Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барих эхлэл тавигдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт зургадугаар сарын 21-22-нд албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, орон нутгийн бүтээн байгуулалттай танилцах, нефтийн үйлдвэрийн шав тавих ёслолд оролцох, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, нарны цахилгааны станцын нээлтэд оролцох юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дорноговь аймагт 21-ний өглөө 09.40 минутад Зэвсэгт хүчний цэргийн хүрээний Зүүнбаянгийн 336 дугаар ангийн хүндэт харуул угтан авсан юм.

Угтах ёслолын дараа аймгийн ЗДТГ-т төрийн албан хаагчидтай уулзсан бол дараа нь “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ “Засгийн газраас тавьж байгаа хоёр чухал зорилт нь төрийн албаны бүх шатанд сахилга батыг тогтоох, шударга ёсыг бий болгох. Өнгөрсөн жилүүдэд төрийн албаны ажлын хариуцлага хийгээд төрийн албан хаагчийн ажилдаа хандах хандлага суларч ямар ч тооцоо судалгаагүйгээр гадаадаас их хэмжээний зээл авч, хөрөнгө санхүүг үргүй зарцуулж ирсэн жишээ нийтлэг байна. Энэ байдлыг халж бүх шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөх явдал энэ Засгийн газрын чухал зорилт. Нөгөө нь улсынхаа эдийн засгийг өөд татаж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх. 2016 онд бид хүнээр зүйрлэж хэлбэл сэхээнд байгаа, бие муу хүнтэй зүйрлэхүйц эдийн засгийг хүлээн авсан. Бид олон улсын валютын сантай хамтран ажиллаж улс орны эдийн засгийг тэтгэх оновчтой бодлого хэрэгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт өслөө. 2017 оны төсвийн орлого гэхэд 500 тэрбумаар өссөн. Гадаад валютын нөөц 2016 онд бараг хасах үзүүлэлтэй байсан бол эдүгээ 3.2 тэрбум болж өслөө. Долларын ханш ч тогтворжсон, гадаад худалдааны тэнцэл 10 хувиар өссөн гээд эдийн засагт эерэг өөрчлөлт гарлаа. Засгийн газраас “Чингэс бонд” “Самурай бонд” зэрэг гадаадаас авсан өрийг эдийн засагтаа дарамт шахалт үзүүлэлгүйгээр үе шаттай төлж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлд Дорноговь аймгийн хөгжил дэвшилтэй холбоотой хэдэн томоохон төслүүд багтсан. Зүүнбаян-Ханги мандлын төмөр зам барих, Нефтийн үйлдвэрийг бүтээн байгуулах, Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулах томоохон зорилт тусгасан. Өнөөдөр манай улсад болон Дорноговь аймгийн түүхэнд түүхэн үйл явдал тохиож байна. Дорноговийн иргэд та бүхэндээ Ерөнхий сайдын хувьд баяртай мэдээ дуулгая. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох тухай хүсэж мөрөөдөж 20-иод жил ярьсан. Эдүгээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Монголын Засгийн газрын бодлогын дагуу нефтийн үйлдвэр барих эхлэлийг тавилаа. Бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхэлнэ. Энэ бол улсын эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх том төсөл. Жилдээ 1.5 сая тонн нефть түүхий эд үйлдвэрлэнэ. Улсынхаа нефтийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтийг ирэх жил хийнэ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлснээр улс орны болон Дорноговь аймгийн ард иргэдийн амьдрал, хөгжилд дэвшилд чухал нөлөө үзүүлэх ёстой” гэлээ.

Ерөнхий сайдын ажлын албан томилолтын бүрэлдэхүүнд Дорноговь аймаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөжлийн сайд, Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын яам, агентлагийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Ерөнхий сайдын уулзалт иргэдийн санал хүсэлтээр үргэлжилж байна.

Ерөнхий сайд зургаадугаар сарын 21-ний үдээс хойш Замын-Үүд суманд ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *