Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрч

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчдийн жагсаалтыг гаргалаа. Энэ удаад ХБНГУ-ын канцлер дахин нэгдүгээрт бичигдсэн байна. Германы Засгийн газрын тэргүүн арван удаа уг жагсаалтад орохдоо таван удаа тэргүүлжээ. “Forbes” сэтгүүлд бичсэнээр энэ удаад А.Меркель Украины хямралыг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Оросын Ерөн­хийлөгч В.Путинтай хэлэлцээ хийснийг онцолсон юм. Энэ нь хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчөөр тодрох шалтгаан нь болжээ.

Германы улстөрчдөөс уг жагсаал­тад нэгдүгээрт бичигдсэн хүн үгүй. Харин ХБНГУ-ын түүхэнд анх удаа­гаа канцлераар сонгогдсон эмэгтэй Ангела Меркель тэр­гүүллээ. Эмэгтэй улстөрчдөөс таван удаа уг жагсаалтыг тэргүүлсэн хүн дэлхийд байхгүй.

А.Меркель 2000 онд Христосын-Ардчилсан намын тэргүүнээр томилогдсон. 2005 онд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиар түүний удирддаг улс төрийн хүчин ялалт байгуулснаар Германд анх удаагаа эмэгтэй улстөрч Засгийн газрыг тэргүүлсэн түүхтэй. Түүгээр ч зогсохгүй тус улсын түүхэнд хамгийн залуу Засгийн газрын тэргүүн болсон.Бас нэгэн зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Анх удаагаа зүүн Германаас гаралтай улстөрч нэгдсэн Германыг удирдах болжээ. Энэ сонгуулиас хойш Христо­сын-Ардчилсан нам гурванудаа дараалан Бундестагийн сонгуулиар сонгогчдоос хам­гийн олон санал авч ялалт байгуулсан. Хамгийн сүүлийн буюу 2013 оны парламентын сонгуулиар германчууд А.Мер­келийг дэмжиж байгаагаа илэрхийлэн намынх нь төлөө саналаа өгсөн хэмээн судлаачид бичсэн байдаг.Тэрээр канцлерын албыг арав дахь жилдээ хашиж байгаа. Энэ хугацаанд олон удаа ард иргэдийн дунд санал асуулга явуулахад А.Меркелийн нэр хүндүргэлж өндөр байсан. Улс төр судлаачдын үзэж байгаагаар канцлерын улс орноо удирдаж буй арга барил, сөрөг хүчнийхэнтэйгээхэл амаа маш сайн ололцдог зэрэг нь нөлөөлсөн гэнэ. А.Меркель Засгийн газрыг тэргүүлэн ажиллах хугацаанд ХБНГУ нь Европын Холбооны улс төр, эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэх болсон. Тиймээс ч өнөөдөр Европын Холбоог Германгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Канцлерийн жинхэнэ нэрийг Ангела Доротеа Каснер гэдэг. Хамбургт төрсөн боловч зүүн Берлин хотын ойролцоо орших Темплин хэмээх жижигхэн хотод өссөн. Шашны номлогчийн охин 1977 онд Ульрих Меркель хэмээх залуутай гэрлэж нөхрөөрөө овоглосон юм. Хожим нь тэд салсан боловч Ангела овгоо өөрчлөөгүй.Лейпцигийн их сургуулийг физикч мэргэжлээр дүүргэж, хожим нь доктор хамгаалсан. Тэрээр сургуульд байхдаа л сурлагаараа тэргүүлж байсныг ангийнхан нь дурсан ярьдаг. Хоёр Герман нэгдэхийн өмнөхөн буюу 1980 оноос улстөрд орсон. Зүүн Германы “Ардчилсан дэвшил” намд гишүүнээр элссэн боловч удалгүй хоёр Герман нэгдсэн. Тэрээр 1990 онд Христосын-Ардчилсан намын гишүүн болж тэр жилээ Бундестагийн гишүүнээр сонгогдсон. Нэг жилийн дараа гэхэдЗасгийн газрын гишүүн болж, Эмэг­тэй­чүүд, залуучуудын асуу­дал хариуцсан сайдаар томи­логд­сон юм. Тухайн үед ХБНГУ-ын канцлерын албыг хашиж байсан Х.Колийн дэмжлэгтэйгээр маш богино хугацаанд ийнхүү улс төрд нөлөөтэй болсон хэмээн ярьцгаадаг. Тиймээс А.Меркелийг “Колийн охин” гэдэг байжээ.

А.Меркель Засгийн газрыг тэргүүлэн ажиллах болсноос хойш Герман, Америкийн харилцаа илүү ойр болсон. Түүний өмнө Г.Шрёдер Засгийн газрыг тэргүүлж байхад Герман, Орост хэт найр тавьж байна хэмээн А.Меркель нэг бус удаа шүүмжилж байсан. Мэдээжийн хэрэг үүнд Г.Шрёдер, В.Путин нарын хувийн харилцаа ч нөлөөлсөн. Харин А.Меркель канцлер болсноосоо хойш энэ “алдааг” залруулсан юм. Өдгөө ХБНГУ нь АНУ-ыг дэмжих бодлого явуулж байгаа бөгөөд Америкийн Европ дэх хамгийн гол түнш нь.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Украины байдал улам бүр хурцдаж, ОХУ бо­лон барууны орнуудын харилцаа илүү ээдрээтэй болсоор байгаа. Асуудлыг зохицуулахын тулд А.Меркель өнөөд­рийг хүртэл чамгүй хү­чин чармайлт гаргаж байгааг бүгд мэднэ. Энэ амаргүйүед Германы канцлер Америк, Оросыг ойлголцуулах гүүр нь болж өгсөн. Украины зүүн нутагт болсонзэвсэгт мөргөлдөөнийг даруйхан зогсоох зорилгоор канцлерын санаачилгаар өнгөрсөн хоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Минск хотноо Герман, Франц, Орос, Украины дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан юм. Украиныг хямралыг зохи­цуулах зорилгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд А.Мер­кель Ерөнхийлөгч П.Порошенкотой зөвхөн утсаар гэхэд 70 удаа ярьсан байна.

Өнгөрсөн тавдугаар са­рын есны өдөр Москва хот­ноо Ялалтын баярын 70 жи­лийн ойг тэмдэглэсэн билээ. Оросын эрх баригчид олон орны төр засгийн тэргүүнүүдийг баярын арга хэмжээнд оролцохыг урьсан. Гэвч дийлэнх нь очоогүй. Харин ХБНГУ-ын канцлер А.Меркель тавдугаар сарын 9-нд бус 10-ны өдөр Москвад очсон. Өөрөөр хэлбэл баярын гол арга хэмжээ болсны маргааш нь гэсэн үг. Оргүйгээс охинтой нь гэдэг шиг оросууд канцлерын айлчлалын талаар “огт ирээ­гүйгээс л дээр” хэмээн бичсэн. Канцлер Москвад байх­даа мөн л Украины хямралын асуудлаар Оросын Ерөнхий­лөгч­­тэй хэлэлцээ хийсэн юм. А.Меркель, В.Путин хоёр Кремльд уулзахдаа орчуулагчгүйгээр ихэд нухацтай ярьж байсан тухай “Der Spiegel” сэтгүүлд тухайн үед бичсэн байдаг.

Германы төрийн хариуцла­гатай албан тушаалтнуудын утсыг Америкийн тусгай албаныхан чагнасан, Украины хямрал, эдийн засгийн хямрал гээд А.Меркель Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа олон амаргүй асуудлуудтай тулгарсан. Профессор, химич И.Зауэрийн гэргий, канцлер А.Меркель энэ бүхнийг шийдэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласаар байгаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *