Нийслэлээс
гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг
айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар
дулаанаа хэмнэдэг зөв дадлыг хэвшүүлэхэд олон нийтийг уриалах зорилгоор
“Дулаалгын аян”-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 10 дугаар сарын 15-ныг
хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх тус аяны нээлт өнөөдөр Чингис хааны талбайд
боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун,
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг
даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Бид агаарын
бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Үүний
нэг болох иргэдтэйгээ хамтарч өвлийн улиралд гэр, орон сууцаа дулаалах
ажлыг нийслэлээс 3 дахь жилдээ зохион байгуулж байна. “Дулаалгын аян”-ы хүрээнд
гэр хорооллын иргэд өвлийн хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны
алдагдал багатай давах талаар сургалт, зөвлөгөө өгч, үндэсний үйлдвэрлэгчид
өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа. Иргэд гэр, сууцаа дулаалж, түлш
бага түлэх нь агаарын бохирдлыг бууруулах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж
байна гэсэн үг. Тиймээс энэхүү аянд идэвхтэй оролцож, төсвөө хэмнэн, гэр,
сууцаа дулаалахыг уриалж байна” гэдгийг онцлон хэллээ. “Дулаалгын аян”-ы
хүрээнд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны
нээлттэй өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Баянгол дүүрэгт 09 сарын
15-ны өдөр Сайхан төвд, Чингэлтэй дүүрэгт 09 сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын
талбайд, Сонгинохайрхан дүүрэгт 09 сарын 17-ны өдөр Дүүргийн талбайд, Баянзүрх
дүүрэгт 09 сарын 19-ний өдөр Амгалан төвд, Сүхбаатар дүүрэгт 09 сарын
19-ний өдөр Дамбадаржаа 34-р гал унтаах анги, Хан-Уул дүүргийн 09 сарын 20-ны
өдөр Яармагийн 60-р дунд сургуульд болно. Мөн Чингисийн талбайд 09 дүгээр сарын
12,13-ны өдрүүдэд Дулаалгын аянд нэгдэж нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн
салбарын харъяа агентлагууд өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж байна.
Тус аянд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортлодог 30
гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн,
Хий, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүн, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн,
Цахилгаан халаагуур, Бүрэн шаталттай сайжруулсан зуух, Сайжруулсан түлш, Гэр,
байшингийн дулаалгын материал, Эрчим хүчний хэмнэлттэй байшин, Автотээврийн
хэрэгслийн био түлш, Эко тээврийн хэрэгслийг иргэдэд санал болгож байгаа юм.
Иргэд дулаалгын аянд нэгдсэнээр гэр, сууцныхаа дулааны алдагдлыг багасаж,
цаашид хэрхэн дулаалах талаар нэгдсэн мэдээлэлтэй болохоос гадна эдийн засгаа
хамнэж, түлш бага зарцуулснаар утааг бууруулах зэрэг эерэг үр дүн гарна гэж
албаныхан үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.