Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN-Тодруулга: Халдварын тоо 285 хүрч байгаа нь УОК болон Шадар сайдын ажилд тавьж байгаа дүн гэв


ЭМЯ 11 цагийн ээлжит мэдээллийн цагаараа өнгөрсөн хоногт 285 хүнээс коронавирус илэрснийг зарлалаа. DNN-Тодруулга” буланд цаг үеийн нөхцөл байдлын талаар иргэдийн байр суурийг сонслоо.


Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Цогтсайхан:

Би барилгын компанитай. Дахиад хөл хорио тогтоовол манай компани бүр мөсөн дампуурна. Одоо ч манай компанийн нөхцөл байдал хүнд байна. Өр зээл ихтэй, барилгын материалуудаа зээлээр авчихсан. Олон удаагийн дараалсан, үр дүнгүй хөл хорио Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байна. Төрөөс хэдэн ч гэнэ үү тэрбумын зээлийг жилийн гурван хүүтэйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байна гэнэ. Хөөцөлдөж үзсэн ч бүтэхгүй юм байна. Танил талтай байж, тодорхой хувийг нь өгч байж л зээл авбал авах бололтой. Өнөөдөр 285 гарлаа гэж байна. 200, 300 гарлаа гэвэл хөл хорио тогтооно гэж сануулаад байгаа. Тэр санаандаа хүрэх гэж ингэж тоогоо нэмж байж ч мэднэ. Аргаа барахаараа л хөл хорьдог юм шиг байна. Шадар сайд гээд байгаа С.Амарсайханыг залуу хүн өөр ажиллах болов уу гэтэл бахь байдгаараа. Харин ч өмнөх Я.Содбаатар нь дээр байжээ. Дөнгөж төрсөн эмэгтэйг хөл нүцгэн гаргалаа гэж ард түмэн жагсахад тэр дор нь байдлыг даамжруулахгүйгээр огцорчихсон. Гэтэл өнөөдөр 285 хүнээс ковид илэрлээ. Юу хийж байна аа, С.Амарсайхан сайд аа гэж асууя.

285 бол Шадар сайд, УОК-т тавьж байгаа дүн шүү. Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорино, хорихгүй, магадгүй гэж бөөрөнхий юм яриад байхаар үйлдвэр үйлчилгээ, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бидэнд эргэлзээ төрүүлээд, банкныхан ч зээл олгох тал дээр хүлээлт үүсгээд байна. Манай энэ төр засагт тактик, маневр хийх чадвар огт алга. Уялдаа холбоо алга.

Орхон аймгийн иргэн Б.Уранзаяа:

-Хүн амын тоондоо шилжүүлбэл 285 бол өндөр тоо. Иргэд хичээсэн. Харин УОК муу ажилласан. Уг комиссыг удирдаж байгаа хүмүүс нь хэт сул юм уу гэж хараад байгаа. Сахилга бат гэж алга. Хөдөө орон нутгуудад байдал хүндэрлээ. Улаанбаатар хот тэр чигээрээ улайссан голомт болчихлоо. Үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд айдастай байна. Цаашид яахыг мэдэж байгаа юм үнэндээ алга. Хүүхдүүддээ витамин С уулгаад, хүн амьтангүй үед агаарт гаргаад гэртээ сууж байна. Иргэд үнэхээр сайн байсан шүү, харин УОК маш хангалтгүй байна.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Баяндүүрэн:

-Анх Францын иргэнээс ковид илэрлээ гэхэд яаж сандралдлаа. Гэтэл өнөөдөр бараг 300 хүнээс нэмж вирус илэрлээ. Би тэтгэврийн хүн. Гэртээ суугаад байж болж байна. Гэтэл хүүхдүүдийн ажил амьдрал хүнд байна. Хэзээ хөл хорио тавих бол гэсэн айдастай. Хажуугаар нь ковидын тоо улам нэмэгдээд байна.

Дэлхийн шинжлэх ухааны том ололт болох вакцин орж ирчихээд байхад манайд эсрэгээр халдвар улам нэмэгдээд байна. ХӨСҮТ-ийн эмч нар хүмүүст шинжилгээний хариу зарлаа л гэж байна. Энэ асуудал бол маш ноцтой. Энэ бол УОК-ийг огцруулах хангалттай шалтгаан. Гэтэл юу ч болоогүй мэт үргэлжлүүлж ажиллаж байна, ажиллаж байгаа нь үр дүнгүй. 

Уг нь вакцин орж ирсэн бол халдварын тархалт буурах байтал эсрэгээрээ болоод байна. Засгийн газар гэхээсээ УОК-ийг ямар ч хариуцлагагүй байна гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд яагаад таг болов. Халдвар өсөөд байна. Энэ С.Амарсайхан гэж нөхөр өөрийн толгойгүй, хийж байгаа юм алга. МАН-ын 100 жил халдвар тараалаа, урлаг соёлын арга хэмжээг яаран нээлээ гэж ард түмэн шүүмжилсэн. Үүнд Шадар сайд, УОК шууд буруутай. Энэ байгууллагуудыг огцруулдаг юм уу, Шадар сайдаа солих ч юм уу, арга хэмжээ авахгүй бол бид дэлгэр зуны цагаар яг ингээд гэртээ сууж таарах нь.

Баянгол дүүргийн иргэн Х.Буянхишиг:

-Сонгууль л ярьцгаагаад байгаа биш халдварын тоо 300 хүрлээ гэдэгт анхаарч байгаа улс төрч, УИХ-ын гишүүн нэг ч алга. УОК гэж сүртэй нэртэй байгууллага юу хийж байна. Шадар сайд гээд байгаа хүн дорвитой юм хийж чадахгүй байна. Маргааш 300, ирэх долоо хоногт 400 хүрэхэд яаж ажиллах юм. Ямар нэг тактик байна уу. Идэж уухын дон шүгэлсэн нөхдийг л төрийн оройд залжээ гэдгээ мэдэж байна. Би хувиараа бизнес эрхэлдэг. Таван ажилтантай. Би энэ хүнд үеийг хөнгөхөн туулж гарах гээд хадгаламжаа хүртэл хоосолчихоод сууж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэж маш хэрэггүй юм хийж, улсын мөнгийг үрлээ. Олон байгууллагын үйл ажиллагааг доголдууллаа. Би гадаадад хоёр ч их сургуулийг менежементийн чиглэлээр дүүргэсэн хүн. Надад УОК-ийг удирдах эрх байсан бол байдлыг ингэж даамжруулахгүй байх боломж байсан шүү. Ямар ч судалгаа шинжилгээгүйгээр бүдүүлэг арга хэмжээ авч байгаа нь анзаарагдаж байна. Хэрэв зөв байсан бол өрх бүрээс авсан шинжилгээ үр дүнгээ өгч, вакцинжуулалт нэмэгдэхийн хэрээр халдвар буурах байсан. Гэтэл эсрэгээр нэмэгдээд байна. УОК нь олигтой ажиллаж чадахгүй байгаа бол бүх эрх мэдлийг Засгийн газар, Ерөнхий сайд өөртөө авмаар байна.

Хэнтий аймгийн иргэн Х.Осормаа:

-11 цагийн мэдээ сонсоод байдаг боллоо. Гэтэл манай төр засаг эсрэгээрээ таг чиг болчихлоо. Ингэж байгаад гэнэт хөл хорино гэдэг. Өөр арга хэмжээ авч мэддэггүй бололтой. Би хүүхдүүдтэйгээ уулзалгүй хагас жил боллоо. Хот орж эмнэлэгт үзүүлэх цаг болсон. Энэ хавиараа аргалаад л байна. Вакцин эхэлсэн юм чинь дөрөвдүгээр сар гэхэд хот орох байх гэж бодож байтал энэ байдлаараа зун хүргэж мэдэх нь. Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, өөр хаана гэнэ вэ халдвар гараад байна гэж байна. Улаанбаатар халдварын голомт гэж ярьж байсан чинь улсаараа голомт болчихлоо. 3-хан сая хүнтэй улсыг чадварлаг, сэтгэлтэй, эх оронч хүн бол дор нь босгоод ирнэ. Даан ч тийм сэтгэлтэй хүн төрд алга гэж насныхаа бөгсөнд харамсаад сууж байна.

Баянзүрх дүүргийн иргэн О.Лувсандаш:

-Би оюутан. Энэ хавар төгсөнө. Ямар ч байсан төгсөх байх. Төгсөөд ажилд орно гэдэг асуудал болоод байна. Вакцинд хамрагдахгүй бол ажилд авахгүй ч байж мэдэхээр байна. Залуусаа хэзээ вакцинд хамруулах нь тодорхойгүй. Өнөөдөр 285 гарлаа гэж сонсоод айдастай байна. Дарга нар нь аль эрт вакцинаа хийлгэчихсэн болохоор айдаггүй байх. Гэтэл жирийн бидэн шиг ард иргэд, залуус эрсдэл дунд явж байна.

Баянзүрх дүүргийн иргэн Л.Насанжаргал:

-Өдөрт л 200, 300-гаар гараад байхад тоож байгаа юм алга. Дэлхийн сайн сайн вакцин оруулж ирлээ л гэж байна. Вакцин нь байна, иргэд нь удаа дараагийн хөл хориог нь тэсээд тэвчээд өнгөрлөө. Гэтэл үр дүн нь хаана байна аа гэж УОК, Шадар сайд С.Амарсайхан, бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууя. Одоо энэ улстөрчдийн дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай л яриа болж байна. Түүнээс биш “Халдвар өслөө, цаашид яах вэ. Ард иргэдээ яах вэ. Амьжиргаа нь уналаа, өр зээл нь яаж байна” гэж ярьж байгаа нь алга. Өмнөх УОК-ынхон бүгд огцорч байсан. УОК-ыг огцруулахаар бол огцруулаад дараагийн хүмүүсийг нь оруулж ир. Эсвэл С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс нь олон нийтийн өмнө гарч ирж халдварыг хяналтаасаа гаргасандаа уучлал гуйж, ард иргэд, аж ахуй нэгж рүүгээ чиглэсэн арга хэмжээ дорвитой явуул гэж шаардаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Д.Ханд:

-Мэдэх юм алга. Гадуур ажил төрлөө хийж яваа хүүхдүүддээ л санаа зовж байна. Жирийн ханиад биш, тусвал хүнд шүү гэж өрхийн эмч хэлсэн. Би нас өндөр болохоор тарихгүй гэхээр нь гомдож л байлаа. Харин биднийг хүн гэж тоож тарихаар болж байна. 285 бол айхавтар л сонсогдож байна.

www.admin.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *