Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black элемент агаарт хяналтгүй цацагдаж байна DNN.mn

Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч хар хөө буюу carbon black ялгардаг тухай мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Олон жилийн насжилттай автобуснуудаас эхлээд ачааны, суудлын зэрэг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг дизель хөдөлгүүртэй автомашинууд эзэлж байгаа юм. Гэтэл тэдгээрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч өөр нэгэн хорт бодис хяналтгүй, стандартгүй байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс хөдөлгүүрээс ялгарч байгаа хар хөөний хэмжээнд стандарт тогтоож, шаардлагад нийцсэн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах санаачилгыг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Механик: Шинэ, хуучин бүх автобус шүүлтүүргүй, трактор шиг л байгаа

Бид энэ талаар ярилцахаар нийтийн тээврийн нэгэн томоохон баазын механиктай ярилцсан юм.


-Автобус баазуудын дизель хөдөлгүүрээс ялгарах утаанд хэр анхаардаг юм бэ?

-Яахав, өнөөдөр баазууд парк шинэчлэл нэлээд хийж байна. Шинэ, хуучин ялгаагүй хар утаа хаядаг. 2003 оны автобуснууд 6D22 хуучны мотортой. Нэг ёсондоо энэ чинь трактор л гэсэн үг. 2010-аад оны үед автобусны яндан дээр DPF шүүлтүүр тавьж үзсэн. Энэ нь яндангаас гарч байгаа хар утааг шүүж, багасгадаг

Автобуснууд тэр төхөөрөмжийг тавьсан. Гэхдээ автобусны мотор хүчгүй болоод яндангаар утаа гарч чадахгүй болоод эхэлсэн. Утаа шүүсээр байгаад DPF шүүлтүүр бөглөрчихдөг гэсэн үг. Хүнээр бол хамар нь таг болчихоор агаар амьсгалж чаддаггүйтэй адил. Тиймээс шүүрээ аваад хаячихдаг болсон.

-Хар утаа ялгаруулах нь олон түмний эрүүл мэндэд хортой гэдгийг баазууд мэднэ биз дээ?

-Бааз битгий хэл энгийн иргэн ч мэдэж байгаа шүү дээ. АТҮТ ирээд утааг хэмжиж үздэг л юм. Багажаар хэмжихэд 60 хувиас дээш гардаг. Өөрөөр нарийн хэмждэг газар байхгүй.

-Бас газан автобусыг дизель хөдөлгүүртэй болгох ажил нэг хэсэг явсан. Энэ нь утааны ялгаралтад хэр нөлөөлсөн юм бол?

-Мэдээж муугаар нөлөөлнө шүү дээ. Газан хөдөлгүүрээрээ л явах ёстой байсан. Нэг ёсондоо эко гэсэн үг. Газ утаагүй, шахуу эвдрэл багатай. Гэвч манайд байдаг газын үйлдвэр нь байсхийгээд газ нь тасарчихдаг. Тиймээс шууд дизель хөдөлгүүртэй болгочихсон. Стандартын биш гэсэн үг. Ингэснээр нөгөө л хар утаагаа ялгаруулж эхэлсэн.

-Баазууд парк шинэчлэл хийсээр байна. Хар утаа ялгаралт багасч байгаа гэж ойлгож болох уу?

-Яалаа гэж. Ялгаагүй л гарч байгаа. Шүүлтүүр нь холбогдоогүй оруулж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө трактор л гэсэн үг. Шинэ автобус ч апартуртай энгийн дизель тэрэг л гэсэн үг.

-Манай автобуснууд олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, насжилт өндөртэй гэдэг. Тэгэхээр яаж сэлбэг хэрэгслийг нь тавьж, засч сэлбэдэг юм бэ?

-Мэдээж олон жилийн насжилттай учраас сэлбэг хэрэгсэл муу. Солонгост явж байсан автобусны мотор оруулж ирж сэлбэдэг.

Энэ тухай засварын газрын механикууд “Манайд автомашиныг стандартын дагуу засвар үйлчилгээ явуулдаг газар маш ховор. Ихэвчлэн монголчилж засдаг. Автобус ч ялгаагүй. Аль эрт үйлдвэрлэгдээд зогсчихсон автобусны сэлбэг хэрэгсэл олдохгүй. Тиймээс нэгээс нөгөөд сэлбэж, тааруулж тавиад л хөдөлгөдөг. Аль ч төрлийн авто машин, автобусанд зүрх болсон эд анги порсунк гэж бий. Түлшийг тоосруулж цацах үүрэгтэй. Порсунк ганц мм-ийн зөрүү гарахад л утаа хаялт, түлш идэлт, хүчинд нөлөөлдөг” гэсэн мэдээллийг өгч байлаа.

Доктор Д.Нарансүх: Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаа нүүрсний утаанаас дутахааргүй хортой

Тэгвэл “carbon black” гэгч ямар хор хөнөөлтэй, манайд хянадаг эсэх талаар анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.


-Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч хар хөө ялгардаг талаар та мэдээлсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ бол хот суурин газруудад байдаг асуудал л даа. Манайд л орхигдсон, хүн тоодоггүй, мэддэггүй сэдэв юм. Дизель хөдөлгүүрийн тоосонцор дотор элемент нүүрстөрөгч агуулагддаг. Дизель хөдөлгүүрийн шаталтаас ялгардаг энэ нүүрстөрөгч нь уушгины хавдар үүсгэдэг болохыг саяхан ДЭМБ-ын харьяа Хавдрын олон улсын судалгааны агентлагаас мэдээлсэн. Тиймээс хот суурин газар ашиглагдаж байгаа дизель хөдөлгүүртэй автомашины утаанд хяналт тавих ёстой болж таарч байгаа юм. Монголоор бол үүнийг хар хөө гэж нэрлэдэг. Англи нэршил нь “carbon black”. Дизель хөдөлгүүрээс хар утаа ялгарч л байгаа бол тэнд “carbon black” байгаа гэсэн үг.

Үүнийг хэзээ тогтоосон талаар жижигхэн түүх сөхөхөд 1800-гаад оны үед Англид яндан хөөлдөг хүүхдүүд гэж байсан. Тухайн үед нүүрс түлдэг зуух хөө тортог их болдог. Зуухны яндан жижиг учраас том хүн хөөлж чаддаггүй. Тиймээс хүүхдүүдэд хөлс өгч, зуухан дотор оруулж хөөлүүлдэг байсан. Тэр үеэс хүүхдүүдийн дунд хавдар бүртгэгдэж эхэлсэн байгаа юм. Судлаад үзтэл хөө тортгоос үүдсэн гэж тогтоогдсон байдаг.

-“Сarbon black”-ийг манайх хэмждэг үү. Үүнд ямар нэгэн хяналт байдаг уу?

-Хяналт тавих ёстой олон газар бий. АТҮТ автомашинд үзлэг хяналт хийхэд ямар стандарт барьдаг болох. Хар хөө буюу элемент нүүрстөрөгчийг хэмждэг үү. Оношилгооны төвүүд яндангаас гарч байгаа утаанд үүнийг шалгадаг уу. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хэмжилтийн станцууд бий. Тэд хар хөөг хэмждэг үү. Ялангуяа төв зам дагуу хэмждэг үү гээд цаашлаад насжилт өндөртэй автомашин гаалиар оруулж ирдэгт хяналт тавьдаг уу гээд тодруулах олон зүйл бий.

Хар хөө нийтийн тээврийн автобуснаас гадна ачааны төрөл бүрийн машин, уул уурхайн хүнд даацын машин, зарим жийпүүд гээд дизель хөдөлгүүр бүрт бий. Яахав, манайх хэдэн жилийн өмнө автобусны дизель хөдөлгүүрт утааны шүүлтүүр тавьж байсан. Тэр төхөөрөмж нь үнэтэй гэж шүүмжлэгдээд компаниуд суурилуулахаа больсон гэж дуулдсан.

Солонгост гудамжинд цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн дунд хавдрын гаралт нэмэгдсэн байдаг. Судлаад үзтэл тэр хүмүүс нь дизель ачааны машин дагаж хогоо цэвэрлээд явдаг юм байна. Тиймээс Солонгос дүрэм журмаа сайжруулаад асуудлыг шийдчихсэн. Манайд ч ялгаагүй. ТҮК-ийн ажилчид байна, цагдаа нар, засварын газрын ажилчид үүнд түрүүнд өртөж байгаа шүү дээ. Уурхайнуудад дизель хөдөлгүүртэй автомашин олноор ашиглаж байна. Ганц нэг томоохон уурхай л утааг нь хэмжиж стандартыг мөрдүүлж ажилладаг. Үүнээс бусад нь жишээ авах ёстой.

-Тиймээс нэн тэргүүнд хяналт стандартыг бий болгох ёстой байх нь ээ?

-Үүн дээр олон нийтийн хяналт бас их чухал байх ёстой. Цахим цагдаагийн аппликэйшн шиг мэдээлэл дамжуулах суваг байдаг бол хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар руу ч юм уу хүргүүлж, хариуцлага тооцуулдаг байх ёстой. Үнэндээ энэ юун нүүрсний утаа гэмээр л асуудал байгаа юм. Нүүрсний утаа аюултай гээд байгаа ч дизель хөдөлгүүрийн хар хөө жинхэнэ уушгины хавдар үүсгэгч. Мэргэжлийн байгууллагууд үүнийг тоодоггүй, мэддэггүй.

Тиймээс яндангаас ялгарч байгаа тоосонцор, хар утааны ялгарлын түвшинд хамгийн түрүүнд хяналт тавих ёстой. Оношилгооны төвүүд дээр яндан руу нэг төхөөрөмж хийгээд шалгаж харагддаг. Гэхдээ энэ нь хар хөөг хэмждэггүй болов уу гэв.

Нийтийн тээврийн автобуснууд хөдөлгүүр нь шүүлтүүргүй учир хорт хавдар үүсгэгч “car­bon black” хяналтгүйгээр агаарт цацагдаж байгаа гэж ойлгогдож байна. Цаашлаад ачааны төрөл бүрийн олон зуун машинууд, дизель хөдөлгүүртэй жийп гээд автобуснаас дутахгүй хорт утаа ялгаруулагч эх үүсвэрүүд Улаанбаатар хотын зам дээр 24 цагаар түгжрэн явсаар байна. Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд “carbon black”-ийг хэмждэг, түүнийг хянах тогтолцоог бий болгох шаардлагатай юм байна.

Б.ЭНХЗАЯА

One reply on “Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black элемент агаарт хяналтгүй цацагдаж байна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *