Categories
мэдээ нийгэм

DNN-SPEAK OUT: “Хүн бүрийн мэдэх эрхийн хамгаалагч хөшүүрэг бол Хэвлэлийн эрх чөлөө” гэв

Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр тохиож байна. Тэгвэл, Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлчдээс тодрууллаа.


Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвег улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол өнгөрсөн онд зургаадугаарт жагсаж байсан Ирланд нь Дани, Швед, Финландыг гүйцсэнээр хоёрдугаарт бичигдсэн байна.Монгол Улс өнгөрсөн онд жагсаалтын 90 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд хоёр байраар ахиж, 88 дугаарт жагсжээ.  

“Нууц.мн” сайтын сэтгүүлч С.Будрагчаа: Эрх баригчид сэтгүүлчдийн төдийгүй иргэд, олон нийтийн амыг барих, өөрсдийг нь аялдан дагаагүй болгоныг нухчин дарахаар онцгой ихээр улайрах болсон. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах явдал цаашид энэ хэвээр үргэлжилсээр байх аваас Монгол Улс хэзээ мөдгүй дарангуйлалд орох болно.

МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Сэтгүүлч Б.Ууганбаяр: Хүн бүрийн мэдэх эрхийн хамгаалагч хөшүүрэг бол Хэвлэлийн эрх чөлөө. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд тунхаглаад өгчихсөн. Тэрхүү эрхийг хамгаалах үүргийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажиллагсад гүйцэтгэж байдаг. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад бол иргэн бүрийн мэдэх эрхийг хангуулах гэж мэдээлэл цуглуулж, мэдээллийг дамжуулж буй.

 Энэ жил Юнескогоос Хүний эрхийн ирээдүйг бүтээх нь: Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг уриан дор Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. 

Сэтгүүлч Э.Дагиймаа: Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Бүхий л улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийнхөө орны хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа вэ гэдгээ хэд хэдэн шалгуураар шалгадаг. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат байна уу үгүй юу, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө ямар хэмжээнд эдэлж байна мөн эдийн засгийн хувьд хараат бус байж чадаж байгаа юу үгүй юу гэх мэт шалгуураар хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа вэ гэдгээ шалгадаг. Хэдийн манай улсын хувьд сэтгүүлч нар цахим орчноор дамжуулан нийгэмд өрнөж буй үйл явц, болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудын талаар бичиж, дуугарч байгаа мэт харагддаг ч бодит байдал дээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна. Үүний нэгэн жишээ бол хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр манай улс жил бүр байр ухарч байгаа явдал юм. Яагаад ийм судалгаа гарч байгаа вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой. Гэтэл манай хэвлэлүүдийн ард ихэвчлэн улс төрчид, компани, нөлөө бүхий хүмүүс байдаг. Энэ нь сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *