Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад байгаа концессын төслүүдийн уралдаант шалгаруулалт болон концессын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Нийт 51 төсөл хөтөлбөрийг концессын гэрээгээр хийхээр баталснаас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам, Тэлмэний дулааны цахилгаан станц, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд хурдны автозам, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор, Дулааны V цахилгаан станц гэсэн нийт зургаан төслийн концессын гэрээг байгуулаад байна.
Автозамын 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын төслийн саналыг долдугаар сарын 1-3-нд хүлээж авсан ч тэнцсэн оролцогч гарч ирээгүй байна. Иймд Концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж, шалгаруулалтад оролцсон болон бусад сонирхлоо илэрхийсэн хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.
Эрчим хүчний концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны зургадугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ.