим мандарин бэлгэнд аваад идэхэд их л сайхан амттай байдаг байж билээ. Одоо бол баяр нь ч их болж, бүх зүйл бэлэн зэлэн байхаар хүмүүс хэт уйдамтгай болчихож. Би чинь хар багаасаа эхлээд л сургуулийн шинэ жилээр цасан охин, шинэ он, хуучин он, амьд хөгжмийн хамтлагийн хөгжимчин, дуучин гээд л оролцохгүй ч юм байдаггүй байлаа. Сүүлд шилдэг сурагч болж байсан. Тэр үед л 100 хувь аз жаргалтай байжээ гэж бодогддог.

-Эмэгтэй хүн болж төрсний үнэ цэнийг та юунаас мэдэрдэг вэ?

-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүсийнхээ алган дээр нь бөмбөрч, “муур” шиг хайранд умбаж явна. Намайг бага ангид байхад ангийн хөвгүүд “муужгай” гэж шоолдог байсан. Тэгэхээр багаасаа л эрх танхи харагддаг байсан байх. Бас эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхан бий.

Түүнийгээ харж, аз жаргалыг мэдэрдэг.

-Гоо сайхан харагддаг нууцаасаа хуваалцахгүй юу?

-Зөв хэмнэлээр амьдардаг. Ус сайн ууна, нойр сайн авна. Аль болох стресстэхгүйг хичээдэг. Платс гээд спортын төрлөөр хичээллэж байгаа. Энэ бол фитнесс, иога, кардио, аэробекийг хослуулсан өвөрмөц дасгал. Энэ мэтээр тодорхой хэмжээнд өөртөө анхаарал хандуулж чадсанаар наснаасаа залуу харагддаг гэж боддог.

-Орос дууг яагаад онцолж дуулдаг вэ?

-Жил бүр орос дууны тоглолт хийдэг. Тэр дуунуудад миний аав ээжийн үеийнхэн их дуртай. Намайг бага байхад аав ээж хоёр “ОРТ”-оор гардаг орос дуучдын концертыг байнга үзнэ. Манай Алтанбулаг чинь Орос Монголын хил дээр байсан болохоор ээж аавыгаа дагаад Орос руу гарч хоол хүнсээ цуглуулна. Тэр дуунууд хит болж байх үед би юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан. Гэхдээ аав ээжийнхээ тэр үеийнхний хайрлаж дурлаж явсан сайхан дурсамжийг сануулсан дуунуудыг дуулж, хүмүүст аз жаргал бэлэглэх нь их сайхан санагддаг.Тэгээд ч орос дуунууд их гоё аялгуутай шүү дээ.

-Багаасаа дуулж бүжиглэдэг урлагт ээлтэй хүүхэд байсан ч СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдэг. Дуучин болоогүй бол өдийд юу хийж явах байсан бол?

-СУИС-д намайг шалгуулахад миний амыг ангайлгаад шүд нь тэнцэхгүй юм байна гээд явуулсан. Тэр үед би дуугаараа гологдоогүй, шүлэг уншсан, этюд үзүүлсэн бүх зүйл дээр нь тэнцсэн боловч хамгийн сүүлд шүд нь тэнцэхгүй гээд хасч байлаа. Урлагийн хүн гэдэг цаанаасаа өөр байдаг шиг санагддаг. Сэтгэл хөдлөл ихтэй, фантастик хүмүүс байдаг. Би тиймэрхүү салбарын л хүн болох байсан болов уу. Түүнээс биш нягтлан бодогчоор сурсан гээд тоо бодсон, ноцтой царай гаргасан хүн болж чадахгүй байх.

-Танд кинонд тоглох санал ирдэг үү?

-Нэг удаа ирж байсан. Урлагийн хүн юм чинь яагаад кинонд тоглож болохгүй гэж. Өөртөө тохирсон уянгын романтик кинонд тоглох юм сан гэж боддог. Жүжиглэлт гэдэг өөрийнхөөрөө байхыг хэлдэг юм шиг санагддаг.

-Таны хоолойны тембер их содон, өвөрмөц сонсогддог. Энэ чадварыг яаж сурч эзэмшсэн бэ?

-Биднийг жаахан байхад ямар одоогийнх шиг бичлэг хийж болдог байсан биш. Тийм болохоор багадаа яаж дуулдаг байснаа санадаггүй. Намайг өсвөр насанд байхад аав ээж хоёр анх систем хөгжим авчирч өгсөн. Тэр үед Селин Дион, Хьюстон, Мариан Керри гурвыг, англи дууг анх сонсоод дуучин хүн гэж ийм хоолойтой байх ёстой юм байна гэж ойлгосон. Өсвөр насандаа өөрөө өөртэйгөө их сайн ажилласны хүчинд одоогийн энэ темберийг өөрийн болгосон гэж боддог.

-Монгол дуучдаас хэний дууг их сонсдог байв?

-Сараа эгчийн дууг их сонсоно. Зүгээр ч нэг сонсохгүй зүрхээрээ сонсож уйлдаг байлаа. (инээв)

-Фенүүдээсээ авч байсан хамгийн содон бэлэг юу байв?

-Намайг зурсан зургуудыг фенүүд маань их өгдөг. Эрдэнэтэд миний хоёр фен залуу миний мартагдсан дүр төрхүүдийн зургийг коллекц болгоод өгч байсан.

-Та үзэгчдэд дуугаа хүргэхдээ юуг хамгийн их чухалчилдаг вэ?

-Нэгэн үе би өөрийнхөө хоолойны темберт их итгэдэг байсан. Гэхдээ хоолойноос гадна дууны амин сүнсийг ойлгож, мэдэрч дуулах нь их чухал. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг гэдэг шиг тийм дуу их урт настай байдаг гэж боддог.

-Сэтгэлээ дэлгээд хуваалцдаг найз нөхөд хэр их бий вэ?

-Арван жилийн, их сургуулийн гээд олон найз бий. СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг найман хүүхэд төгсөж байсан. Тэд нартайгаа бүгдтэй нь холбоотой байдаг. Гэхдээ бүх зүйл дээр итгэж, найддаг амьдралын гурван найз бий. Дандаа эгч бүсгүйчүүд. Нэг нь хошин урлагийн Ааяа эгч. Намайг 100 хувь мэднэ. Миний өмнөөс шийдвэр гаргах эрхтэй. Бас дуу оруулагч Оюун эгч надад миний төрсөн эгч шиг ханддаг. Ааяа эгчтэй анх 2008 оны сонгуулиар Сэлэнгэ рүү нэг машинд сууж яваад танилцсан. Ааяа эгч их гоё гэгээлэг хүн. Ямар ч хүнээс сайн талыг нь олж харж чаддаг. Харин Оюун эгч бид хоёрын хувьд хоёулаа дуу хоолойнд дурладаг ижил сонирхолтой хүмүүс байсан. Намайг “Шүрэн бугуйвч”-ийн дууг дуулж байсан үеэс “Энэ охинтой танилцах юмсан. Ёстой гоё хоолойтой юм” гэж бодсон гэсэн. Би болохоор Оюун эгчийн дуу оруулсан киног үзэх дуртай, дуу оруулалт нь сэтгэлд хоногшчихсон байсан. Тэгтэл Ааяа эгчийн бас дотны найз нь байсан юм билээ. Нэг найз маань Ирландад байдаг. Бид дөрөв их сайхан нөхөрлөдөг.

-Хорин жилийн дараах өөрийгөө яаж төсөөлдөг вэ?

-Би их том мөрөөдөлтэй. Хорин жилийн дараа мөрөөдлийнхөө далаас, наян хувийг биелүүлчихсэн байх болов уу гэж боддог. Охиндоо маш сайн ээж, сайн эмээ болчихсон байх болов уу. Бас “Мюзик академиа” нээчихсэн, олон төслүүдээр уялдсан, надтай надгүй явж байдаг өөрийн гэсэн бизнестэй болчихсон байна гэж боддог. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхмуудаа хийгээд эхэлчихсэн байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Эрвээхэйний хатаамал цуглуулдаг байсан. хүмүүст өгсөөр байгаад дуусчихсан. Дараа нь загас тэжээдэг байснаа анхаарал хандуулж чадахгүй болохоор асрамжийн газарт өгчихсөн. Одоо бол цаг л гарвал охинтойгоо хамт байхыг хичээдэг болсон. Охиноо жаахан том болохоор хамт бүжгээр хичээллэнэ гэж боддог.

-Охинд тань ээжийнх нь авьяас өвлөгдсөн шинж илэрч байна уу?

-Одоохондоо хоёр настай. Гэхдээ цэцэрлэгийнхээ оны шилдэг хүүхэд болсон. Багш нь ахлах ангийн хүүхдүүдийн сурахгүй байгаа дуу, бүжгийг их хурдан сурсан гээд магтаж байсан . Гэхдээ би хүүхдээ мундаг гэж магтдаггүй. Миний охин сайн байна. Илүү сайн хийгээрэй гэж хэлдэг дээ.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *