Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 29-нд боллоо. Тус үзэсгэлэнд Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Адъяабазар, Ц.Энхжаргал нарын уран бүтээлүүд дэлгэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэн дөрвөн уран бүтээлчийн 110 бүтээлээс бүрдэж буйгаараа онцлог боллоо.

Дөрвөн өөр мэдрэмж, сэтгэлгээг нэг дор багтаасан нь сонирхууштай. Уран бүтээлчийн сэрэл мэдрэмж, оюун санааны бүтээлүүдийг ирэх сарын 14-ийг хүртэл Монгол арт галерейд үзэх боломжтой.

“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адъяабазар “Би олон төрлөөр бүтээл туурвидаг. Энэ удаад Монголын түүхийг харуулсан бүтээлээр оролцож байна. Дөрвөн өөр зураачийн арга барил, өнгө аяс харагдаж байгаа байх. Энэ нь онцлогтой болгож байна. Би өөрийнхөө арга барилаар байгалийн сэтгэмж, сэтгэлгээний онцлогоор зурсан 20 гаруй бүтээлээр оролцож байна. Монгол арт галерейн хамт олонд баярлалаа” гэлээ.

Мөн тус үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд “Энд миний сүүлийн үед бүтээсэн бүтээлүүд тавигдаж байгаа. Говь нутгийн байгаль, тэндээс төрсөн сэтгэгдлээс төрөн гарсан зураг гэхэд болно. Үүгээрээ би юу хэлэхийн хүссэн гэхээр хэчнээн цул энгийн элс мөртлөө олон төрлийн салст, гоё өнгө, сонин хэлбэр дүрсээс гоозүйн мэдрэмж авч болдгийг харуулахыг зорилоо. Уран зурагт нэгдүгээрт тавигддаг зүйл бол өнгө. Араас нь хэлбэр, зураас байдаг. Энэ гурван үндсэн элементээс уран зураг бүтдэг. Түүхэн, хийсвэр зураг ч бай энэ элемент үргэлж явагддаг. Тийм ч учраас бүхэл бүтэн хүний зан чанар, хүсэл мөрөөдөл, эрлийг харуулж чаддаг юм” хэмээлээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Энхжаргал “Дэлхий ертөнцийг дөрвөн өөр өнцгөөс мэдэрдэг уран бүтээлчид нэг дор чууллаа. Өөр өөрийн арга барилтай зураач нар олон байдаг. Би тийм төрөл жанраар бүтээл туурвидаг гэж ярих дургүй. Урлаг судлаач нар ангиллаж ялгана биз. Уран зургаар дотоод сэтгэлээ гаргахыг л зорьдог. Мөн сайхан, сайхан залуу уран бүтээлчид их төрөн гарч байна. Тэдний сэтгэмж соргог дэлхийн төвшинд сэтгэж байгаа бахарууштай. Хэдий тийм ч хэтэрхий нэг зүйлийн араас хөөцөлдөхгүй дотоод сэтгэлээ чангаж байгаасай гэж хүсдэг. Арга барил бол чөлөөтэй зүйл” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *