Categories
онцлох-нийтлэл үндэсний-бөx

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүдийн цөм нь Сүүж ууланд бэлтгэлээ базааж байна DNN.mn

Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэхэд чуулж наадамчин олныг цэнгүүлэх хүчтэнүүдийн цөм нь “Сүүж уул”-ын амралт, сувиллын газарт бэлтгэлдээ гарчээ. Энд Ховд аймгийн “Ховд”, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн”, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” зэрэг дэвжээний 80 орчим залуус бэлтгэлдээ гараад байна. Биднийг очиход хамбан шар эмжээртэй шинэ гэр босгочихсон байсан нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх улсын залуу аварга О.Хангайгийнх гэнэ. “Ховд” дэвжээний удирдлагууд шинэ аваргадаа зориулж зургадугаар сарын эхээр энд шинэ гэр босгожээ. Харин хамбан шар эмжээр нь аварга болохдоо өмссөн дээлний өнгөө бэлгэдсэн бололтой. Хажууханд нь байрлах хоёр гэрийн нэг нь улсын заан Б.Бат-Өлзийгийнх. Нөгөөд нь улсын заан Б.Пүрэвсайхан байрлаж буй гэнэ. “Ховд” дэвжээний манлай гурван хүчтэн энэ жил тусдаа гэр барьж бэлтгэлдээ гараад байна. Харин улсын наадмын цолны даваанд хоёр ч удаа очоод бүдэрсэн аймгийн арслан Д.Бадамгарав хэдэн залуусын хамт байшингийн үүдэнд хүчний бэлтгэлээ хийж байгаатай тааралдлаа. Тэд энэ сарын эхээр бэлтгэлдээ гарсан бөгөөд одоогоор өглөө, оройдоо хөнгөхөн мэхээ давтаад, хүчний бэлтгэлээ түлхүү хийж байгаа гэнэ. Өнөөдрөөс хөдөө, гадаа явсан бөхчүүд нь бэлтгэлдээ бүрэн нэгдэж барилдааны бэлтгэл жигдрэх гэнэ. Биднийг очиход бөхчүүдийн олонх нь амарч байв. Аймгийн цолтой цөөхөн хэд нь л хүчний бэлтгэлээ базааж байлаа. Тэднийг анзаарч байтал төд удалгүй улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох нэгдэв.

Наадмын дэвжээнд огцом бяр, тэсрэлтээ гайхуулдаг түүний бэлтгэлийг залуу хүчтэнүүд нүд салгалгүй, анхааралтай ажиглах. Нэг ч гэсэн зүйлийг нь сурч авахаар оролдож байгаа нь илт. Д.Цэрэнтогтохын тухайд улсын аварга П.Бүрэнтөгсөөр тав давж начин цол хүртсэн зоригтой, цог золбоотой барилддаг бөх. Наадмын дэвжээнд улсын аварга О.Хангайг давхар ачаад чулуудчихдаг ойгүй бяртай нэгэн. Энэ жил заал танхимын барилдаанд түрүүлж, шөвгөрч сайн барилдсан тэрбээр формоо хадгалахаар эртлэн бэлтгэлээ гараад байгаа нь энэ. Ямар ч бяртай эрийг малгай шиг дүүгүүрдээд чулуудчихдаг Цэрэнтогтох начингийн хүчний бэлтгэлийн үзүүлэлтийг харсан залуус толгой сэгсрэх юм билээ. Начин өсч яваа залуу бөхчүүдэд ч туршлагаасаа харамгүй хуваалцаж, зөвлөж байв.

Эдний урдхан талд байрлах намхан саарал байшинд “Аварга” сургуулийнхан байрласан талаар хэллээ. Дөхөөд очвол үүдэн дэх модон саравчинд чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах, гавьяат дасгалжуулагч Бямбажавын Баттулга, гавьяат багш Б.Адъяахүүгийн хамт сууж байх нь тэр. Тэдний голд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, медальт, гавьяат тамирчин, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл суух аж. Хоёр гавьяат багш, гавьяат тамирчин шавийнхаа бэлтгэлийн төлөвлөгөөг илүү нарийвчилж хоорондоо зөвлөж суугаа нь энэ бололтой. АХ-ын 100, 101 жилийн заан М.Лхагвагэрэлийг өнөө жил цолыг нь батлуулах, цаашлаад ахиулах, үүний тулд ямар бэлтгэл шаардлагатай талаар үндэсний бөх болон чөлөөт бөхийн энэ цагийн шилдэг багш нар тархиа гашилгаж сууна. Дэлхийд данстай бөх болохоо зарласан М.Лхагвагэрэл заан үндэсний бөхөөрөө ч оргилд нь гарахаар энд шамдаж байна. Түүний бэлтгэлийг хангахад “Аварга” сургуулийн оюутан хүүхдүүд гар бие оролцох бололтой. Бүгд далбаа, шуудгаа зэхээд ирцгээжээ. Энэ цагийн Дэлхийн шилдэг хүчтэний бэлтгэлийг хангалцаж, юм сураад авна гэдэг тэд ч хувьтай хүүхдүүд юм. Лхагвагэрэл заан том бөхчүүдтэй тулахаас илүү залуу бөхчүүдтэй цуваа барилдаанд орж бэлтгэлээ хангахыг илүүд үзэж байгаа бололтой. Түүний бэлтгэлийн ирийг гавьяат багш Б.Адъяахүү тааруулахаар алхам бүрийг нь л ажиглаж сууна. Сүүжийн бэлтгэлээс наадмын дээгүүр даваанд гарч барилдах залуусын тэргүүн эгнээнд М.Лхагвагэрэл зааныг бөхчүүд нэрлэж байв. Өнөөдөр тэр барилдааны бэлтгэлгүй, хөнгөхөн дасгал хийгээд амарч байгаа гэнэ.

Сүүж уул амралтын баруун хойд талын байшин ганцаараа тод шар өнгөтэй нь бусдаасаа содон юм. Энд бэлтгэлд гарсан залуусын хэлж байгаагаар тэр шар байшинд байрласан бөхчүүд цол ахидаг зүй тогтол байдаг гэнэ. Э.Оюунболд л гэхэд яг энэ байшинд байрлаж шууд улсын наадамд түрүүлж байжээ. Залуу бөхчүүд тийшээ орох их сонирхолтой ч том цолтой бөхчүүдийн өмнүүр хөндөлсөөд байж зүрхэлдэггүй бололтой. Байрласан бөх нь цол ахидаг зүй тогтолтой байшин руу дөхөж очвол өөдөөс улсын харцага Ганбатын Алтангэрэл хүүгээ хөтлөөд гарч ирэх нь тэр. Тэрбээр “Ховд” дэвжээний ахлах дасгалжуулагч юм. Өөрөөр хэлбэл шинэ аварга төрсөн дэвжээний ерөнхий бэлтгэлийг энэ хүн хариуцдаг. Зөрсөн залуус бөхөлзөж хүндлэл үзүүлэх түүнтэй хөөрөлдлөө.

-Таны хариуцдаг “Ховд” дэвжээний залуус өнгөрсөн жилийн наадмын өнгийг тодорхойлж шинэ аварга цолтон төрсөн. Энэ жилийн тухайд танай бөхчүүдийн өнгө ямар байна вэ?

-Хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүнд бид өнгөрсөн жил шинэ аваргаа хүлээж авсан. Олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд хүлээлт тайлагдсан. Энэ жилийн тухайд шинэ аварга О.Хангай, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар маань бүгд бэлтгэлдээ гараад байна. Одоогоор хараахан жигдрээгүй, хэн ямар байгааг нь шууд хэлэх боломж алга. Ойрд болсон заалны барилдаануудаас анзаарвал Б.Пүрэвсайхан заан энэ жил гойд сайн байна. Бөх сонирхогчид ч харж байгаа байлгүй дээ. Тун хий зайгүй байна шүү.

-Та шавь тус бүрдээ таарсан бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулдаг уу. Эсвэл ерөнхий бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад түүнийгээ мөрдөж байна уу?

-Хүн бүрийн бие организм, өөр хоорондоо харилцан адил биш. Нэг төлөвлөгөө баталж гаргачихаад түүнийгээ хүн бүрд туршаад байвал үр гарахгүй. Хүн бүр барилдааны онцлогтой. Тэр бүрийг нь илүү боловсруулахад анхаарч ажилладаг. Хамгийн гол нь гаргаж байгаа алдааг нь ойлгуулж хэлж өгдөг. Одоо тэгээд яг тэгж барилд, ингэж барилд гэдэг зөвлөгөө өгдөг цаг ард үлдсэн дээ. Барилдааны судалгаа өндөр хөгжсөн ийм үед алдаан дээр нь ажиллаад захиад явах нь илүү үр дүнтэй. Хажуугаар нь гол өрсөлдөгчидтэйгөө барилдах тактик боловсруулна.

-МЗХ-ны 100 жилийн баяр наадамд шөвгөрсөн найман бөхийн тэн хагас нь энэ дэвжээнээс байсан санагдаж байна. Тэр жил танайхны бэлтгэл гойд сайн байв уу?

-Тэр жил “Ховд” дэвжээ бүтэн багаараа мундаг ажилласан. Наадамдаа ч сайн барилдсан. Тухайн үедээ улсын цолны батламж олгосон ч өнөөдрийг хүртэл олгож өгөөгүй л явна. Шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг хуураад. Шавь нарынхаа өмнөөс харамсах сэтгэл төрдөг л юм.

-Энд бэлтгэлд гарсан бөхчүүд наадамд өнгөлдөг зүй тогтол харагдаад байна л даа. 2019 болон 2022 оны наадмын түрүү яг эндээс тодорч. Ямар онцлог байна вэ?

-Яг судлаад гаргачихсан зүйл байхгүй л дээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан хангай. Ийм газарт бодол сэтгэлээ цэгцлээд наадамдаа очно гэдэг өөр. Бусад газруудтай харьцуулахад илүү өндөрлөг. Ийм газарт бэлтгэлийн ачаалал авсан хүн тэр доор очоод барилдахад ямар ч хүнд барилдааны ард нь гарна л гэж боддог. Энгийнээр тайлбарлахад онцлог нь ийм л байх.

-Таны энэ шар байшинд байрласан бөхчүүд сайхан нааддаг гэлцэх юм.

-Энэ үнэн шүү. Оюунболд энд байрлаад улсын аварга болж байлаа. Жилийн жилд эрт бэлтгэлдээ гардаг юм. Энэ жилийн тухайд тодорхой асуудлын улмаас ирэхгүй нь бололтой. Бэлтгэсэн бөхчүүдээс маань наадмын түрүү тодрох юм болов уу гээд л энд байрлалаа.

Бид ийн хөөрөлдлөө. Энд мөн Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний залуус байрлаж байна. Улсын цолд яригдах залуусаас М.Бямбадорж арслан харагдлаа. Мөн сонирхогчийн сумогийн Дэлхийн аварга хошой аварга, аймгийн заан Баасандоржийн Бадрал энд бэлтгэлээ базааж байна. Эдний хэн хэн нь л улсын аварга, арслангуудыг хазайлгадаг залуус.

Ингэж байтал өдрийн хоолны цаг нь болов. Аймгийн цөөхөн цолтнууд болон сумын заанууд л хоолонд орохоор заал руу орж байна. Улсын цолтнууд харагдсангүй. Тэд хувийн тогоочтой бэлтгэлд гардаг болжээ. Нийтийн хоолноос тэр бүр ам хүрдэггүй гэнэ. Улсын аварга О.Хангай л гэхэд дүүтэйгээ хамт байрласан бөгөөд дүүгийнхээ л гарын хоолыг идээд бэлтгэлээ хийнэ. Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нарын заанууд ч мөн адил. Хамт дагуулж гарсан хүнийхээ хоолыг идээд л бэлтгэлээ хийдэг. Харин зааланд хооллох залуу бөхчүүдийн порц амрагчдынхаас арай ахиу. Амрагчид 400 граммын тавгаар шөл ууж байхад аймаг, цэргийн цолтнууд 500 граммын том цагаан тавгаар иднэ. Бөхчүүд бэлтгэлд гарахад тэдэнд зориулж ийм порц бий болгожээ.

Сонируулахад Улсын аварга О.Хангайтай бэлтгэл хийхээр зорьж очих бөхчүүд ч байдаг гэнэ. Хэд хоногийн өмнө улсын начин Э.Сумъяабат, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар ирээд хэсэг байж байгаад тус тусынхаа гал руу буцжээ.

Энд улсын цолд горилох хэд хэдэн залуус байна. Начны даваанд хоёр ч удаа тулж очоод бүдэрсэн Ховдын аймгийн арслан Б.Тайван өнөө жил тун өнгөтэй байгааг дасгалжуулагч нь онцлов. Мөн Д.Бадамгарав, Ж.Жавхан нарын залуус бэлтгэлээ базааж байв. Завханы “Даян” дэвжээнд ч наадмын шөвгийн даваанд босох залуус нэг биш бий. Шилүүстэйн Д.Батбаатар, Идэрийн А.Нармандах нарын аймгийн арслангууд эндээс улсын цолд горилж байна. Тэд бүгд л улс, аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрчихсөн, бөхийн хүрээнд танигдсан улс. Сураар бол элдүүр нь ханачихсан гэж хэлж болно.

ЦАХИУР ХАГАЛАХ ЗАЛУУС ХААНА ЯМАР ГАЛД БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА ВЭ

Аймгийн цолтой залуу аварга, арслангуудыг нураагаад түрүүлдэг нь үндэсний бөхөд хэвийн үзэгдэл болсон. Өнөө жил ч ингэж цахиур хагалж, индэрт гарч мэдэх залуус хэд хэд байна. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн начин М.Баяржавхлан өнөө жил Т.Өсөх-Ирээдүй харцагын удирдлагад баяр наадмын бэлтгэлээ базааж Н.Батсуурь, П.Бүрэнтөгс гээд энэ цагийн манлай аваргуудыг ч тэнгэр харуулдаг энэ залуу шууд улсын наадамд зодоглох бололтой. Улс, аймгийн цолтнуудын барилдаанд их шөвөгт шалгарсан амжилттай тэрбээр улсын заан Ц.Мягмарсүрэнгийн төрсөн ахынх нь хүү нь юм. Энэ жил улсын арслан Б.Орхонбаярын хамтаар “Алдар” спорт хороонд баяр наадмын бэлтгэлээ базааж байна.

Тэгвэл Сар шинийн барилдааны түрүү бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал “Бөх билэгт” дэвжээндээ Сүүж уулсын орчимд бэлтгэлдээ гараад байгаа гэнэ. Наадмын дэвжээнд дээгүүр даваанд харах бөх энэ залуу. Бэртэл гэмтэлгүй тун сайн байгааг нь бөхчүүд хэлж байна. Түүнчлэн цэргийн заан Ө.Батсуурийн бэлтгэл сургуулилалт гойд сайн байгаа ажээ. Эндээс гадна аймгийн хурц арслан О.Наранбаатар, Н.Өсөхбаяр, Э.Мөнхбаатар гээд тулаад гараад ирж мэдэх залуус олон байна.

Цэнгэлдэхэд чуулах хүчтэнүүдийн цөм нь цугладаг Сүүж уулын галын амралтын өдрийг товч зураглахад ийм. Анзаарахад бөхчүүд бэлтгэлд гарахдаа хувийн дасгалжуулагч, тогооч, эмчийг хамт дагуулж гардаг болжээ. Зөвхөн тухайн бөхийн биеийн онцлогт тохирсон хоолны жор гаргаж, бэлтгэлийн горимдоо тохируулж хооллоно. Нэг бөхийн ард бүтэн баг ажилладаг болж.

Сонирхол нэгтэй залуус бөхийн галд гарах нэрээр нийлж мах чанаж идэж байгаад наадамд барилддаг цаг ард хоцорсон байна. Бөхчүүд бэлтгэл хийхдээ илүү шинжлэх ухаанчаар, бүтээлч хандах болжээ. Хангай аваргын бэлтгэлийг л гэхэд Ц.Мягмарсүрэн хариуцаж байгаа бол Лхагвагэрэл зааны бэлтгэлийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат багш Б.Адъяахүү нар хамтдаа хариуцна. Харин Б.Пүрэвсайхан зааны бэлтгэлийн горимыг нь улсын заан Ч.Батзориг тохируулна. Гэх мэтчилэнгээр наадмын өндөр давааг харж байгаа бөхчүүд тус бүрдээ хувийн багш дасгалжуулагчтай бэлтгэлээ базааж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *