Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе

Дэрсэн шүүрээр гудамжаа шүүрдэхээ одоо больцгооё оо DNN.mn

Улаанбаатар хотын гудамжуудыг цэвэрлэх гэж багагүй ажил болдог. Бараг тэр чигээрээ гар ажиллагаатай буюу урт иштэй дэрсэн шүүрээр тохижилт үйлчилгээний ажилчид гудамж талбайг шүүрддэг. Яахав, олон хүнийг ажилтай байлгаж байгаа, тэр хэрээр амьжиргаанд нь хэрэгтэй л гэх байх. Гэтэл Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж томорч байна. Одоо уг нь алийн болгон дэрсэн шүүрээр шүүрдэх вэ. Саяхан олон нийтийн сүлжээгээр элдвээрээ хэлүүлээд байсан шороо шүүрддэг машинаас л ахиухан хэдийг оруулаад ирмээр байгаа юм. Тэгээд одоо ажиллаж байгаа ажилчдаа сургаад, ээлжээр тэр машинаараа цэвэрлэгээ хийдэг болчихвол хаа хаанаа мөн ч хэрэгцээтэй баймаар. Шүүрээр шүүрдэхийн хамгийн хэцүү нь нэгэнтээ байнга хамар ам руу орчих гээд байдаг тоосон дээр нэмээд шүүрээр боссон шороо нэрмээд үнэхээр асуудал болж байна аа. Хаана шороо шүүрдэж байна, ойр хавиар нь хүн байтугай мал явахын эцэсгүй шороо тоос бужигнана. Тэгээд бас нэг утгагүй нь шүүрдэж овоолсон шороогоо нэг газарт бөөгнүүлж байгаад өөр нэг газарт зөөж хаяна. Эсвэл ойр байх шороотой талбай руу хүрздээд хаячихаж байгаа харагддаг. Тэгж тоос шороо босгон байж шүүрдсэний ямар ч хэрэг байхгүй ээ гэсэн үг. Илт хог хаягдал ихтэй шороог бол тэгсгээд хогны машинд ачих боловч тээвэрлэх машин нь ирэх гэсээр байтал бараг тал нь буцаад салхинд хийсчих юм.

За тэгээд буцаад шүүрдэнэ, шороо босно, ам хамар руу чихнэ. Нэг иймэрхүү байхаа одоо ерөөсөө цэгцлэхгүй бол болохгүй санагдаад байна аа. Бүхэл бүтэн улсын нийслэл байж алийн болгон ингэж байхав дээ. Тэр түгжрэлд зарцуулах хэдэн зуун тэрбумаасаа тун жаахныг аваад хот тохижуулах үйлчилгээний газраа нэг сайн өөд нь татаад авмаар байна. 200 ширхэг тийм тоос сорогч машин байхад л нийслэл цэмбийгээд ирэхээр байгаа юм. Саяны цаснаар зүтгүүлээд байдаг машины мөн зориулалт нь цас цэвэрлэх биш, замын шороог соруулах үүрэгтэй эд л дээ. Уг нь гудамж талбай нь цэвэрхэн байгаад байвал аяндаа хогоо ил задгай хаяхаа болиод төлөвшөөд ирнэ. Харин хогийн саваа ахиухан болгох ажил гарах биз. Хэдий болтол, хэр удаан ирээдүйд бид дэрсэн шүүрээр шороо шүүрдэж, шороогоо агаарт бужигнуулж, тэрүүгээр нь иргэд бид амьсгалж явах вэ. Багахаан сэтгэл гаргачихад л шийдэгдэх асуудал л даа.