Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2.100 төгрөгт хүрлээ

Долларын ханш өссөөр 2.100 төгрөгт хүрчээ. Энэ ханшийн өсөлт нь АСЕМ зэрэг айлчлалуудтай холбоотой зургаадугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан төлбөрийн тэнцэл алдагдалтай гарснаас болжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл 46 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж төгрөгийн ам.доллартай харьцах ханш долоодугаар сард зургаан хувиар суларчээ.

Гэвч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Монголбанкны зүгээс “Валютын зах илүү тогтвортой болох нөхцөлд тохирсон хөтөлбөрийг УИХ-аар батлуулах хэрэгтэй” гэж үзэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монголбанкны валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг билээ.

Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа бөгөөд энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлах аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *