Categories
мэдээ соёл-урлаг

Домогт хатны хөргийг лааны тосоор бүтээнэ

Богд хааны ордон музейд өнөөдөр “Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол хатдын түүхийн талаарх судалгааг эрчимжүүлэх, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурийн талаар судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид онцлов.

“Монгол хатан ухаан судлал” ТББ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, “Хан хэнтий” ТББ хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал нь Монгол хатдын намтар түүх, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв, шашин соёлын талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх,олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Дөрөв дэх жилдээ болж буй тус хуралд 17 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлэв.

МУБИС-ийн багш, түүхийн ухааны доктор Н.Сүхбаатар “Монгол төрийн цэцэн билигт хатдын талаарх мэдээлэл гадаад, дотоодын түүхэн эх сурвалжид хомс байдаг. Олон нийт их хатдын нэрийг мэдэхээс түүхийг нь мэддэггүй. Миний хувьд Галдан бошигт хааны гэргий Ану хатны талаарх судалгааг хийсэн бөгөөд түүхийн хуудсанд далд байгаа зүйлийг ил гаргахыг зорьсон.

Судалгааны явцад түүнийг XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн Очир сэцэн хааны хүү цэргийн жанжин Галдамбаагийн охин гэдгийг илрүүлсэн. Энэ асуудал судлаачдын дунд удаан хугацааны турш эргэлзээтэй байсаар ирсэн” гэв.

Монгол хатдыг алдаршуулах зорилгоор Хэнтий аймгийн Баян-Адрага суманд “Монгол хатдын өргөө” цогцолборыг 2011 онд байгуулжээ.

Энэ талаар тус аймгийн Баян-Адрага сумын Засаг дарга О.Лхагвадорж “Монголын түүхэнд гавьяа байгуулж, нэр алдраа дурсгасан Бөртэ, Сорхугтани, Мандухай, Дондогдулам зэрэг 9 цэцэн билигт хатны түүхэн баримт, дурсгалт өв энэхүү өргөөнд хадгалагдаж байдаг.

Дондогдулам хатны түүхийг иргэд олон нийтэд таниулах үүднээс түүний хөргийг лааны тосон баримлаар бүтээх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *