Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан байна.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг аж. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 дүгээр сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн зохих дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан зүйлийг нэмжээ.
Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах шаардлагагүй бөгөөд оролцогч улс, эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар заажээ. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр төрлийн хязгаарлалт тогтоосон бөгөөд нэгд, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай. Тус байгууллагын Ерөнхий бага хурлаас 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167 дугаар конвенцыг баталжээ. Монгол Улс уг конвенцыг соёрхон баталснаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдав.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.